Зочин | 11 мин уншина

Э.Энхгэрэл: Усны Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хот ойрын 30 жилдээ усны хомсдолоос айх аюулгүй болно

Э.Энхгэрэл: Усны Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хот ойрын 30 жилдээ усны хомсдолоос айх аюулгүй болно
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 13
Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэлтэй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлж буй Усны Компакт буюу “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн талаар ярилцлаа. АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газрын хамтран санхүүжүүлж буй Компакт гэрээ нь 2026 он хүртэл хэрэгжих бөгөөд амжилттай хэрэгжсэнээр ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын иргэд, үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр усаар тогтвортой хангах нөхцөл бүрдэх юм.
-Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах нь тогтвортой хөгжлийн гол зорилгуудын нэг. Саяхан НҮБ-аас Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд дэлхийн эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг харуулсан “Манлайллын 17 төрх” цуврал үзэсгэлэнд таныг онцолсон нь учиртай гэж бодож байна. Таны удирдаж байгаа Усны Компакт саяхныг хүртэл Улаанбаатар хотын оршин суугчдын санааг зовоож байсан усны хомсдолд орох эрсдэлийг ямар түвшинд шийдэж байгаа вэ?
-Юун түрүүнд, яагаад усны салбарт хөтөлбөр хэрэгжүүлэх болсон бэ гэдгийг ярих нь зөв байх. АНУ-ын Мянганы сорилтын корпорац буцалтгүй тусламж олгох, төсөл хэрэгжүүлэх өөрийн гэсэн өвөрмөц загвар, арга барилтай. Ингэхдээ тухайн улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийг эхлээд нарийвчлан судалж, судалгааны үр дүн, тоо баримтад үндэслэн төсөл, хөтөлбөрийг ямар салбарт, хэр хэмжээний санхүүжилтээр хэрэгжүүлэхийг шийдвэрлэдэг. Хөтөлбөр хэрэгжих хугацаа хатуу хязгаартай. Илүү ч үгүй, дутуу ч үгүй таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлж дуусах ёстой байдаг. Яг энэ журмаар, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч гол хүчин зүйлсийг нарийвчлан судлахад ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний хүртээмжийн асуудлууд гарч ирсэн. Үүний дараа Мянганы сорилтын корпорацаас дотоодын болон олон улсын мэргэжлийн байгууллага, эрдэмтэн мэргэжилтнүүдийн судалгаанд үндэслэн, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, хүн амын өсөлтийн чиг хандлага зэргийг харгалзан усны эрэлтийн судалгаа хийхэд 2020-иод оны дунд үеэс Улаанбаатар хотын усны эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ тэнцэж, ойрын ирээдүйд ус хангамжийн хомсдолд орох эрсдэлтэй гэж гарсан. Энэ эрсдэлээс сэргийлэх зорилгоор талууд ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Усны Компактын хүрээнд үндсэн гурван төсөл хэрэгжүүлж байгаагийн хоёр нь хатуу дэд бүтцийн, гурав дахь нь бодлого зохицуулалтын шинжтэй. Эхнийх нь ус хангамжийн шинэ эх үүсвэр бий болгоход чиглэсэн. Улаанбаатарын оршин суугчдын унд, ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилгоор ашиглах усны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулаад, ДЦС-уудад ашиглах замаар газрын доорх усны эрэлтийг бууруулах төсөл хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, усны хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгодоо хүрээд зогсохгүй усны эрэлт, нийлүүлэлтийн зохистой менежментийг хэрэгжүүлэх суурь тавигдаж байна гэхэд болно.
-Дэд бүтцийн хоёр том төсөл хэрэгжүүлж байгаа талаар та дурдлаа. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэрийг байгуулж, дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлж байна. Өнөөдөр нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн системд нийт долоон эх үүсвэрээс жилд 55 сая орчим метр куб ус нийлүүлдэг. Манай нэгдүгээр төсөл буюу Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд одоогийн эх үүсвэрүүд дээр нэмээд жилд 50 сая метр куб ус нийлүүлэх хүчин чадалтай найм дахь эх үүсвэрийг Ус гүн цэвэршүүлэх байгууламжийн хамт ашиглалтад оруулах гэж байна.
Ус хангамжийн төвлөрсөн системд нийлүүлж буй уснаас гадна ДЦС-ууд эрчим хүч үйлдвэрлэхдээ жилд 22-23 сая метр куб орчим газрын доорх ус ашигладаг. Үүний 85 орчим хувь буюу жилд 18 сая метр куб хүртэлх усыг дахин боловсруулсан усаар орлуулах Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг бид хоёр дахь төслөөрөө байгуулж байна. Ингэснээр газрын доорх цэнгэг усаа хэмнэн ирээдүй хойч үедээ үлдээх боломж бүрдэж байна гэсэн үг. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг дагалдах шугам хоолой, дэд бүтцийг мөн барьж байгуулж байгаа.
-Шинэ дэд бүтэц бий болж байгаа нь том дэвшил. Хамгийн гол нь урт хугацаанд үр ашигтай ажиллуулах асуудал дутуугүй чухал. Усны Компактын хүрээнд энэ асуудлыг хэрхэн авч үзэж байгаа вэ? 
-Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн нэг онцлог нь зөвхөн хатуу дэд бүтэц, барилга байгууламж бариад орхих биш, тухайн дэд бүтэц урт хугацаанд үр өгөөжөө өгч, тогтвортой үйл ажиллагаа явуулах чадавх, нөхцөл бүрдсэн байхад мөн анхаарал хандуулдаг. Манай гурав дахь төсөл буюу Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл чухам энэ чиглэлд, тодруулбал Компактын хөрөнгө оруулалтаар бий болох үр өгөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн олон ажил хэрэгжүүлж байна. Жишээ нь, аль ч салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд эн тэргүүнд хүний нөөцийн чадавх, санхүүгийн эрүүл тогтолцоо бүрдсэн байх нь чухал. Компакт гэрээгээр бий болж байгаа дэвшилтэт технологи бүхий үйлдвэр, байгууламжийн тогтвортой, найдвартай ажиллагааг хариуцах ашиглагч байгууллага нь нийслэлийн Ус сувгийн удирдах газар буюу УСУГ. Ийм ч учир УСУГ-ын үйл ажиллагааг үнэлэн, цаашид сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тогтоосон. Улмаар Нидерландын ус ашиглалтын мэргэжлийн байгууллагуудтай түншлэлийн хөтөлбөр  хэрэгжүүлж,  УСУГ-ын инженер, техникийн ажилтнууд газар дээр нь сэдэвчилсэн сургалтад хамрагдах, туршлага судлах боломжийг олгохын зэрэгцээ олон улсын экспертүүд УСУГ-т ажиллаж, сургалтын үр дүнг бодитоор хэрэгжүүлж, нутагшуулж байна.
Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд мөн УСУГ хэрхэн үйл ажиллагааны орлогоосоо зардлаа нөхдөг болох, зардлаа нөхөхийн тулд үнэ тарифын ямар бодлого баримтлах, цаашилбал үнэ тариф нь эргээд нийгмийн эмзэг бүлэгт сөргөөр нөлөөлдөггүй байх ямар бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг асуудлыг цогцоор нь судалж байна. Өөрөөр хэлбэл, хавтгайрсан хөндлөн татаас бус үнэхээр анхаарах шаардлагатай, зорилтот бүлгээ оновчтой тодорхойлж, тэдэндээ чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж байгаа юм. Мөн түүнчлэн, нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 180 ус түгээх байр буюу худгийг долоо хоног, 24 цагийн ажиллагаатай болгон автоматжуулах төсөл хэрэгжүүлж байна. Ингэснээр зардал буураад зогсохгүй, иргэдэд хүрэх үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах давуу талтай.
Дэлхийн түвшний технологи Монгол Улсад анх удаагаа өргөн цар хүрээтэйгээр нэвтэрч, нутагшиж байна
undefined
Зургийн тайлбар: Урд талаас хоёр дахь нь Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл,“Манлайллын 17 төрх” үзэсгэлэнгээс ашиглав.
-Биокомбинат, Шувуун фабрик орчимд ус хангамжийн шинэ эх үүсвэрийг байгуулж байгаа. Ойр орчимд нь үйлдвэрүүд олон. Зарим уншигч яагаад заавал энэ газрыг сонгон ундны усны үүсвэрийг гаргах болсныг сонирхож магадгүй юм?
-Усны хомсдолоос сэргийлж, ус хангамжийг нэмэгдүүлэхийн тулд одоо байгаа эх үүсвэрүүдийг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэр байгуулах зэрэг олон хувилбар, технологийг тухайн үед хоёр талын эрдэмтэн судлаачид авч үзсэн. Тэдгээр хувилбарыг Мянганы сорилтын корпорац өөрийн хөрөнгө оруулалтын шаардлага, шалгуур болон олон улсын бусад шалгуур, хэм хэмжээний дагуу судлан үзэж, холбогдох дүгнэлт мэдээллийг Монголын талтай хуваалцсан.
Хуучин ЗХУ-ын үед Улаанбаатар хотын усны нөөцийг судалж үзэхэд Шувуун фабрик орчимд унд ахуй болон аж үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой газрын доорх усны арвин нөөц тогтоогдсон байдаг. Мөн Биокомбинат орчимд Туул голын газрын доорх усны аллювийн уст давхарга зарим газруудаар нарийсаж, тэр хэмжээгээрээ гадаргын ус хашигдан, газрын гүн дэх уст давхаргаа тэжээх харилцан хамаарал илүү ажиглагддаг учир Биокомбинат, Шувуун фабрик орчимд ус хангамжийн эх үүсвэр байгуулахад тохиромжтой гэх дүгнэлт бас бий.  Компакт гэрээ боловсруулах шатанд талууд хамтран энэ орчмын газрын доорх усны ордын чанар, хүчин чадал гээд бүх талаас нь нарийвчлан судалсны үндсэн дээр энэ баялаг эх үүсвэрийг нийслэлийн хүн амын хэрэглээ, эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглан эргэлтэд оруулах, ингэхдээ таны дурдсан үйлдвэржилтээс үүдэлтэй бохирдол газрын доорх усны чанарт нөлөөлөх эрсдэлээс сэргийлэх үүднээс олборлосон түүхий усыг урвуу осмосын технологи ашиглан гүн цэвэршүүлэх байгууламжийг мөн байгуулахаар шийдвэрлэсэн. Урвуу осмосын технологи нь одоогоор дэлхийд ус цэвэршүүлэхэд ашиглаж буй хамгийн өндөр түвшний технологи. Усны нөөцөөр хомс Израил, Сингапур зэрэг улс манайх шиг газрын доорх цэвэр усаа биш, ашиглаад хаяж буй хаягдал усаа энэ аргаар боловсруулж, унд, ахуйн хэрэглээндээ дахин ашиглах жишиг нэвтрүүлээд удаж байна. Дэлхийн түвшний энэ технологи Монгол Улсад анх удаагаа өргөн цар хүрээтэйгээр нэвтэрч, нутагшиж байна гэсэн үг.
-Манайхан саарал усаа хэрэглэе гэж их ярих болсон. Гэхдээ саарал усны талаар ташаа ойлголттой хүмүүс цөөнгүй. Та бүхний хэрэгжүүлж буй нэг төслөөр хаягдал усыг дахин боловсруулж, ДЦС-III, ДЦС-IV рүү нийлүүлнэ гэсэн нь сонирхол татаж байна. Энэ төслийн талаар илүү ойлгомжтойгоор тайлбарлаж өгнө үү?
-Хаягдал ус дахин ашиглахтай холбоотой зарим ташаа ойлголт олон нийтийн дунд байх шиг санагддаг. Саарал ус гэж ерөнхийдөө ахуйн хэрэглээ, угаалга цэвэрлэгээнээс гарч байгаа хаягдал усыг хэлдэг. Манай төслийн хувьд одоо баригдаж байгаа шинэ Төв цэвэрлэх байгууламжаас стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэн гаргах уснаас тодорхой хэмжээтэйг авч, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэртээ боловсруулаад, эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх юм. Эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах усны тодорхой стандарт гэж бий. Тиймээс ДЦС-уудын үнс зайлуулах, цамхгийн хөргөлт зэрэг техникийн үйл ажиллагаанд хэрэглэхэд тохиромжтой стандартын шаардлагыг үзүүлэлт болгоноор нь хангасан ус манай Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс гарна. Дахин боловсруулсан усыг ингэж ДЦС-уудын хэрэглээнд нэвтрүүлснээр бид одоо станцуудын нэг жилд ашиглаж буй 18 сая метр куб хүртэлх хэмжээтэй гүний цэнгэг усыг ирээдүй хойчдоо хадгалж үлдээнэ гэсэн үг. Энэ хэр их хэмжээ вэ гэдэг хүмүүсийн ой тойнд буухгүй байж магад. Тэгвэл 18 тэрбум литр ус, эсвэл 36 тэрбум ширхэг 500 мл савлагаатай ус гээд төсөөлчихөд болно. 
-Арьс шир, мах, сүүний болон бусад үйлдвэрүүдээс гарч байгаа хаягдал усыг танай энэ үйлдвэрт бас цэвэрлэх үү?
-Үйлдвэрүүдээс гаргаж байгаа усыг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр шууд цэвэрлэхгүй. Гэхдээ үйлдвэрийн хаягдал усны асуудал манай төсөлтэй нарийн холбоотой. Яагаад гэвэл, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах усыг авч ашиглах учраас эргээд Төв цэвэрлэх байгууламж руу орж байгаа, гарч байгаа ус аль аль нь стандартын шаардлага хангасан байх ёстой юм. Манай улсын хувьд эдийн засгийн үйл ажиллагаа нийслэлд төвлөрсөн, аж үйлдвэржилт эрчимтэй тэлж байгаатай холбоотойгоор одоогийн Төв цэвэрлэх байгууламжийн хүлээж авдаг усан дахь аж үйлдвэрийн бохирдол стандартын шаардлагаас ихээхэн давсан байдаг. Тиймээс үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бохир усаа ариутгах татуургын системд хаяхаасаа өмнө урьдчилан цэвэрлэдэг байх ёстой гэсэн шийдэл дээр талууд санал нийлсэн. Энэ чиглэлээр  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудад Компакт гэрээний хүрээнд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөө”-ний хүрээнд нийт 60 ажлыг ажлын хэсэг байгуулан хэрэгжүүлж байгаагаас 1/5-ийг Монголын Мянганы сорилтын сангаас санхүүжүүлж хамтран ажиллаж байна. Зөвхөн нэг ажлыг нь энд онцлоход, Монгол Улсын Усны мэдээллийн нэгдсэн сан ewater.mn цахим системийг хөгжүүлж, өнгөрсөн гуравдугаар сард ашиглалтад оруулсан. Энэ цахим систем юун түрүүнд ус ашиглагч үйлдвэр, аж ахуйн газрууд Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хүрээнд төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлж байгаа. Цаашлаад Монгол Улсын усны нөөц, ус ашиглалттай холбоотой бүх мэдээллийг нэг систем дээр нэгтгэж, усны нөөцөө хариуцлагатай, үр ашигтайгаар удирдах чухал суурийг тавьж өгч байгаа юм.   
-Компактын хүрээнд нэлээд олон асуудлыг цогцоор нь авч үзэж шийдвэрлэхээр зорьж байгаа юм байна. Цаашид ус хангамж, усны үйлчилгээний салбарт анхаарах, тулгамдаж байгаа гол асуудлууд юу байна вэ?
-Улаанбаатар хотыг анх ямар хүчин чадалтай, хэчнээн хүн амтай байхаар төлөвлөсөн, одоо бодит байдал ямар байгааг бүгд мэдэж байгаа. Эрчим хүчний асуудал, замын түгжрэл гээд нүдэнд ил харагдах асуудлуудад иргэд, олон нийт байр сууриа тод томруунаар илэрхийлж, төр засаг ч шийдэхийн тулд хичээн ажиллаж байгаа нь харагддаг. Харин тэр бүр ил харагддаггүй инженерийн байгууламж, шугам сүлжээний насжилт, хүчин чадлын хүрэлцээ зэрэг ус хангамжийн салбарт тулгамдаж байгаа асуудал төдийлөн анзаарагддаггүй. Компактын хүрээнд энэ асуудлыг нарийвчлан судалсны үндсэнд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, манай улсын эдийн засаг, нийгмийн төв болсон Улаанбаатар хот цаашдаа ус хангамжийн асуудалд санаа зоволгүйгээр дараа дараагийнхаа төвлөрлийн бүс, дагалдах дэд бүтцийг төлөвлөөд, хөгжлийн чиг хандлага, бодлого төлөвлөлтдөө нийцүүлэн усны нөөцөө зохицуулаад явах боломжийг бүрдүүлж байна. 
Цаашдаа усны салбарт зайлгүй шийдэх ёстой асуудал бол хүний нөөц. Төр засгийн зүгээс улс орны хөгжил дэвшил, аюулгүй байдал, цаашилбал оршин тогтнохуйн нэг үндэс болсон энэ чухал салбарын мэргэшсэн хүний нөөцийн асуудлаар урт хугацааны төлөвлөгөө боловсруулаад, тодорхой бодлогоор дэмжиж, чадвартай, мэргэшсэн боловсон хүчээ салбарт нь тогтоон ажиллуулах, шинээр хүний нөөц тогтмол бэлдэн гаргахад анхаарах нь зүйтэй юм болов уу гэж хардаг. Мөн санхүүгийн тогтвортой байдал чухал. Цаашдаа эрүүл ахуйн шаардлага хангасан усыг хэрэглэгчдэд тогтвортой, хүртээмжтэй, тасралтгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ус хангамжийн салбарын санхүүгийн тогтолцоо эрүүл байх шаардлагатай.
-Усны Компакт, Компакт гэж гэрээ яриад байна. Яагаад ер нь Компакт гэж нэрлэдэг юм бэ?
-АНУ-ын Мянганы сорилтын корпорац зарим талаар хувийн хэвшилд илүү түгээмэл ажиглагддаг үр дүнг чухалчилсан, уян хатан арга барилаар асуудлыг богино хугацаанд, цогцоор нь шийдвэрлэхийг эрмэлздэг. Компакт гэрээ гэж тодотгон нэрлэж байгаа нь ч үүнтэй холбоотой. Ингэхдээ манай усны хөтөлбөртэй ижил дэд бүтцийн мега төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчин, нийгэм, хүйсийн тэгш эрх зэрэг болзошгүй нөлөөллийг ч орхигдуулалгүйгээр олон улсын сайн туршлага, хэм хэмжээг баримтлан хэрэгжүүлдэг. Зөвхөн манай Монголын Мянганы сорилтын сан биш, төслийн хэрэгжилтэд гар бие оролцож байгаа гадаад, дотоодын бүх үндсэн болон туслан гүйцэтгэгчид мөн энэ бүх хэм хэмжээ, сайн жишгийг баримталж ажиллах ёстой. Эдгээр шаардлагыг худалдан авалтын шатнаасаа эхлээд бүх баримт бичиг, гэрээндээ тусган албажуулж, хатуу хяналт тавьж явдаг.
Компакт гэх нэршилтэй холбоотой бас нэг зарчим бол эзэн улсын зарчим. Буцалтгүй тусламж хүлээж авч байгаа улс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртөө эзний хувиар оролцож, хандах гэсэн зарчмыг Мянганы сорилтын корпорац баримталдаг. Ийм ч учир манай Засгийн газар Компакт гэрээ боловсруулах үеэс буюу аль салбарт, ямар төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргахаас эхлээд төслүүдийг дуусгаж, хаах, улмаар цаашид энэ том бүтээн байгуулалтын үр шимийг нийт Монголчууд, Улаанбаатарчууд, бидний үр хойч урт хугацаанд хүртэж байхын төлөө бүх шатанд өндөр оролцоотой, хариуцлагатай хандан ажиллаж байна.
Эцэст нь, энэ том цогц хөтөлбөрийг дээрх бүх шалгуур, шаардлага, олон улсын стандартын дагуу, шахуу хугацаанд багтаан амжилттай хэрэгжүүлэх гол хүч болсон чадварлаг залуу инженер, мэргэжилтнүүд, баг хамт олныхоо хувь нэмрийг дурдахгүй өнгөрч болохгүй. Ямар ч мега төслийг цаг хугацаа, төсөвт нь багтаан олон улсын хэм хэмжээгээр хэрэгжүүлж чадах үндэсний чадавх энд бүрдсэн гэдгийг бахархалтайгаар хэлмээр байна. Энэ бол Компакт гэрээний хэрэгжилтийн үр дүнд үлдэж буй бас нэгэн бодит өв юм.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн