2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдад танхимын сайд нараа томилж, чөлөөлж, огцруулах эрхийг өгч, сайд нар УИХ-д тангараг өргөдөг болсон билээ.
Сайд нар “Улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна” гэдгээ тангарагладаг. Гэвч бодит байдал дээр энэ тангаргийг уншсан сайд нарын ихэнх нь ашиг сонирхлын зөрчилтэй. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Хамтарсан Засгийн газрын 22 сайдаас ашиг сонирхлын зөрчилгүй хүн хайвал тун ховор. Манай редакц Хамтарсан Засгийн газрын ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа Төрийн худалдан авалт, өрсөлдөөний асуудал эрхэлсэн Шадар сайд Т.Доржханд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын ашиг сонирхол зөрчилтэй мэдээллийг хүргэж байна. Т.Доржханд сайд ББСБ, даатгал, эм, барьцаалан зээлдүүлэх төв, авто машины бизнестэй
2021 онд УИХ дээр Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг хэлэлцэж байхад Т.Доржханд гишүүнийг илтэд ашиг сонирхлын зөрчилтэй учраас санал гаргах, цаашлаад уг асуудлаар үг хэлүүлэхгүй байх ёстой гэж зарим гишүүн мэдэгдэж байв. Өөрөөр хэлвэл, хамаарал бүхий этгээд буюу эхнэр нь даатгалын компанитай учраас ашиг сонирхлын зөрчилтэй, нэг талыг барьсан лобби явах магадлалтай гэж хэсэг шуугиад намжсан. Тэгвэл Засгийн газрын сайд, төрийн худалдан авалтыг хариуцаж, улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн үүрэгтэй болсон Т.Доржхандын ашиг сонирхлын зөрчлийг хэн хянах вэ гэдэг асуулт гарч байна. Т.Доржханд сайдын ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа компаниудынх нь мэдээллийг танилцуулъя.
Т.Доржханд сайд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй доорх зургаан компанид хувь эзэмшилтэй гэж мэдүүлжээ. Доор компаниудын эцсийн өмчлөгчөөр түүний эхнэр У.Сийлэн бүртгэлтэй байдаг аж.
1.Монре Даатгал ХХК. Т.Доржханд сайд тус компанид 90 хувь эзэмшдэг бөгөөд эцсийн өмчлөгч нь түүний эхнэр У.Сийлэн юм. Даатгалын чиглэлээр 18 жил үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нээлттэй мэдээллээс харахад, Монре даатгал төрийн худалдан авалтын 34 удаагийн тендерт оролцож, дөрөвт нь шалгарч байжээ. Хамгийн сүүлд 2020 онд хоёр тендерт шалгарсан байна.
2.Монре импекс ХХК. Тус компанид Т.Доржханд гишүүн 30 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ. Үйлчилгээ, гадаад худалдаа, цэцэрлэг, ажлын байрны түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Сүүлд 2022 онд Эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байна. Тус компани мөн тендерт 12 удаа оролцож байсан түүхтэй, нэг удаа шалгаж байсан байна. Тус компанийг У.Сийлэн, Р.Туяацэцэг нар хамтран эзэмшдэг бөгөөд эцсийн өмчлөгч нь Р.Туяацэцэг.
3. Зээл Эм Эн ХХК. Тус компанийн 60 хувийг эзэмшдэг гэж мэдүүлсэн. Тус компани нь онлайн зээлийн үйлчилгээ явуулдаг бөгөөд Т.Доржандын эхнэр У.Сийлэн, төрсөн ах Т.Лувсандорж нарын таван хүн хувь эзэмшилтэй. Эцсийн эзэмшигч нь У.Сийлэн аж.
4.Авто Хаб ХХК: Тус компанийг 100 хувь эзэмшдэг бөгөөд эхнэр У.Сийлэнгийн нэр дээр бүртгэлтэй аж. Гол үйл ажиллагаа нь автомашины сэлбэг, засвар үйлчилгээ.
5.Стандарт Инвестмэнт ҮЦК. Тус компанид 50 хувь эзэмшдэг бөгөөд эхнэр У.Сийлэнгийн нэр дээр бүртгэлтэй. Андеррайтер, мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номинал данс эзэмших үйл ажиллагаа эрхэлдэг.
6.Монре файнаншиал ХХК. Тус компанийг 100 хувь эзэмшдэг бөгөөд эцсийн өмчлөгч нь түүний эхнэр У.Сийлэн юм. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг байна.
Дээрх бол Т.Доржханд сайдын зөвхөн эхнэрийнх нь нэр дээр байдаг шууд хамааралтай компаниуд юм. Харин түүний төрсөн ах эгч, тэдний үр хүүхдийн нэр дээр ойролцоогоор 30 гаруй компанийн мэдээлэл бий.
Хувьдаа ордтой, төмөр замтай, вагонтой сайд зам тээврийн бодлого тодорхойлно
Б.Дэлгэрсайхан сайд бол энэ хамтарсан Засгийн илтэд ашиг сонирхлын зөрчилтэй сайд мөнөөс мөн. Анх гишүүн болоход нь "бизнесээ хамгаалах гэж төрд орж ирлээ" гэж намынхан нь ил, далд ярьдаг байсан бол одоо бүр бизнес эрхэлдэг салбарынхаа сайд боллоо. Сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдахад С.Бямбацогт Зам тээврийн сайдаа үргэлжлүүлэх сонирхолтой байсан ч Б.Дэлгэрсайханыг бараагүй сураг гарсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хувийн мөнгөөрөө төмөр зам барьсан гээд Б.Дэлгэрсайханд сайдын суудал бэлэглэв үү гэлтэй.
Б.Дэлгэрсайхан сайд ХОМ-тээ Монтай-Эрдэнэ ХХК-аас өөр компанид хувь эзэмшдэггүй гэж мэдүүлжээ. Харин анх гишүүн болж байхдаа Дорнын говь ХХК, Монголиан Транс Ложистик ХХК, Монтай Эрдэнэ ХХК, Дорнын говь Шанд Анд ХХК, Болдтөмөр Ерөө гол ХХК, Их говийн Шанд ХХК, Их Дэлгэрэх хэт ХХК, Ди Эс Эн Кей ХХК, Монтаймайнз ХХК, Миллениум Саксэс ХХК, Дорнын төмөр зам ХХК, Эйфел Вью Юниверсал Холдингс ХХК-д хувь эзэмшилтэй байжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд дээрх компанийн хувь эзэмшлээс өөрийн нэрээ хасуулсан гэсэн үг. Гэхдээ нэрээ хасуулаад ашиг сонирхлын зөрчилгүй болно гэсэн үг биш юм.
Ганц жишээ дурдахад, Б.Дэлгэрсайхан сайдын ах Б.Ганхуягийн хүү Г.Гантулга нь Монголиан транс лайн компанийн эцсийн өмчлөгч юм. Тус компани 2022-2023 онд Ханги-Мандалын чиглэлийн 226 км төмөр замыг өөрийнхөө хөрөнгөөр барьсан. Одоо Б.Дэлгэрсайхан салбарын сайдын хувьд эл чиглэлийн төмөр замыг Хятадын Мандал боомтой холбох асуудлыг хоёр улсын Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө хамаарал бүхий компанийн барьсан төмөр замыг Хятадын төмөр замтай холбох гол ажлыг гардан хийнэ гэсэн үг. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг илт зөрчиж буй үйлдэл юм.
Мөн Б.Дэлгэрсайхан сайд хувьдаа хамгийн олон вагонтой гишүүн гэдгээ өөрөө ч зарладаг. Тэрээр хэлэхдээ “УБТЗ вагонгүй байхад би 3000 вагон оруулж ирж эдийн засагтаа том хувь нэмэр болсон. Би хувийнхаа ачааг энэ вагоноор зөөдөггүй шүү” гэж ярьж байсан. Одоо тэрээр 3000 гаруй вагонтой, компанидаа тарифын хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргадаг Зам тээврийн салбарын сайд боллоо.
Түүнчлэн Б.Дэлгэрсайхан сайдыг Болдтөмөр Ерөө гол ХХК-ийг удирдаж, төмрийн хүдрийн ордтой гэдгийг Монгол даяараа мэднэ. Өөрийнхөө тавьсан төмөр замаар төмрийн хүдэр, Эрдэнэтийн зэсийг зөөдөг.
Түүний хамаарал бүхий Монголиан транс лайн, Монголиан транс ложистик ХХК Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох салбар төмөр замын арчлалт, хамгаалалтыг мөн хийж байсан. Ингэхдээ 2020-2022 онд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс авч байсан байна.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы шууд хамааралтай компаниудын үйл ажиллагааны чиглэл нь өөрөө илтэд ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгааг харж болно.