Open iToim app
Спорт | 9 мин уншина

Д.Төрболд: Наадмаар багш маань надад зориулаад начны тэмдэг хийгээд ирсэн байсан

Д.Төрболд: Наадмаар багш маань надад зориулаад начны тэмдэг хийгээд ирсэн байсан
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 10
Монгол Улсын отгон начингуудын нэг Д.Төрболдтой ярилцлаа. Тэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас төрсөн анхны улсын начин юм. Төрийн их баяр наадмаар торгон зодгийн ногоон дэвжээнд жил бүр хүчтэнүүд ур ухаан, хүч, мэхээ уралдуулан улсын цолтнуудын эгнээнд нэгдэхээр зорьдог билээ.
-Энэ жилийн наадмаар улсын начин боллоо. Тавын даваа хүнд байсан уу, өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Энэ жилийн наадам бэлтгэл сургуулилт сайтай байлаа. Ямар ч байсан улсын цол авна гэсэн зорьсон зорилгодоо хүрсэн, сайхан жил байна. Д.Анар заанд аймгийн арслан байхад нь, улсын харцага байхад нь гээд хоёр удаа унаж байсан. Тэгээд гурав дахь барилдаан нь энэ жилийн улсын наадмаар амлуулсан. Манай багш бүх тал дээр л зөвлөсөн. Мөн Б.Одгэрэл харцага, Б.Орхонбаяр дүү, багш гээд бүгд нэг доор сууж байсан болохоор үнэтэй зөвлөгөө өгөөд л гаргасан тул сандрал харьцангуй гайгүй байсан. Энэ жилийн дэвжээ халтиргаатай байсан болохоор тэрнээс жаахан бэргээтэй л байлаа. Яг гүйцэт зорьсондоо хүрээд шууд юм хийх гэхээр халтирч доор нь орчих гээд зарим мэхний хувилбаруудаа хийж чадаагүй.
-Багш нь юу гэж захисан бэ?
-Д.Анар зааны барилдааны онцлог талд нь илүү зөвлөсөн. Хайрцагт орохгүй яваад барилдаарай гэсэн.
-Тав давж, есөн хөлтэй тугаа тойрч байхад таны нэрийн өмнө аавын тань нэр, нутаг усных нь нэр дуудагдаж байгаа шүү дээ. Тэр бас их гоё мэдрэмж байх?
-Тэгэлгүй яах вэ. Тав давчхаад, баярлаад гараа атгаад, орилж гүйгээд, дунд нь тасалдсан. Тайлбарлагч загнаад л сэргэсэн.
-Улсын начин цолны болзол хангасны дараа багш нь хэрхэн хүлээн авсан бэ?
-Тав давчхаад,  баярлаад “Багшаа чадчихлаа” гээд очсон. Тэгсэн багш амьсгаагаа дараад, суу гээд төвлөрөхөд тусалсан. Ер нь төвлөрөхөд их нөлөөлсөн.
-Ер нь бол таныг илүү дээшээ барилдана гэж харж байсан юм байна даа?
-Манай багш энэ жилийн наадмаар надад зориулаад улсын начны тэмдэг хийгээд ирсэн байсан. Багш өөрөө авсан байсан юм уу, мэдэхгүй. Тэгээд энэ жил цол авчихаар байна. Гайгүй байна. Чи өөртөө гоё итгэлтэй, сайн үзээдэх гэсэн. Биднийг төрийн наадамд гарахад хажууд л заавар, зөвлөгөө өгөөд зогссон. Тухайн үед нь сайн ойлгоод сонсчихоор гараад барилдахад дөхөм байдаг юм билээ.
-Зургаагийн даваанд аваргатай таарсан. Тэр барилдаандаа харамссан уу?
-Энэ цагийн үеийн ид барилдаж байгаа аваргатай сайхан барилдаад унасан. Түүнд ёстой харамсах юм байхгүй.
-Улсын цолтон болох юм сан гэсэн хүлээлт, хүсэл, эрмэлзэл хэр их байв?
-Барилдаж байгаа хүн болгон улсын цол авч, энэ сайхан том гэр бүлд орохын төлөө бэлтгэл сургуулилт хийдэг байх гэж боддог. Би 2013 онд сумынхаа түүхэн дэх анхны аймгийн начин болсон. Тэр утгаараа сумаа манлайлаад явж байгаа бөхийн хувьд сумаа улсын цолтонтой болгочихъё гэсэн зорилготой байлаа. Сумынхаа 52 жилийн түүхэн дэх анхны улсын начин болж, зорилгоо биелүүллээ. Одоо Сэлэнгэ аймгийн одоо барилдаж байгаа залууст өөрөөрөө үлгэр дуурайлал болох, дараагийн үеийн дүү нартаа урам, дэм болох зорилготой болсон.
-Сумынхан нь хэр хүлээж авсан бэ. Сумынхан нь хүлээлт өндөртэй байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Манай сумынхан анхных гэдэг утгаараа маш гоё хүлээж авсан. Манай сумын хөгшчүүд бүгдээрээ ярьдаг. Бөх гарахаар бүгд үздэг. Чамайг уначихаар босоод явчихдаг. Чи нэг олигтойхон үзээдэх ээ гэдэг. Тэгээд би аймаг, цэрэгт барилдаад түрүүлсэн өдөр ихэнх нь залгасан. Зарим нь тэмдэглэл хөтөлдөг юм билээ.
-Аав, ээж нь ирж үзсэн үү. Нутагтаа үзсэн үү?
-Нутагтаа үзсэн. Манай ээж сандраад бөх үздэггүй. Аав "Чи гар гар, сүү өргө" гээд тэр хоёр минь бөөн л юм болдог юм шиг байгаа юм. Ээж төрийн наадмаар үзэж чадахгүй, гадаа суусан гэсэн. Цол авсны дараа орж ирсэн юм билээ. Дөрөв давсны дараа, манайд суманд байгаа хүмүүс цуглаад, тавын давааг олуулаа үзсэн гэсэн. Ямар ч байсан ээж, аавыгаа баярлуулсан байх аа.
-Гэрийнхэн нь мэдээж хамгийн том урам зориг, дэмжлэг болдог байх. Танд юу гэж захидаг вэ?
-Манай аав “Чи нэг яваад барилдаадах. Битгий зогсож, биеэ барь. Аль болох өөрийнхөөрөө, итгэлтэй барилдаарай” гээд байнга хэлдэг. Гэрийнхэн минь бүх тал дээр намайг дэмждэг. Би айлын бага хүүхэд. Дээрээ ах, эгчтэй.
quote photo
Би аймгийн наадамд л барилддаг байлаа. Аймгийн наадам дуусахаар зурагтаар улсын наадам үздэг. Ганц боддог байсан юм нь есөн хөлт цагаан тугийг тойрохоор ямар том юм бэ гээд сүрддэг байсан. Үүнийг нэг тойрно доо гээд боддог байлаа. Тэгээд анх улсын наадамд барилдаад, есөн хөлт цагаан туг тойрох бас гоё л юм билээ. Ер нь хамгийн гоё мэдрэмж нутаг ус, аав, ээжийнхээ нэрийг дуудуулаад, намайг дэмждэг бүх байгууллагынхаа нэрийг зарлуулаад, батламжаа аваад зогсох юм.
-Та бөхийн удамтай юу. Удам дагаж бөх төрдөг гэсэн монголчуудын яриа байдаг?
-Тиймээ. Аав, ээжийн талд сумын цолтой бөхчүүд бий.
-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?
-Би сумын зааланд волейбол тоглодог л хүүхэд байсан. Тэгээд нэг удаа манай биеийн тамирын багш орж ирээд, үндэсний бөхийн өсвөрийн аймгийн аварга болно гээд волейбол тоглож байсан хүүхдүүд дунд далбай тарааж өгөөд, хэдэн хүүхэд барилдуулсан. Би аймаг явах сонирхолтой байсан болохоор оролцож байлаа. Анх дөнгөж очиж барилдаад дэвж, шавж мэдэхгүй жаахан хүүхэд. Тойрохоор л хүмүүс шоолоод, яагаад ч юм мэдэхгүй тэр барилдаандаа 2007 онд түрүүлсэн. Түүнээс хойш сагс, волейбол хөөж байгаад 2011 оноос барилдсан.
-Барилдахын юу нь танд хамгийн их таалагдсан бэ?
-Миний төрсөн ах аймгийн харцага Д.Баясгалан. Би волейбол тоглоод явж байхад манай ах энд, тэнд барилдаад тийм амжилт үзүүллээ, ингэлээ гээд байнга явдаг. Чи нэг барилдаадах гээд надад далбай, шуудаг бэлэглээд, сумын наадамд барилдаж байсан. Түүнээс хойш нэг, хоёр барилдаанд оролцдог болоод, сүүлдээ тэгээд дуртай болсон.
-Бөх хүний хувьд хамгийн анхны цол хүртсэн барилдаан хамгийн дурсамжтай барилдаануудынх нь нэг байдаг. Хамгийн анхны цол авч байсан барилдааны түүхээсээ хуваалцвал?
-Хамгийн анх сумандаа түрүүлж, сумын начин болсон. Сумын заан Ж.Уламбаяртай үзүүр, түрүүнд үлдсэн. Манай сумынхан намайг түрүүлэхэд өргөөд, гүйсэн. Анхны цол бас л их дурсамжтай. Аав, ээж их баяртай, баяр хүргээд, үнсээд л байсан.
-2011 оноос барилдаж эхлээд 13 жилийн дараа улсын начин цол хүртсэн байна. Энэ хугацаанд шантарч байсан үе бий юу?
-Улсын наадамд дөрвөн жил л барилдаж байгаа. Аймгийн наадамд үлдсэн бүх хугацаанд нь барилдсан. Заавал түрүүлнэ. Түрүүлж байж улсдаа барилдана гээд зорьсон. Шантрах үе байсан. Даваанд унаад шаралхана. Н.Баярбаатартай зургаа дээр тунаж унаад, дараа жил нь Б.Орхонбаярт унасан. Миний хоёр унасан хүн маань хоёулаа улсын цол авсан. Улсын цол авахаар нь л тайвширчхаж байгаа юм. Ямар ч гэсэн муу хүнд унаагүй юм байна гэж бодсон. Сайн өрсөлдөгчтэй барилдаад унасан болохоор тэр үедээ харамсдаггүй. Ямар ч байсан бага багаар цолоо ахиулж байсан учир. Тэгээд л дараа жил нь аймагтаа би түрүүлсэн.
-Улсын цолны босго өндөр гээд хүмүүс ярьдаг. Анх улсын наадамд барилдахад ямар байсан бэ?
-Би аймгийн наадамд л барилддаг байлаа. Аймгийн наадам дуусахаар зурагтаар улсын наадам үздэг. Ганц боддог байсан юм нь есөн хөлт цагаан тугийг тойрохоор ямар том юм бэ гээд сүрддэг байсан. Үүнийг нэг тойрно доо гээд боддог байлаа. Тэгээд анх улсын наадамд барилдаад, есөн хөлт цагаан туг тойрох бас гоё л юм билээ. Ер нь хамгийн гоё мэдрэмж нутаг ус, аав, ээжийнхээ нэрийг дуудуулаад, намайг дэмждэг бүх байгууллагынхаа нэрийг зарлуулаад, батламжаа аваад зогсох юм.
-Та 2021 онд П.Бүрэнтөгс аваргыг давж, улсын начин цолны болзол хангаж байсан. Гэвч тэр цолыг олгоогүй шүү дээ?
-Тэр жилийн наадамд би жигтэйхэн хөөрсөн хүн байсан. Анхны улсын цол авчихлаа гээд манай сумынхан чинь цуваа татаад л жигтэйхэн. Тэгээд өгнө гээд сүр бадруулж байгаад өгөөгүй. Энэ жилийн наадмаар анзаараад байхад тэр жилийн наадмаар цол авсан бөхчүүдийн ихэнх нь цол авчих шиг боллоо. Т.Довчинсэмбээ ах, Э.Мөнхжаргал, би гээд Э.Ууганбаяр бас дээшээ шөвгөрсөн. Одоо цөөхөн л хүн үлдсэн байх. Бүгдээрээ аймаг, цэрэг, улс, аймагт ихэнх нь түрүүлж, үзүүрлээд, шөвгөрөөд, дээд шөвөгт бүгдээрээ шахсан тийм хүмүүс байсан юм билээ. Би ч бас мэдээгүй. Хүн л надаа ирээд ийм байна гээд хэлсэн. Тэгэхээр бас зүгээр ч нэг цол аваагүй, чансаатай хүмүүс давсан юм болов уу гэж бодсон.
-2021 оны улсын наадамд чансаа өндөртэй бөхчүүд барилдсан юм билээ?
-Тэгэлгүй яах вэ. Тэр жил аймгийн начин багтаагүй хасагдаж байсан. Уг нь чансаатай л наадам болсон. Төрийн наадам болно, цол олгоно гээд очиж барилдсан. Аварга, арслан гээд дээхэн үеийн том цолтой бөхчүүд бүгд л барилдаж байх шиг байсан. Бид цол олгохгүй гэж мэдээгүй.
-Тэр жилийн наадмын П.Бүрэнтөгс аваргыг давдаг барилдааныхаа талаар яривал?
-П.Бүрэнтөгс аваргыг би хүндэлдэг. Хүндэлж явдаг хүнээ давах гоё л юм билээ. Би заал, танхимд П.Бүрэнтөгс аваргад таван удаа унасан. Сүүлдээ унахаас хойш л гэж бодож гарч байгаа юм. Хүн болгон л чамайг аварга амлачхаж гэхээр “За яана, шийдээд, юм хийгээд үзье. Хүн болгон давья гэсэн бодолтой л гардаг юм чинь юм хийгээд үзье” гээд гарсан. Тэгээд давсан чинь засуулаа мөргөж унагаагаад, аймар баярлаад баларсан.
-Таны амжилт багшийн тань бас маш их ач тус байх?
-Тиймээ. 2021 онд багш минь намайг П.Бүрэнтөгс аваргатай барилдаж байхад давсан чинь өөрөө тайлбарлагч хийж байгаад гэнэт орилсон. Уучлаарай миний шавь байгаа юм шүү гээд тайлбарлаж байсан. Тэгэхэд багшийгаа их баярлуулсан юм болов уу гэж боддог. Би үндэсний бөх барилдаж эхлэхдээ л Т.Өсөх- Ирээдүй багш дээрээ ирсэн. Тэрнээс хойш багштайгаа л байна даа.
-Таны барилдааны онцлог тал юу вэ?
-Би ч хүнтэй удаан барилддаггүй. Давбал даваад, унавал уначихдаг. Би өөрийн мэдэлгүй өшиглөчхөөд байдаг. Би их спортоор хичээллээгүй барилдсан болохоор ах нарыгаа харж байгаад өөртөө таарсан, тохирсон мэхээ хийдэг. Уг нь бол анх сумын заан байхдаа хүмүүсийг хутгачихдаг байлаа. Хутгах мэх хийж унагаадаг байсан. Сүүлдээ тэр минь орохоо байсан. Хүн болгон мэддэг болсон. Ганц давдаг мэх нь тэр байсан юм. Сайн өшиглөж чадахгүй ээ. Гэхдээ л нэг өшиглөнө. Ер нь бэлтгэл сургуулилтаа таслахгүйг хичээдэг дээ.
-Таны хувьд хамгийн дурсамжтай барилдаан тань ямар барилдаан бэ?
-Унаад л шаралхаж байсан барилдаанууд хамгийн дурсамжтай барилдаанууд байдаг. Аймгийн наадамд үзүүр, түрүүнд уначхаад, уйлаад гарч байсан. Тиймэрхүү дурсамжууд бий.
-Ер нь та хэр шартай вэ?
-Ер нь бол шартай. Айхтар илэрхийлэхгүй ч гэсэн шартай.
-Бөхийн жудаг гэдэг зүйлийг та юу гэж хардаг вэ?
-Сайхан жудагтай үлгэр жишээ авахаар бөх олон бий. Би С.Мөнхбат, П.Бүрэнтөгс аваргыг болон багшийгаа хүндэлдэг. Том цолтой бөхчүүдээсээ үлгэр дуурайлал авч явахыг л жудаг гэнэ гэж би ойлгодог.
-Цолондоо эзэн байна гэдэг таны хувьд ямар утгатай вэ?
-Өөртөө цензур тавьсан хүмүүс арай өөр байдаг юм болов уу. Би дотроо тавьсан зорилгоо бага багаар биелүүлээд явсан. Аймаг, цэрэгт барилдахаас илүү цолоо батлахыг илүүд үзэж байсан. Тэгээд хүмүүст цолондоо эзэн болоод барилдаж байна даа гэж хэлүүлэх гоё юм билээ. Одоо улсын цол авсан болохоор түүнийгээ батлахын төлөө явна. Тэр олон хүмүүс итгэл хүлээлгээд, ард минь байгаа шүү дээ.
-Одоо начин цолондоо хэр дасаж байгаа вэ?
-Гайгүй ээ. Би төмөр замын 100 жилийн барилдаанд баларсан. Оноолт хийсэн хүмүүс гарч барилдах гээд зогсож байсан. Би хурц арслангуудынхаа яг дээр нь зогссон. Гараад барилдаж байсан чинь “Хурц арслангууд зогсож байгаарай. Оноолт нь солигдсон” гэхэд өөрөө хурц арслан байсан болохоор голд нь ороод зогсчихдог юм. Тэгээд наадам үзэж байсан бүх хүмүүс инээлдээд, “Энэ хурц арслангаасаа салаагүй байгаа юм биш үү” гээд намайг шоолсон. Одоо гайгүй ээ.
-Амжилттай яваа эр хүний ард эхнэр хүн байдаг. Ялангуяа бөхийн эхнэр байна гэдэг амаргүй. Тэгвэл эхнэрийнхээ талаар яривал?
-Манай эхнэр Сайхан-Овоо сумын харьяат Амарсанаагийн Ариун-Ундрах гэж хүн байдаг. Миний бүх арыг дааж байгаа ганц хүн. 2013 онд аймгийн начин болоод би эхнэртэйгээ танилцаж байсан.
-Эхнэр нь барилдааныг нь алдахгүй үздэг үү?
-Тиймээ. Манай хүн их шартай. “Чиний оронд байсан бол би бараг алаад хаячихъя” гээд байдаг. Сүүлдээ би “Чи барилдах билүү. Би барилдах билүү” гэдэг. Наргиа л даа. Надтай танилцахдаа бөх үздэггүй байсан. Нөхөр барилдахаар тэгээд байнга үздэг. Намайг уначихаар зурагтаа унтраачихдаг гэсэн. Унатал харж л байдаг юм байгаа. Би тоглоомоор “Би нэг бөхийн өргөөнд түрүүлээд, чамайг зурагтын өмнөөс салгахгүй байя даа” гэдэг. Энэ жилийн наадмаар манай эхнэр ирээд хоол, цай хийж өгөөд, дэмжсэн.
-Ярианыхаа төгсгөлд таныг дэмждэг хүмүүстээ хандаж үг хэлбэл?
-Төрүүлж өсгөсөн аав, ээж, ханьдаа, багшдаа, Зэвсэгт хүчний 013-р ангийн Ч.Эрдэнэболд даргатай хамт олон, Баатар дулаан хан ХХК-ийн Б.Мөнхбаатар захиралтай ажлынхаа хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлж байна. Намайг улсын цол автал тусалж, дэмжсэн бүх хүмүүстээ бүгдэд нь баярлаж, талархсанаа илэрхийлье. Сэлэнгэ сайхан нутагт минь төрж, өссөн намайг дэмждэг хүмүүсийнхээ урам итгэлийг алдахгүй улам сайхан барилдана.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн