Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Д.Шагдарсүрэн: Луу жилийн өвөл өнтэй, сайхан болно

Д.Шагдарсүрэн: Луу жилийн өвөл өнтэй, сайхан болно
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 11
МУСГЗ, цаг уурч, сэтгүүлч, Д.Шагдарсүрэнтэй ярилцлаа.
-Зуд гэж юу болох, юунаас болж зуд болдог талаар яриагаа эхэлье?
-Гантай зун болсон бол өвөл нь тэртээ тэргүй хатуу болно. Яагаад гэхээр гантай зун өвс ногоо ургахгүй. Өвс ногоо ургахгүй бол өвөл нь цасгүй, дулаахан байсан ч зуд болно. Зуд олон янз байдаг. Төмөр зуд, мөсөн зуд,  цагаан зуд, хар зуд гэж бий. Харын зуд гэдэг нь өвөл цас орохгүй, голын ус хөлдсөнөөс мал сүрэг гачигдаж, үрэгдэхийг хэлдэг юм. Түүнээс биш -40, -50 градус хүрэхээр ч юм уу их хүйтрэхээр зуд болдог гэж ойлгох нь буруу. Зуд гэж юуг хэлэхийг МУИС-ийн багш Д.Чогсом шинжлэх ухааны үүднээс тодорхойлсон байдаг.
-Тэгвэл юунаас үүдэж ган болдог юм бэ. Сүүлийн жилүүдэд ган болох үзэгдэл хэр ажиглагдаж байна?
-Ган юунаас ч болж болно. Хорхойноос болж ган болох боломжтой. Мал иддэг өвс ургамлыг нь хорхой идчихвэл тэгээд л ган болно шүү дээ. Гантай зун болсон бол өвөл нь мэдээж зуд болно.
-Зурхайд луу жилийн өвөл ер нь хэр болж өнгөрдөг юм бэ?
-ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаач н.Цэдэвсүрэн гэж хүн байсан юм. Тэр хүн надад 1700-аад оны дэвтэр өгч байлаа. Дэвтэр одоо манай түүхийн архивт бий. Тэр дэвтэрт одоогийн Хангайн нуруунаас Хянганы нуруу хүртэлх нутагт болж байсан ган, зудын тэмдэглэл байсан. Тухайн үед манай улс Манжийн дарлалд байсан ч зудын тэмдэглэл үлдсэн байдаг. Тэр нь алба гувчууртай холбоотой. Алба гувчуур гэдэг нь одоогоор бол малын хөлийн татвар гэсэн үг. Тэр үед малчид “манай энд зуд болоод хүнд байна, татвар өгч чадахгүй нь” гэх хариултыг өгдөг байсан байгаа юм. Алба гувчуураас зугтах гэсэн оролдлого. Тэгэхээр нь байцаагч явуулж зуд болсон үгүйг нь шалгаад, үнэхээр зуд болсон байвал татвараас чөлөөлдөг байсан юм билээ. Ингээд л азаар бид ган, зудын тэмдэглэлтэй үлдсэн байдаг. Ер нь үхэр туулай жил цаг агаар их хүнд болж өнгөрдөг юм. Харин Луу жилийн өвөл сайхан болдог. Зундаа дуу цахилгаан аадар, мөндөр их ордог. Өвс ногоо их ургадаг. Энэ жил сайхан өвөл болох шинжтэй.
-Өнгөрсөн жил зарим нутгаар өвөлжилт хүндэрч, мал их хорогдсон. Зурхайгаар бол туулай жилийн өвөл хатуу болдог гэж Та хэллээ. Үнэхээр өнгөрсөн жил туулай жил гарсан болохоор хатуу өвөл болж өнгөрөв үү?
-Яг тийм. Би ноднин жилийн өдий үеэс эрт шахуу өвөл хүнд болох талаар ярьсан. Туулай жилийн өвөл хатуу болдог учраас малчдад анхааруулсан. Мал их хорогдсон нь үнэхээр харамсалтай. Харин энэ жил бол сайхан өвөл болно. Би саяхан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин Б..Сайнбилэгтэй ярьсан. Байгалиа маш сайн ажигладаг, малчин хүн бий. Тэр хүн "аалз тороо их татсан, намар урт, сайхан өвөл болох шинжтэй байгаа талаар ярьсан. Аалз тороо энд тэндгүй, их татсан байх юм бол сайхан өвөл болох нь гэж малчид шинждэг юм билээ.
Байгалиа ажигладаг гэснээс, Төв аймгийн урд тал, Дундговь аймгийн хойд тал буюу Говь хээрийн завсрын бүсэд намрын дунд сарын шинийн 15-нд нутгийн малчид цуглаж байгалиа шинждэг юм. Уулан дээр гарч шөнөжин байгальд ажиглалт хийж байгаад, 16-ны өглөө нар мандахад урьд шөнө нь юу ажигласан талаараа ярилцдаг. Нүдний хараа, ой тогтоолт сайтай хүмүүс л тэгж шөнөжин сууна. Нэг цэг рүү шөнөжин харна гэдэг чинь маш их тэвчээр шаардана. Тэнд маш гоё, сонирхолтой зүйл болдог. Тулхтай өвгөдийнхөө үгийг сонсоно, ирэх өвлөө шинжинэ. Ингэж өвөл хэр болох, хаашаа оторлохоо шийддэг. 1990 онд би анх мэдээд, очиж байсан юм. Түүнээс хойш 30 гаруй жил тэдэнтэй холбоотой явна. Тэндээс маш их зүйл сонсож, мэдсэн. Тэдгээр малчид бол нүүдэлчин соёлын биет бус өвийг авч яваа бахархмаар хүмүүс.
-Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Завханы нутгаар анхны цас орлоо. Намрийн дунд сар дөнгөж гараад л цас ороод эхэллээ. Эрт цас орох нь юуны дохио вэ?
-Надад ирсэн мэдээллээр Завханы нутгаар цас орсон, уулаараа цастай байна. Завхан тал руугаа зуншлага муу байгаа талаар нутгийнхан нь ярьсан. Солонготын давааны наад тал, цаад тал хоёр цагаан, ногоон өнгөтэй байна гэсэн. Сая харин цас ороод эхэллээ. Би цаг агаар мэдээлдэг мэргэжлийн хүн биш.
-Сүүлийн жилүүдэд дэлхин дулаарал маш эрчимтэй явагдаж байгаа талаар албаныхан мэдээлдэг. Дэлхийн дулаарал Монголын цаг агаарт нөлөөлж байгаа юу?
-Нөлөөлөлгүй яах вэ. Дэлхийн дулаарлаас болоод нэгд, мөсөн голууд маш ихээр хайлж, алга болж байна. Монгол Алтайн нуруун дахь Потианы мөсөн гол эрчимтэй хайлж байгаа. Мөсөн гол байсан газрууд одоо зүгээр л сайр болж хувирсан. Энэ талаар албаны хүмүүс илүү сайн ярих байх.
Хоёрт, өвс ургамлын бүтцэд өөрчлөлт орж байна. Шарилж голдуу ургадаг болсон. Өмнө нь ерхөг, цагаан уул зэрэг ургамал ургадаг байсан газарт одоо агь, шарилж, хамхуул гурав л голдуу ургадаг болжээ. Тэгэхээр ургамлын бүтцэд өөрчлөлт орж байна гэсэн үг. Ерхөг, цагаан уул их ургасан бол бэлчээр сайн гарна. Харин агь, шарилж, хамхуул голдуу ургасан бол мал идэх юмгүй болно. Харахад ногоон ч бэлчээрийн чанар маш муу байна. Би саяхан Говь гурван сайханаас Онгийн тал хүртэл явлаа. Говь гурвансайханы Ёлын амны адгаас эхлээд тэнд сүүлийн 20 жил гараагүй сайхан ургамал ургаж, зуншлага маш сайхан байгаа талаар нутгийнхан хэлсэн. Төө хэрээний өндөртэй таана ургасан байсан. Онгийн талаас наашаагаа зуншлага муудаж байна лээ. Энэ жил говьд маш сайхан өвөл болно. Ямар ч байсан Говийнхон энэ жил отор хийхгүй. Өвлөө даана.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн