Open iToim app
Нийслэл | 3 мин уншина

Улаанбаатар хотод 50 МВт-ын батарей станц барих гэрээг байгууллаа

Улаанбаатар хотод 50 МВт-ын батарей станц барих гэрээг байгууллаа
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 6
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас эрчим хүчний дутагдаж байгаа эх үүсвэрийг хангах хүрээнд хоёр томоохон төслийг эхлүүлж, өвлийн оргил ачааллын үед төвийн системд холбохоор ажиллаж байгаа аж. Ингэхдээ нийслэл дотоодод гаргасан 500 тэрбум бондын эх үүсвэрийн 350 тэрбум төгрөгийг эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зарцуулж байна.
Энэ хүрээнд Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станцын эхний блок болох 150 МВт-ын эх үүсвэрийг ирэх аравдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна. Мөн өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын төвийн систем нийлүүлэх 50 МВт-ын батарей станц барьж байгуулах гэрээг гүйцэтгэгч талтай байгууллаа. Батарей станцыг арваннэгдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад оруулж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох нөхцөлтэйгөөр гэрээг байгуулав. 50 МВт-ын батарей хураагуурын станцыг Багануурт барих бөгөөд тендерт Хятадын "Энвижн Энержи" компани шалгарсан байна.
Дээрх хоёр төсөл хугацаандаа ашиглалтад орсноор Улаанбаатар хот ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалт хийхгүй, чадлын дутагдлаа дотоодын эх үүсвэрээр бүрэн хангах боломжтой болно гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцоллоо.
undefined
Тэрээр "Багануур дүүргийн нутаг дэвсгэрт батарей станцаа байгуулна. Батарей станцын гол онцлог нь ид оргил ачааллын үед төвийн системд эрчим хүч нийлүүлнэ. Оргил ачаалал буурахаар системээс гарч, өөрийгөө цэнэглэнэ. Ингээд ачаалал нэмэгдэхээр төвийн системд эргээд холбогдох горимтой байна. Батарей станц арваннэгдүгээр сарын 30-наас эхлээд төвийн эрчим хүчний систем, тэр дундаа Дичпетчерийн үндэсний төвөөс өөрийнхөө нийлүүлсэн эрчим хүчний тарифаа авч, авсан төлбөрөөрөө бондын эргэн төлөлтөө хийх зарчимтай явна. Энэ жил дээрх хоёр төсөл амжилттай хэрэгжсэнээр нийслэл дутагдалтай хэрэгцээгээ хангахад чухал нөлөөтэй" гэлээ.
"Энвижн Энержи" компанийн захирал: Манай компани бол сэргээгдэх эрчим хүчний салбарт танигдсан компани. Хятадад болон олон улсад олон, олон батарей станцууд байгуулж байсан туршлагатай. Хугацааны хувьд шахуу байгаа. Гэхдээ бид хотын даргын тавьсан шаардлагын дагуу төслөө чанартай гүйцэтгэж, хугацаандаа хүлээлгэн өгөх болно. Мөн энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтэй байна. Бусад сэргээгдэх эрчим хүчний технологитай харьцуулахад батарей станцын төнөг төхөөрөмж богино хугацаанд суурилуулж, ажиллуулах боломжтой. Мөн бид өөрсдийн бүтээсэн батарей хураагуурыг ашиглах учраас хүндрэл бага гарна гэж харж байна. Төлөвлөгөөт засвар үйлчилгээгээ хийгээд явбал батарей хураагуурын станц нь 20-оос дээш жилийн хугацаанд тогтмол ажиллах боломжтой.
undefined
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул: Энэ төсөл маань 50 МВт-ын хүчин чадалтай. Цаашид сэргээгдэх эрчим хүчний бусад төслийг хэрэгжүүлэхэд үндсэн суурь нөхцөл болно. Өөрөөр хэлбэл, нар, салхинаас нийлүүлэгдэж байгаа эрчим хүч төвийн систем рүү очихдоо тохируулга нь хэлбэлзэлтэй байдаг. Батарей станц бол эх үүсвэрээ цуглуулж, хураагаад төвийн систем рүүгээ нийлүүлдэг болохоор сэргээгдэх эрчим хүч цаашид хөгжихөд чухал хөшүүрэг болно. Өөрөөр хэлбэл, ойр орчимд нь нар, салхины эх үүсвэрийг нэмж, батарей хураагууртайгаа холбож ажиллах боломжтой. Одоо байгуулах 50 МВт-ын хүчин чадлаа өргөжүүлэх боломжтой. Энэ талын яриа хэлэлцээг олон улсын байгууллагуудтай хийж байна.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн