Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

Японд 2024 оны эхний хагаст төрөлт хамгийн доод түвшиндээ хүрчээ

Японд 2024 оны эхний хагаст төрөлт хамгийн доод түвшиндээ хүрчээ
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 5
Энэ жилийн эхний хагаст Японд төрөлтийн тоо 1969 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрснийг Засгийн газрын урьдчилсан мэдээ харуулж байна.
Японд 2024 оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд 350,074 төрөлт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.7 хувиар буурсан байна гэж Эрүүл мэндийн яамны урьдчилсан тайланд дурджээ. 2023 онд нийт төрөлтийн тоо 1899 онд бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт болжээ.
Наймдугаар сарын 30-ны өдөр нийтэлсэн Хүн амын судалгааны тайланд дурдсанаар, Японд төрсөн хүүхдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.7 хувиар буюу 20978-аар буурсан байна. 2023 онд төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувиар буюу 13890-оор буурчээ. Энэ бууралт нь Японд 1-6 дугаар сарын хооронд төрөлт 400,000-аас доошилсон буюу  гурав дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлт юм.
Өнгөрсөн онд Засгийн газар “Төрөлт буурч байгаатай тэмцэх онцгой арга хэмжээ” хэрэгжүүлэхээ Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн. Ерөнхий сайд Фүмио Кишида “Хүүхэд, хүүхдийн хүмүүжлийн талаарх бодлогод анхаарлаа хандуулах нь хүлээж, хойшлуулж болохгүй асуудал” гэжээ. Хэд хэдэн оронд төрөлт удааширч байгаа ч сүүлийн хэдэн арван жилд дундаж наслалт нэмэгдэж байгаа нь өндөр настай хүн ам нэмэгдэж байгаа Японд тэднийг дэмжих ажиллах хүч багасаж байгаа тул  энэ асуудал маш хүнд байна.
Дэлхийн банкны мэдээллээр Япон улс 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн эзлэх хувь хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа аж. Ойролцоогоор 2050 он гэхэд Япон улс одоогийн хүн амын тавны нэгээр буурах магадлалтай байна. Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд янз бүрийн арга хэмжээ авахыг оролдож байна, тухайлбал хүүхэд харах үйлчилгээний газруудыг өргөжүүлэх, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, тэр ч байтугай гэрлэлт, хүүхэд төрүүлэхийг дэмжих зорилгоор Засгийн газрын болзооны аппликейшн хүртэл ажиллуулж байна.
Энэхүү программ нь тэрбумтан Илон Маскийн сонирхлыг татсан бөгөөд тэрбээр X дээр "Японы Засгийн газар энэ асуудлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөнд баяртай байна. Хэрэв радикал арга хэмжээ авахгүй бол Япон (болон бусад олон улс) алга болно. Гэрлэлт бол өөрийн гэсэн үнэт зүйл дээр тулгуурласан шийдвэр боловч Токио хотын захиргаа гэрлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр гэрлэнэ гэж бодож байгаа хүмүүс анхны алхмаа хийх боломж бүрдүүлнэ" гэжээ.
Токиогийн гэрлээгүй 50 настай хүмүүсийн тоо Японд хамгийн өндөр буюу эрэгтэйчүүдийн 32 хувь, эмэгтэйчүүдийн 24 хувийг эзэлж байна. Японы төрөлтийн түвшин бас нэг доод түвшинд хүрч, өнгөрсөн онд ердөө 727,277 төрөлт бүртгэгдэж, төрөлтийн түвшин 1.26-аас 1.20 болж буурсан байна. Энэ нь тогтвортой хүн амд шаардлагатай 2.1-ээс хамаагүй доогуур үзүүлэлт юм. Японд төрөлтийн бууралт 1970-аад оноос хойш үргэлжилсээр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимжиж,  хүн ам буурахад хүргэж байна. 2023 онд Японд 1.57 сая хүн нас барсан нь төрөлтийн тооноос хоёр дахин их байна. Засгийн газрын хүчин чармайлтыг үл харгалзан мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар хүн амын бууралт нь  хэдэн арван жил үргэлжлэх аж. Төрөлтийн түвшин даруй нэмэгдсэн ч залуу, хөгшин хүмүүсийн хүн ам зүйн тэнцвэргүй байдал тогтворжих хүртэл хүн ам буурсаар байх аж. Японд гэрлэлтийн тоо буурч, салалт нэмэгдэж байгаа нь төрөлтөд улам бүр нөлөөлж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Японы төрөлт буурахад амьжиргааны өртөг нэмэгдэж, эмэгтэйчүүдийн боловсрол, ажиллах хүчний оролцоо нэмэгдэж, жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хүртээмж нэмэгдсэн зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн нь эмэгтэйчүүдийг цөөн хүүхэдтэй болохыг сонгоход хүргэж байна.
Японы нэрт эдийн засагч Шүжиро Урата Японд хүн ам буурахад нөлөөлсөн хүчин зүйлүүд нь хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, ялангуяа орлого багатай гэр бүлүүдэд эдийн засгийн зардал өндөр тусаж буй нь мөн нийгмийн хэм хэмжээг өөрчилсөн нь гэрлэлт болон төрөлт буурахад хүргэсэн гэжээ.
1000 хүнд ногдох гэрлэлтийн тоо 1970 онд 10 байсан бол 2022 онд 4.1 болж буурчээ. “Бүтээмж их хэмжээгээр нэмэгдэхгүй бол хөдөлмөрийн насны хүн амын тоо буурахад Японы ДНБ буурах нь гарцаагүй. Тэтгэвэрт гарах насыг уртасгаж, ахмад ажилчдын тоог нэмэгдүүлэх, ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар энэ бууралтыг удаашруулж болно” гэж тэрбээр  бичжээ.
Энэ оны нэгдүгээр сард Хүн амын стратегийн зөвлөлөөс “Хүн амын хэтийн төлөв 2100” саналыг  Кишидад өргөн барьсан. Төлөвлөгөө нь төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх замаар Японы хүн амыг 80 саяас дээш байлгах зорилготой байв. Ерөнхий сайдын дэргэд хүн амын стратегийг хянах шинэ хороо байгуулахыг зөвлөж, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг сайжруулах замаар хүн амыг тогтворжуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, өндөр ур чадвартай гадаадын ажилчдыг хүлээн авах замаар эдийн засгаа бэхжүүлэх гэсэн хоёр үндсэн чиглэлд анхаарлаа хандуулахыг уг тайланд онцолжээ.  Үүний зэрэгцээ төрөлт буурч байгаа нь нийгэм соёлын бусад нөлөөлөл  өндөр байдаг аж. Хүн ам хөгширнө гэдэг нь улс даяар олон сургууль хаагдана гэсэн үг. Өнгөрсөн жил Японд хэд хэдэн хоосон сургуулийн барилгыг өөрчилсөн байна. Сурагчийн тоо цөөрсний улмаас 2009 онд хаагдсан Ёкозе хотын Ашигакубо бага сургууль одоо олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, орлого бүрдүүлдэг болжээ. Зарим сургуулийг аквариум эсвэл  дэлгүүр болгон өөрчилсөн байна.
Эх сурвалж: Independent
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн