Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ.6.6 га газарт баригдах музейн барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай, талбайн хэмжээгээрээ Ази тивийн улс орнуудын байгалийн музейн дунд долоодугаарт эрэмбэлэгдэх юм.Өөрөөр хэлбэл Байгалийн түүхийн музей одоо түр байрлаж байгаа Лениний музейн барилгаас 13 дахин том гэсэн үг. 2019 онд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Их тэнгэрийн аманд баригдаж байгаад ажил нь зогссон “Зочид буудал, хурлын цогцолбор”-ын барилгын зориулалтыг өөрчилж, Байгалийн түүхийн музей болгох шийдвэр гаргасан юм.Цар тахлын он жилүүдэд зураг төслийг өөрчлөх, гүйцэтгэсэн ажлыг хөрөнгөд бүртгэх, төлбөрийг нь шийдвэрлэх, гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг ажил хийжээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд оролцохдоо, Засгийн газар, холбогдох яам, нийслэл, гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийллээ. Ард иргэдийн оюун санаанд томоохон хөрөнгө оруулалт болох музейн барилгын ажлыг товлосон хугацаанд нь, чанартай барьж ашиглалтад оруулахад онцгой анхаарахыг хүсэв.