Дэлхий | 2 мин уншина

Дэлхийн хамгийн хөдөлмөрч орнуудын нэг нь ажлын дөрвөн өдөрт шилжиж байна

Дэлхийн хамгийн хөдөлмөрч орнуудын нэг нь ажлын дөрвөн өдөрт шилжиж байна
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 4
Японы Засгийн газар 2021 онд ажлын долоо хоногийг богиносгохыг дэмжиж байгаагаа анх илэрхийлсэн. Гэсэн хэдий ч хэрэгжүүлэлт удаан байна. Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр Японы компаниудын найм орчим хувь нь ажилчдаа долоо хоногт гурав ба түүнээс дээш өдөр амрах боломжийг олгодог бол долоон хувь нь ажилчдаа хуулийн дагуу нэг өдөр амрах боломжийг олгодог байна. Япон дахь электрон бараа үйлдвэрлэгч компаниудад дөрвөн өдрийн цагийн хуваарийн дагуу ажиллах боломжтой ч “Panasonic Holdings Corp”-ын 63 мянган ажилтнаас ердөө 150 ажилтан нь л дөрвөн өдөр ажилладаг байна.
Саяхан гаргасан Засгийн газрын цагаан номд "кароши" буюу хэт их ажлын улмаас нас бардаг хүний тоо Японд жилд дор хаяж 54 мянга байдаг гэжээ. Зарим албаны хүмүүс хэт их ажиллах сэтгэлгээг өөрчлөх нь төрөлт огцом буурч байгаа энэ үед  чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Засгийн газрын мэдээллээс харахад хөдөлмөрийн насны хүн ам 2065 онд 40 хувиар буурч, одоогийн 74 саяас 45 саяд хүрэх төлөвтэй байна.
Ажилчдаа дөрвөн өдрийн хуваарьтай ажиллах боломжийг олгодог Токиод төвтэй “Spelldata” хэмээх технологийн жижиг компанид ажилладаг Акико Йокохама лхагва, бямба, ням гарагт амардаг байна. Нэмэлт амралтын өдөр нь үсээ янзлуулах, бусад уулзалтанд оролцох эсвэл дэлгүүр хэсэх боломжийг өөртөө олгодог аж.  Йокохама хэлэхдээ, ийнхүү дөрвөн өдөр ажиллах нь хосуудад бага сургуулийн насны хүүхэдтэйгээ долоо хоногийн дундуур гэр бүлээрээ зугаалах боломжийг олгодог гэжээ.
“Fast Retailing Co”, “Uniqlo”, “Theory”,  “J Brand” болон бусад хувцасны брэндүүдийг эзэмшдэг Японы компани, эмийн үйлдвэрлэлийн “Shionogi & Co”, электроникийн “Ricoh Co”, “Hitachi” компаниуд сүүлийн жилүүдэд ажлын дөрвөн  өдрийг санал болгож эхэлсэн. Энэ чиг хандлага нь санхүүгийн салбарт ч хүчээ авчээ. Банкны аварга “Mizuho Financial Group” ажлын дөрвөн өдрийн хуваарийн сонголтыг санал болгож байна. Токиод төвтэй NS группын ерөнхийлөгч Канако Огино уян хатан цагийн хуваарийг санал болгох нь ажилчдын ихэнхийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг үйлчилгээний салбарт ажлын байрыг нөхөхөд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Эх сурвалж: Independent.co.uk
 
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн