“Хүмүүсээ сайхан гэж юуг хэлэх вэ
Өнгө нь гоёхон цэцэгс мөн үү
Хүмүүсээ жаргал гэж юуг дуулах вэ
Баяр гунигийн нулимс мөн үү” гэдгээс эхлээд МУСТА, жүжигчин, дуучин А.Төгсбаярын сэтгэл, ур ухаанаас бүтсэн олон сайхан дуу бидний дунд одоо ч эгшиглэсээр байна.
“Сүүлчийн цас, анхны бороо зүрх сэтгэлд минь дурсамж үлдээнэ
Зургийн цомог, анхны хайр, зөөлөн үнсэлт чинийх л байсан” гээд хавар бүр дуулиантайгаар дуулагддаг дуу ч түүний бүтээл. Дуучин А.Төгсбаяр нь нийт 80 гаруй уран бүтээлийн үг, аяыг зохиосон. Жишээлбэл “Зүгээр л”, “Зүрх уучил”, “Хүмүүсээ”, “Одтой байгаарай”, “Чи миний” гээд түүний зохиосон дуунаас цөөнгүй нь олны дунд хит болсон. Түүнчлэн, тэрээр өөрийн бичиж, найруулсан кинонуудынхаа ч дууг бүтээсэн. Тухайлбал, “Сайн уу амьдрал минь”, “Хэцүү анги”, “Ах дүүс”, “Эрэмдэг”, “Эцсийн хүсэл” гээд киноны дуунууд бий. А.Төгсбаярын дуу гэхээр ухаарал хайрласан үгтэй, гэгээн бүхнийг түгээх гэж хичээсэн нь олон. Түүний амьдрал бүхэлдээ багтаад ч байгаа юм шиг. Гэхдээ амьдралд хэцүү зүйл тохиолдсон ч түүнийг даван гарах хүч бий. Нэг нэгнээ хайрлаарай гэж уриална. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.
-Таны хамгийн анхны үг, аяыг нь зохиож байсан дуу?
-Би хамгийн анх наймдугаар ангидаа “Хүсэл минь чи жигүүрлэн нисээч. Хайрт түүнд минь үгийг минь хэлээч” гээд “Зүгээр л” гэдэг дуугаа зохиож байсан.
-Уран бүтээл хийх сэдэл, урам зоригоо хаанаас авдаг вэ?
-Намайг жаахан байхад ах нар орцонд гитар тоглож, дуулдаг байсан. Тэр нэг аялгуу, хайранд зориулсан үгнүүд нь сэтгэл догдлуулдаг байлаа. Би мэргэжлийн дуучин, хөгжимчний анги төгсөөгүй. Гэхдээ цаанаасаа л хөглөгдөөд бүхнийг сурсан. Сэтгэл нэг л догдлоод, анхны шохоорхол, дурлалтайгаа учраад түүнийгээ дэвтэр дээрээ шүлэг болгоод, шүлгээ аятай болгомоор санагдаад тэгээд анхны дуугаа зохиож эхэлсэн. Хүмүүс бодохдоо онгод буугаад шүлэг, ая бичдэг гэж ойлгоод байдаг. Гэхдээ ганцаардсан үед, ганцаараа байхад гомдсон үе, хүнд дурлахад, баяр жаргалтай үе сэтгэлд тогтчихдог юм шиг байгаа. Дараа нь дуу, шүлэг бичихэд зэрэг гарч ирдэг. Шүлгийг нь бичээд аяыг нь үлдээнэ гэж байдаггүй. Хамтад нь бүтээдэг. Уран бүтээл хийх бүрд догдолдог. Дуу хөгжим, шүлгээ бичээд суухаар өөрийн гэсэн ертөнц рүүгээ яваад орчихдог юм шиг. Амьдралаас жаахан ангид болж анх хүүхэд байхдаа дуулж эхэлсэн тэр ертөнц рүүгээ орж түрхэн зуур тусгаарлагддаг.
-Таны бичсэн дуунуудыг сонсоод байхад үг нь их сэтгэлд хүрдэг. Таны сэтгэлийн гүнээс гардаг болохоор хүний сэтгэлд хүрдэг юм болов уу?
-Шүлэг гэхээсээ илүү үйл явдал, өрнөл, зөрчилтэй бичээд байдаг билээ. Тэр нь л хүний сэтгэлд хүрдэг юм болов уу.
-Та өөрийн бүтээж дуугаараа дамжуулан хүмүүст юу хэлэхийг зорьдог вэ?
-Дуу хөгжмөөр дамжуулан хайр түгээхийг хүсдэг. Бүхнээс илүү аз жаргалтай болгодог зүйл бол хайр. Хоёрдугаарт, хайр насан туршид өвтгөдөг. Бид хайр, шүлэг, ая гуравгүйгээр амьдарч чадахгүй. Хайрыг хайрлаж, хүндэлж яваарай гэдэг санааг өгөхийн тулд дуу бүтээдэг.
-Энэ агуулга “Зүрх уучил” гээд дуун дээр тань томруунаар харагддаг шүү дээ. Энэ дуу бүтсэн түүхээс хуваалцвал?
-Хааяа найзуудтайгаа уулзахаар зарим нь хайртай хүнээсээ салчихсан байх нь бий. Уучилж чадахгүй байгаа эсвэл намайг уучлахгүй байлгүй дээ гэсэн зүйлс найзуудын чин сэтгэлийн яриан дунд сонсогддог байлаа. Тэгээд нэг өдөр гитараа барьсан тэр л мэдрэмж орж ирсэн юм шиг. Ер нь зүрх зүрхээ уучлаад, хайрыг хайрлавал өөрөө ч сэтгэл нь нээгдэнэ. Бие биеэ хайрлаж яваарай. Чиний гунигийг зүрх тэсэхгүй шүү. Гунигаа чөлөөлж амьдрах цаг хугацаандаа зүрхээ гоё цохилуулаач гэсэн санаагаар дуугаа бүтээсэн. Өөрөө ч мэдэлгүй үг нь гоё гарч ирсэн.
Зүрхээр минь зүрх тэврүүлж, зүггүйхэн явахдаа
Зөөлөн үнсэлтээс юуг мэдрэв ээ гэхээр хоёр зүрх нэг нэгнээ тэврээд хамгийн анх “Би чамд хайртай” гэж хэлдэг. Дахилтанд нь хамгаас нандин хайр минь намайг уучлаарай. Тэгээд хүмүүсээ зүрх зүрхээ уучил. Хайрыг хайрлаарай гэдэг агуулгатай. Тэр дуу гарснаас хойш олон ч хүнтэй уулзахад энэ дуунд талархал илэрхийлж байсан.
-Түүнээс хойш таны олон ч хит дуу гарсан байх?
-Тиймээ. Би 2014-2016 онд олон хит болсон дуунуудыг зохиосон юм шиг байна. “Хүмүүсээ” гээд дуу байна. Дашбалбар гуайн “Амьдадаа бие биеэ хайрла” гэдгээс санаа авч хийсэн. Үүнийг хүн болгон мэддэг, уншдаг байж яагаад ойлгохгүй байгаа юм бол оо. Би нэг дуу хийж, залуу үедээ “Нэг нэгнээ хайрлаарай. Бүдэрсэн нэгнээ босгоод аваарай” гэдэг санааг дамжуулъя гэж бодсон. “Одтой байг” гэдэг дууг болохоор Монголын ард түмэн азтай, одтой байг гээд зохиосон. Бас нэг шилдэг нь “Чи миний” гээд дуу байна. Амьдрал ийм хэцүү, хүн хүнд дурлаж, хайрлахад бүдэгхэн замд цэцэг байдаг шүү.Тэр цэцгийг битгий тастаарай. Оддын дунд харсан нар шиг. Тэнгэрт шувууд жарган жиргэх шиг “Чи миний” гэдэг дуу.Ер нь 14 настайгаасаа хойш тасралтгүй л үг, аяыг нь зохиож дуу хийж байна. Одоогоор үг, аяыг нь зохиосон нийт 80 гаруй дуу бий. Гэхдээ нэг ч удаа үзэн ядалтын тухай дуу зохиож үзээгүй. Дандаа л хайрын дуу зохиосон.
-Та өөрөө их хайрлагдаж өссөн болохоор хайрын тухай дуу зохиож, хайрыг бусдад түгээхийг хичээдэг үү?
-Тиймээ. Би ээж, аав хоёрынхоо их хайранд өссөн. Өдийг хүртэл намайг хайр, энэрэл юугаар дутаагаагүй. Загнахдаа хүртэл ухаарал хайрласан. Энэ хорвоо дэлхий дээр бүгд л хайрлагдах эрхтэй гэдгийг мэдэрч өссөн.
-Таны бүтээсэн дуу амнаас ам дамжин дуулагдаж, олон хүн таныг сонсож байгаа нь танд ямар санагддаг вэ?
-Санамсаргүй таарсан хүн миний дууг сонсож байх нь гоё санагддаг. Олонтойгоо явах сайхан юм байна гэж боддог. Би бусадтай л адил анх удаагаа л амьдарч үзэж байгаа. Алдаж, оноод л явж байна. Тиймээс бусдад заах дургүй. Аль болох зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг.
-Та дуугаа хэрхэн бүтээдэг вэ?
-Жүжигчин мэргэжлийн гол онцлог нь хүнийг судалдаг, ажигладаг. Жишээлбэл “Бороо” гээд дуу байна. Хавар цонхоор харж байхад бүх зүйл хар саарал харагдаж, амьдрал өөрөө өнгөгүй юм шиг харагдсан. Хүмүүс юу хүсэж байгаа юм бэ гээд бодохоор нийтлэг нь бороо ороосой гэж хүсээд байгаа юм шиг санагдсан. Надаа ч гэсэн тийм хүсэл байсан. Тэгээд дахилт нь
“Сувдран урсах чиний минь нулимсыг
Борооны шүүдрийн дуслууд тайлдаг” гээд би ч гэсэн уйлмаар санагдаж байсан. Хэрвээ бороо орчих юм бол хүмүүст мэдэгдэхгүй уйлна. Хүн болгон бороог хүсэж байгаа. Борооны дараа цэцэг дэлгэрэхийг, солонго татахыг харах хүсэлтэй байгаа гэж бодоод дуугаа зохиосон. Харж, сонсож байгаа зүйлээсээ сэдэвчлэн дуу зохиодог. Хүсвэл сэдвээ хаанаас ч олж болно.
-Та зөвхөн дуу бүтээхээс олны таашаал хүртсэн кино бичиж, найруулсан. Өөрийн бүтээсэн кинонуудынхаа дууг ч өөрөө зохиосон байдаг?
-Кино урлагийг хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. “Ах дүүс” кинонд “Нандин нандин хүслээ тээсээр нартын гэрэл гэгээг хайрласан” гээд “Нандин хүсэл” гээд дууг зохиосон. Тэр кино ах дүүс гэж байгаа боловч эх хүний хайр нуугдаж байгаа. Тэгэхээр түүнийг дуугаараа гаргаад, киноныхоо үндсэн хөгжмийг тэр дууны аянаас авсан. Мөн “Хэцүү анги” киноны “Дурлалын бороонд норон гүйсэн хүүхэд нас минь” гээд “Ариун нандин” гээд дууг зохиосон. Хүүхэд болгон бороонд гүйдэг. Гэхдээ нэг өдөр эсрэг хүйстнээ хараад дурлаж байгаа тэр цаг мөч. Хүн болгонд ийм үе бий. Тиймдээ ч үзэгчдэд хүрсэн байх. Би киноны зохиолоо бичиж байна. Киногоо найруулж байна. Жүжиглэж байна. Дууны үгээ бичиж, аяа зохиож байна гээд өөрийн хийж чадах бүхнээ ард түмнээ зориулж байна. Өөртөө хадгалаад яах ч билээ. Үзэгчдээ хүндлэх, хайрлах хэрэгтэй гэж боддог. Үзэгчгүйгээр бид хэн юм бэ. Уран бүтээлч хүн үзэгчдийн алга ташилтаар л хөглөгддөг шүү дээ.
-Таны анх дуу хөгжимд дурлаж байсан сэтгэл өөрчлөгдсөн үү?
-Өөрчлөгдөөгүй. Одоо ч дуу хөгжимд дурлаж байсан хүүхэд хэвээрээ л байгаа юм шиг санагддаг. Миний үзэл бодол тэр нэгэн үед л тогтчихсон юм шиг. Дуу хөгжимгүйгээр өөрийгөө би төсөөлж чадахгүй.
-Тун удахгүй таны тоглолт болох гэж байна. Та догдлол ихтэй байна уу?
-Тиймээ. Маш их догдолж байна. Өөрийгөө ч маш сайн бэлдэж байна. Театр болон дуу хосолсон байдлаар тоглолтоо хийнэ. Өөрт байгаа бүх нөөц боломжоо дайчилна. Энэ тоглолт бол миний 30 жилийн хөдөлмөр. Иймээс эхний бөгөөд эцсийн тоглолт ч байж мэднэ. Би 30 жилийн дараа дахин тоглолт хийхгүй ч байж магадгүй.
Монголын рок поп урлагт өөрсдийн өнгө төрх, хэмнэлээр хоногшсон GUYS хамтлагийн гишүүн А.Төгсбаярын бие даасан анхны тоглолт есдүгээр сарын 7-ны өдөр “UG Arena”-д болно.