Нийгэм | 9 мин уншина

С.Энхцэцэг: Том хөршүүдтэй Монголд барууны либерал бодлого явуулах ямар ч боломжгүй

С.Энхцэцэг: Том хөршүүдтэй Монголд барууны либерал бодлого явуулах ямар ч боломжгүй
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 3
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын ялалтын 85 жилийн ойн хүрээнд өнөөдөр Монголд айлчилж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын гадаад харилцааны нөхцөл байдлын талаар  МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн дэд профессор С.Энхцэцэгтэй  ярилцлаа.
-ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлалыг иргэд эсрэг тэсрэг байр суурьтай хүлээн авч байна. Та олон улс судлаачийн хувьд энэ удаагийн айлчлалыг хэрхэн харж байгаа вэ?
-Товчхондоо хэлэхэд, уламжлалт бодлого үргэлжилж байна. Яагаад гэвэл XX зууны Орос Монголын харилцаа нэг нэгнийхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд нэлээд ойр дотно байсан. Халх голын дайн бол үүний гол илрэл юм. Халх голын дайныг 1930-аад оны сүүл үеэр болсон, Дэлхийн II дайны өрнөл дайн гэж үздэг. Орос, Монголын цэргүүд хамтран тулалдаж, Японы талыг бут цохисон. Их хэмжээний зэвсэг, техник хангамж, хүний нөөц оролцсон том дайнд тооцогддог. Монголын хувьд тусгаар тогтноод удаагүй байсан, гадаад байдал нэн эмзэг үедээ гаднын халдан довтлогчдыг зогсоохын тулд хойд хөршөөс тусламж хүссэн. Ингэснээр Оросын цэргүүд ч амь эрсэдсэн. ЗХУ Германы фашистуудын эсрэг хүчтэй цохилт өгөх туршлага нь Халх голын дайнд оролцох явцад бий болсон туршлага дээрээ тулгуурласан гэж цэргийн жанжид нь ч дурсамждаа өгүүлсэн байдаг. Ингэж хоёр улс "дэм дэмэндээ, дээс эрчиндээ" гэдэг шиг аюулгүй байдлаа хамтарч хамгаалсан. Түүний үр дүнд Монгол Улс тусгаар тогтносон, эрх чөлөөтэй болох замдаа орсон юм. Иймээс Монгол Улс Халх голын дайны түүхт ойн жилүүдийг тэмдэглэдэг. Тийм учраас энэ түүхт ойгоо хамтарч тэмдэглэх уламжлал  тогтоод байгаа. Тухайлбал, 2019 онд Халх голын ялалтын 80 жилийн ойгоор В.Путин Монгол Улсад айлчилсан. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө жил Халх голын ялалтын 85 жилийн ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгчийг айлчлахыг урьсан. Тэгэхээр энэ дэлхийн том лидер хүнийг эгзэгтэй цагт аюулгүй байдлыг нь хангаад, өөрийн улсын гол түүхэн үйл явдлын ойг тэмдэглээд, нэр төртэй үдэж өгөх нь Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдлаа ямар түвшинд хамгаалж чадах улс вэ гэдгийг дэлхий нийтэд харуулж байгаа эгзэгтэй агшин. Монгол Улс хариуцлагатай байхыг нөхцөл байдал шаардаж байгаа.
-Орос, Украины дайнтай холбоотой В.Путины олон улсын харилцааны нөхцөл байдал ярвигтай байгаа. В.Путины айлчлал нь Монгол Улсыг гадаад, тэр дундаа барууны орнуудад хэрхэн харагдуулах вэ?
-Нэгдүгээрт, айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг. Оросыг Украины эсрэг дайн өдөөсөн гэж дэлхий нийтээрээ гадуурхлаа. Энэ бол өмнө нь түүхэнд байгаагүй үйл явдал боллоо. Хэвлэл мэдээллээр буруу ташаа мэдээлэл ихтэй дайн байлаа. Нөгөө талдаа энэ дайн хараахан дуусаагүй байна. Гэхдээ Оросын талд ялалт ирэх нь тодорхой болсон. Учир нь, Украины тал нөхцөл байдлыг аль болох өөртөө ашигтай эргүүлэхийн тулд ганц, хоёр хүчтэй цэргийн довтолгоо хийгээд дайныг дуусгах хэлэлцээр рүүгээ оръё гэсэн байр суурьтай байна. Яагаад монголчууд НҮБ дээр санал өгөхдөө ч Оросын талд түдгэлзсэн байр суурьтай хатуу тууштай байсан бэ гэдэг нь Халх голын дайнд хамтрагч байсан учраас юм. Тэр нэг цаг үед хүнд байхад манай улсын аюулгүй байдлыг хангасан шүү дээ. Монгол хүний философиор бол эр хүний замын хүзүү урт гэж ярьдаг шиг хөрш зэргэлдээ орнууд учраас хамтдаа удаан хугацаанд оршин тогтнох, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого манай улсын тэргүүлэх чиг баримжаа. Энэ бол Монгол Улсын гадаад бодлого тууштай, хөршүүддээ амласан ямар ч үед бат итгэлтэй түнш байгааг харуулж байна. Орос бол бүхэлдээ хүчтэй зэвсэгт хүчинтэй боловч түүнийгээ бүрэн дайчилсангүй. Цэргийн тусгай ажиллагаа гэдгээрээ л хоёр гурван жил үргэлжилсэн дайныг зугуухан галыг нь унтрааж дуусгаж байна гэдэг бол хүмүүнлэг хэр нь хүчтэй бодлого явууллаа. Бусад орнуудын ч гэсэн бодлого өөр болсон. Хэвлэл мэдээллийн төөрөгдөлд орсноо ойлгосон байна. Эндээс хамгийн том сургамж бол үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол гэдэг бол аль ч улсад хамгийн чухал зүйл. Хэн нэгнийг аялдан дагах биш өөрийн улсын эрх ашгийг бодитой хангах хүчээ зөв тооцоолох ёстой. Хэт их амбийцтай бодлого бол эргээд аюулд оруулдгийг өнөөдөр Украины жишээ харуулж байна. Түүнтэй адилхан манай улсын гадаад бодлого өөрийн улсын хэмжээндээ тохирсон тэнцвэртэй, амбийц багатай, ухаалаг байхыг шаардаж байгаа.
В.В.Путины айлчлал Монгол Улсын гадаад бодлого тууштай, итгэлтэй түнш гэдгийг харуулж байна

-В.Путины айлчлалаас Монгол Улс юуг хүлээх ёстой вэ. Айлчлал болгоноор тодорхой асуудлуудыг шийдвэрлэдэг шүү дээ. Та хэрхэн харж байгаа вэ?
-Оросын гадаад харилцааны бодлогын тэргүүлэх чиглэл Европ байсан. Гэхдээ барууны үзэл санааны нөлөөнд автдаггүй. Орос бол өөрийн гэсэн ертөнцтэй улс. Түүнийгээ хадгалж авч үлдэхийн хажуугаар Европын улсуудтай нягт харилцаатай байх сонирхолтой байсан. Харамсалтай нь, Украины дайнтай холбоотойгоор улсын бодлого нь хүнд цохилтод орлоо. Харин одоо Оросын гадаад харилцааны бодлого нь Ази руу чиглэсэн буюу гол холбоотон болох Хятадтай харилцаж, Ази-Номхон далайн шинээр бий болж буй эдийн засагт байр сууриа бэхжүүлэх хандлагатай байна. Энэ хүрээндээ Монгол, Казахстан, Төв Азийн Узбекстан, Стануудтайгаа холбоогоо бэхжүүлнэ.
Орост ЗХУ-ын үеэс үлдсэн өгөгдөл гэж буй. Тухайлбал, хоёр тивд гарцтай, далай, тэнгис, агаарын, хуурай замын гээд 14 улстай шууд хиллэдэг. Тэгэхээр тэр сувгаараа худалдаа хийх боломжтой болохоор тийм худалдааны харилцааг голчилж байсан. Тэгээд 2015 оноос Евроазийн эдийн засгийн холбоо гээд өнөөгийн Европын холбоо шиг өөрийн гэсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн улсад байсан орнуудыг оруулсан чөлөөт худалдааны интеграци явуулах бодлого гаргасан. Түүнд Монгол Улс гишүүнээр биш ажиглагчийн байр сууриар оролцсон. Иймд худалдааны хөнгөлөлтийн гэрээ байгуулаад, Оростой хийж байгаа худалдаа эдийн засгийн асуудлыг хөнгөвчлөх, боломжуудыг нээлттэй болгох асуудлууд яригдсан. Энэ нь эрчимжих байх. Яагаад гэвэл Евроазийн эдийн засгийн хүрээнд 270 гаруй бүтээгдэхүүнийг хөнгөлөлтийн нөхцөлийг яриад тохирсон. Тэрийг энэ айлчлалаар албан болгож магадгүй гэж судлаачийн хувьд харж байгаа.
Хоёрдугаарт, В.Путины гадаад бодлогын гол имиж бол эрчим хүч юм. В.Путиныг засгийн эрхэд байх бүх хугацаанд газрын тосны үнэ өндөр байсан. Энэ нь эргээд Оросын эдийн засаг чадавхжих, түүн дээрээ тулгуурлаад В.Путины засаглал хүчтэй болох нөхцөл үүссэн. Тэгэхээр "Сибирийн хүч 2" төсөл яригдаж байгаа. Тэр асуудал Украины дайнтай холбоотойгоор хамгийн гол нь Хятадтай үнээ тохирч чадахгүйгээс саатаад байсан. Одоо Ази руу том төслүүдээ чиглүүлээд, хэрэгжүүлж буй. Тэрнийхээ талаар тодорхой мэдээлэх болов уу.
Гуравдугаарт, манай улсын төмөр замын асуудлыг ярихгүй бол бид XX зууныхаа төмөр замтай үлдэх гээд байна. Үүнийг шинэчлэхэд Хятадад технологи нь байгаа. Орост технологи нь байхгүй. Тиймээс Орос, Хятад, Монголын эдийн засгийн коридор гэдэг хүрээндээ төмөр зам шинэчлэлийн асуудал ШХАБ-ын уулзалтаар дурдагдаад өнгөрсөн. Үүнд Хятад улсыг татан оролцуулаад, гурван улсын бүтээн байгуулалтын асуудал яригдаж магадгүй. Ер нь цаашдаа Оросын төмөр замын бодлого улс төрийн шийдвэр гаргах нөхцөл болдог учраас үүнийгээ айлчлалын үеэр хөндөж ярьж, тодорхой болгомоор байна. Гэхдээ улс төрийн эр зориг гаргах эсэхийг мэдэхгүй. Хэрвээ тэгвэл хоёр улсын хооронд худалдаа чөлөөтэй болно. Энэ гол геополитикийн шинжтэй том  төслүүд явбал маш олон төрлөөр эдийн засаг хөгжих боломжтой.
-Олон улсын эрүүгийн шүүхээс В.Путиныг баривчлах тушаал гаргасан. Монгол Улс Гаагийн гишүүн орны хувьд бид түүнийг баривчлах үүрэг хүлээсэн. Бид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Өрнийн орнууд гишүүн учраас манай улсад шахалт үзүүлж байна. Хүлээж авах эсэх нь манай улсын эрх. Манай улс дээр дурдсан гадаад бодлогын тайлбаруудаараа хүлээж авах боломжгүй. Гуравхан сая хүнтэй Монгол Улсыг яг юу хий гэж байгаа юм бэ. Ийм шахалт үзүүлж байгаа нь өөрөө ичгэвтэр биш үү. Харин ч бид В.Путиныг айлчлуулаад, уламжлалт харилцаагаа аварч байгаа нь зоримог байна. Ардчилал, зах зээл, гадаад харилцааг авч явахад улсын зориг маш чухал. Гадаад бодлого ухаалаг байж болно. Хэрэгжүүлэх зориг байхгүй бол үзэл санаа нь цаасан дээр л үлдэнэ. Ухаалаг бодлого явуулаад, итгэл үнэмшилтэй байх юм бол иргэд нь хүчтэй байдаг.
-Орос, Хятадын харилцаа сайн байгаа нь Монголд хэрхэн нөлөөлөх вэ?
-Украинтай хийсэн дайнтай холбоотойгоор Оросыг буланд шахаж, хэтрүүлэн дайрсан явдал нь Хятадтай ойртох нөхцөл болсон. Түүнээс өмнө Оросууд тодорхой түвшинд хязгаартай байсан. Энэ хоёр улсыг холбож буй зүйл нь социализм. Аль аль нь социалист чиг баримжаатай хөгжиж байгаа. Үүнээсээ ухраагүй гэдгийг бид хатуу санах ёстой. Бид өөрийгөө ардчилсан улс гэдэг ч бид хоёр том социалист улсын дундах хавчигдмал улс. Тэгэхээр манай улсын гадаад орчин бол неомарксист орчин. Ийм том гүрнүүдээр хүрээлүүлсэн бодлогын орчинд байж бид шууд барууны либерал бодлого явуулах ямар ч боломжгүй. Энэ эрсдэлээ ард түмэндээ сайн ойлгуулж байхгүй бол хэт их хөршүүд рүүгээ дайрсан байр суурьтай байна. Тэр улсуудын бодлого биднээс болж өөрчлөгдөнө гэж байхгүй. Үүнийг ойлгож, ойлголтын зөрүү дээр алдаа оноогоо дэнслэх нь бидний үүрэг. Дутуу мэдээлэл өгчхөөд, дундуур ойлголттой хүмүүсийг янз бүрийн байдлаар турхираад улстөржүүлээд, хөршүүдийнх эсрэг ашиглаж болохгүй. Иймээс манай улсын хувьд мэдээлэл маш чухал.
Орос, Хятад дайн дуустал хамтдаа байна. Дайны ард том гүрнүүдэд мөнхийн найз, дайсан гэж байхгүй. Мөнхийн эрх ашиг гэж байгаа. Тэд Ази Номхон далайн бүс нутагт өрсөлдөх гэж байна. Күнзийн соёл давамгайлсан улсууд байгаа болохоор Хятадын нөлөө уугуул, том соёлтой улсын хувьд хүчтэй байна байх. Гэхдээ Орос хязгаарлагч хүч нь мөн. Ялангуяа Монгол, Казахстан, Стануудын дунд өрсөлдөөн энэ бүсэд байгаа. Тэгэхээр тэнцвэртэй байхад л анхаарах хэрэгтэй. Манай улсын хувьд Хятадаас хэт хамааралтай байгааг бүгд мэдэж байгаа байх. Иймд бид Хятадын түүхий эдийн хавсарга мэт болж хувирч байгаа. Үүнийг өөрчилье гэвэл бид Оростой эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэхээс өөр арга байхгүй. Тиймээс мега төслүүдэд нь хамтарч оролцоод, бүс нутагтаа хамтарсан хөрөнгө оруулалт хэлбэрээр зах зээлийн эдийн засгийнхаа хэлбэрүүдийг төрөлжүүлж, хөгжүүлэх, эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй. Харин бид барууны үзлээр Оросын эсрэг байвал хол явахгүй. Хоёр хөршийнхөө дунд байгаа учраас гурав дахь, дөрөв дэх гэж байхгүй. Орос болон Монгол аль аль нь байгалийн нөөц ихтэй. Тиймээс нэгдмэл эрх ашгаа хамгаалах нөхцөл цаашид үүсэхийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр найрсаг харилцаагаа хадгалж үлдэх нь манай улсын эрх ашигт нийцнэ.
-У.Хүрэлсүх Ерөнхийлөгч төрийн айлчлалууд маш их хүлээж авч байна. Энэ нь манай улсын гуравдагч хөршийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Манай улсын гадаад бодлого сайн, стратеги нь зөв байна. Мөн хэрэгжүүлж буй байдал нь хурдан шуурхай, мэдрэмжтэй гадаад бодлого явуулж байгаа. Үүгээр бид гадаад бодлогын имиж бүрдүүлж байгаа. Хэн нэгэнтэй дайсагнахгүй. Өрнө, Дорнын зөрчил дунд хөршүүдтэйгээ ч хамтын ажиллагааны нягт уламжлалаа хадгалаад хажуугаар нь Өрнийн орнуудтай 30 жил ойртож, нягтарсан. Хөршүүдээсээ илүү Өрнийн орнуудыг мэддэг, ойлгодог болсон. Тэд нартай хувь хүн, байгууллага, институцын бүх түвшинд харьцаад ирэхээр мэдэрдэг болж байна. Харин одоо үндэстэн дамнасан корпорац буюу Оюу толгой шиг том компаниудтай хийж байгаа гэрээн дээрээ унаад байна. Ирээдүйд энэ алдаагаа засах бүрэн боломжтой гэсэн хүлээлттэй байгаа. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн Тамгын газар, бодлогын зөвлөхүүд нь мэдрэмжтэй байна. Зөвлөхүүдээ мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлсэн нь байгаа оносон. Эгзэгтэй үед гаднын урьж байгаа зочид, мэдэгдлүүд Монгол Улсыг тодорхой товойлгож харагдуулж, өөрийнхөө улсыг хүнд цаг үед эрсдэл багатай аваад гарах чадамжтай, хүчтэй институт гэж харуулж байгаа.
-Ер нь олон улсын харилцаанд бид одоо юун дээр анхаарах шаардлагатай байна вэ?
-Манай улс үзэл сурталжсан гадаад бодлогоос зайлсхийх хэрэгтэй. Үзэл сурталжсан гэдэг нь түүхээс улбаатай байж болно. Оросын эсрэг Өрнийн бодлого бол үзэн ядах бодлого гэх юм уу даа. Энэ нь эргээд манай улсын дотоодын мега төслүүд, хөршүүдтэй харилцах харилцаанд ч гэсэн нөлөөлөх нөлөөлөл харагдаж байна. Үүнд автагдахгүй байх нь маш чухал. Иймээс өөрийн улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, манай улс яагаад ийм бодлого явуулахад хүрч байгаа вэ гэдэг суурь шалтгаануудыг монгол хүн сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгээд улстөржихгүй байх шаардлагатай. Эрх ашгийн эрэмбэ гэж бий. Эрх ашгийн эрэмбээ барьж, улсын эрх ашиг ямагт дээгүүр байх хэрэгтэй. Иргэн хүний үзэл бодол гадаад бодлогод маш хүчтэй тусдаг болсон цаг үе шүү. Иргэд үүнд анхаараарай.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн