МУИС-ийн багш, улс төр судлаач, дэд профессор Б.Эрдэнэдалайтай орон нутгийн сонгуулийн талаар ярилцлаа.
-Орон нутгийн сонгууль ирэх сарын 11-нд болох гэж байна. Орон нутгийн сонгуулийн ач холбогдлын талаар яриагаа эхэлье?
-Орон нутгийн сонгууль гэхээр манайхан тоохгүй, ач холбогдол өгөхгүй байх хандлагатай байдаг. Яагаад гэхээр 1992 оноос хойш явуулсан найман удаагийн орон нутгийн сонгуулийг харахаар ирц нь Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуультай харьцуулахад маш доогуур үзүүлэлттэй байдаг. Орон нутгийн сонгуулийн маш олон хэсгийн хороод дээр дахин сонгуулийг явуулж байсан. Сүүлдээ нэмэлт санал хураалт явуулдаг болсон. Нэмэлт санал хураалт явуулаад ч ирц 50 хувьдаа хүрэхгүй болохоор 2020 оны Орон нутгийн сонгуулийн тухай хууль дээр ирцийн босгогүй болгосон. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг ч ирцийн босгогүй хийх гэж байгаа. Орон нутгийн сонгууль бусад сонгуультай л ижил, өндөр ач холбогдолтой шүү гэдгийг ойлгуулахгүй байгаа учраас иргэд ач холбогдол өгөхгүй, оролцохгүй байгаа юм. Нөгөө талдаа иргэд сонгуулийн ач холбогдлыг мэдээд байгаа боловч маш их шилжилт хөдөлгөөний үед санал хураалт явдаг учраас саналаа өгч чадахгүй байгаа нь манай сургуулийн багш нарын хийсэн судалгааны үр дүн харуулсан.
Уг нь ач холбогдлын хувьд бидний амьдарч байгаа хороо дүүрэг, амьдарч байгаа орчныг тохижуулах, үүнтэй холбоотой шийдвэрүүдийг гаргадаг жижиг парламентаа бид сонгох гэж байгаа юм. УИХ-ын гишүүдээсээ хүсээд байдаг зүйлүүдийг орон нутгийн төлөөлөгчид иргэдийнхээ санаа бодол дээр тулгуурлаж шийддэг, бодлогын сонголтыг бидэнд өгдөг чухал институт юм. Гэтэл орон нутгийн нэгжийн хийх ёстой ажлыг УИХ-ын гишүүдээс нэхээд байгаа учраас парламентын гишүүд нь үүн дээр нь дөрөөлж саналыг нь худалдаж аваад, наймаалцдаг зүйл рүү л орчихсон байна. Иргэд ядаж Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгадаа идэвхтэй оролцдог байх хэрэгтэй.
-Орон нутгийн сонгуульд иргэд ач холбогдол өгөхгүй, ирц муу байсаар ирсэн. Тэгвэл УИХ-ын сонгуультай хамтад нь явуулбал үр дүнтэй болж чадах болов уу?
-Өмнө нь нэг удаа УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулж байсан. Дэлхийн улс орнуудад ч парламентын сонгуулийг орон нутгийн хурлын сонгуультай цуг явуулж байсан туршлага ч байдаг. Гэхдээ үүний давуу болон сул тал гэж бий. Тухайлбал, сонгогчид нь улс төрийн боловсрол тааруу, УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн ялгааг төдийлөн мэдэхгүй, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ялгаж уншиж чадахгүй байгаа тохиолдолд заавал цуг явуулах албагүй. Бид сая УИХ-ынхаа сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад нэг тойрог дээр маш олон нэр дэвшигчтэй байлаа. Энэ тохиолдолд бүх нэр дэвшигчтэйгээ танилцах, намуудын мөрийн хөтөлбөрийг бүгдийг нь уншиж, харьцуулна гэдэг нүсэр болчихож байгаа юм. Үүн дээр нэмээд орон нутгийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигчид орж ирнэ гэхээр хэцүү. Нэг үгээр хэлбэл, манайд энэ бодлогын хувилбар зохихгүй гэсэн үг. Харин УИХ, орон нутгийн сонгуулийг тусдаа явуулах нь манайд зохимжтой. Гэхдээ цаг хугацааны хувьд хэзээ байх вэ гэдэг нь чухал. Зургадугаар сарын сүүлээр УИХ-ын сонгуульд маш их ач холбогдол өгдөг. Харин орон нутгийн сонгууль аравдугаар сард болохоор энэ үеэр хичээл эхэлж, ажил ундардаг, шилжилтийн цаг үе байгаа нь иргэд ач холбогдол өгөх нь бага байгаад байна.
Нөгөө талаараа үндэсний хэмжээнд сонгогчдын орон нутгийн сонгуулийн талаар санаа бодлын судалгааг 2022 онд хийж байсан. Энэ судалгаагаар иргэд сонгуульд саналаа өгмөөр байна, ач холбогдлыг нь мэдэж байна. Гэхдээ би заавал нэг өдөр чөлөө аваад, орон нутагтаа очиж саналаа өгөх нь хэцүү байна. Мөн гадаадад байгаа сонгогчдын саналыг авч чадахгүй байгаа. Тиймээс гаднын улс орнуудыг шиг и-мэйлээр санал авах гэдэг юм уу технологийн шийдлүүдийг ашиглаад асуудалгүй саналаа өгдөг байвал орон нутгийн сонгуулийн ирц хүрэхгүй, иргэд тоохгүй байна гэх асуудал шийдэгдэнэ. Үүнийг СЕХ, ер нь бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай.
-Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиуддаа өөрчлөлт оруулж, тогтолцооны хувьд шинэчлэл хийж байгааг эрх баригч нам хэлж байсан. Гэтэл Орон нутгийн сонгуулийн хуулиа өөрчлөлгүй, 2020 оны хуулиараа сонгуулиа явуулах гэж байна. Энэ тохиолдолд яриад байсан шинэчлэлээ хийж чадах уу?
-Шинэчлэл гэдэг бол тоонд байхгүй. Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүллээ. Цаашдаа ч бодлогын асуудлууд байнга үргэлжилж, зөв шийдэл, хувилбарууд иргэдэд ирж л байх ёстой. 76-г 126 болголоо гээд орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн тоог өөрчлөх ч юм уу, механик өөрчлөлтүүдийг хийж болохгүй. Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн институтийн эрх мэдэл, захиран зарцуулах төсвийн хэмжээ хүртэл нэмэгдсэн. Тиймээс орон нутгийн сонгуульд ач холбогдол өгөх шаардлагатай.
Манай тогтолцоо аль ч сонгуульд амжилт гаргах үндэс нь орон нутагт суурилсан намын анхан шатны үүр нэгжүүд. Тэр нэгжүүдэд байгаа хүмүүс тухайн орон нутгийнхаа засаг захиргааны нэгжид ажиллаж байгаа нь амжилтыг бий болгоход нөлөөлөөд байгаа юм. Манай бүх аймаг, сумдад намын анхан шатны үүртэй хоёрхон нам байна. Бусад намд тийм боломж байхгүй байна. 1992 оноос хойших орон нутгийн бүх сонгуулийг харахаар МАН, АН бүх суудалд хүнээ нэр дэвшүүлдэг бол бусад намууд эвсэл болж орсон ч бүх суудлууд дээр нэр дэвшүүлж чаддаггүй.
-Засгийн газрыг МАН, АН, ХҮН нам хамтран байгуулсан. Тэгвэл орон нутгийн сонгуульд энэ намууд хамтраад орох уу, орон нутгийн сонгуульд өрсөлдөөд явах уу?
-Парламентын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар эвслийнх байлаа гээд орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульд эвсэж орно гэсэн үг биш. Яагаад гэхээр парламентын сонгууль, орон нутгийн сонгууль хоёр өөр. Тухайн нам сонгуульд хэрхэн оролцохоо дотроо шийднэ.
Орон нутагт байгаа иргэд маш их намчирхаж, талцаж, улстөржилт их байдаг нь орон нутгийн сонгуультай холбоотой. Дэлхийн улс орнууд энэ улстөржилтийг арилгахын тулд улс төрийн намууд анхан шатны нэгжүүд дээр намаар өрсөлдөх шаардлагагүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэд өөрсдөө нэр дэвшээд анхан шатны нэгжийн хурлдаа сонгогдоод ажиллах боломжийг бүрдүүлдэг. ИТХ-ын төлөөлөгчид намын хүмүүс биш учраас орон нутгийнхаа асуудлыг маш сайн зөвшилцөж, шийдэж бодлогын зөв шийдвэрүүд гаргаад явдаг.
-Тэгэхээр намууд орон нутгийн сонгуульд оролцохгүй, иргэд нэр дэвшинэ гэсэн үг үү?
-Намууд орж болно. Мөн иргэд дангаараа нэр дэвшинэ гэсэн үг. Ийм сонголтыг бий болгож байж орон нутгийн улстөржилт, халаа сэлгээ арилна.