Орон нутгийн сонгуулийн санал хураалт ирэх сарын 11-нд орон даяар болно. Тухайн өдрийн 07.00-20.00 цагийн хооронд иргэдийн саналыг авна.Тодруулбал, энэ сонгуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид буюу ирэх дөрвөн жилд орон нутгийг удирдах төлөөлөгчдөө сонгох юм. Тэгвэл орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорч дуусна. Аймаг нийслэлийн намын хороод өнөөдөр хуралдаж ИТХ-д нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулж дуусах юм. Ингээд нэр дэвшигчдэд энэ сарын 26-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулан өгч, мөн өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Мөн энэ удаагийн орон нутгийн сонгууль хуучин хуулиараа буюу 2020 оны хуулиар зохион байгуулагдана. Учир нь өмнөх парламент хуулийн хугацаандаа багтаж, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж амжаагүй юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг сонгууль болохоос өмнөх нэг жилийн хугацаанд өөрчлөхгүй байх зохицуулалттай байлаа. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийн хуулийг өнгөрсөн аравдугаар сараас өмнө өөрчлөх ёстой байсан гэсэн үг. Гэвч энэ хугацаанд багтаан хуулиа өөрчилж чадаагүй билээ.