Монголын олон улсын эдийн засгийндээд сургуулийн зочин профессор Ikeda Norihiko-ийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Асуудлын үзүүр: Дотоод Азид гарч буй өөрчлөлтүүд
1991 онд Зөвлөлт Холбоот Улс хэмээх эзэнт гүрэн задран унав. Энэ үйл явдлыг өнөөгийн Оросын удирдагч Путин 20-р зууны геополитикийн хамгийн том эмгэнэл гэж дүгнэж байв. Евразид улс төрийн томоохон өөрчлөлт гарсан гэдэгтэй маргахын аргагүй. 21 дүгээр зуун эхэлснээр 2022 оны 2 дугаар сард Украин руу чиглэсэн цэргийн тусгай ажиллагаа эхэлж, өнөө хэр үргэлжилж байна. Украиныг НАТО, Европын холбоо мэт нь дэмжиж, хоёр тал үхэх сэхэхээ үзэх дайны горимд ороод байна.
Энэ оны сүүлээр Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч гал зогсоох асуудлыг тойрон шинээр ямар нэг хөдөлгөөн гарах биз ээ. Энэ дайн нь Оросын байр суурийг хүчтэй болгосон уу? Харин ч эсрэгээрээ Евразийн шинэ тоглогч гэдэг утгаар Хятадын эзлэх орон зай нь Оросыг дийлж эхэлж байгаа мэт дүр зураг харагдаж байна. Тэр мэт нөхцөл байдлыг хэрхэн авч үзэх вэ гэдэг нь, Евразийн геополитикийн цаашдын хамгийн том сэдэв болох буй за.
Японы Кишида ерөнхий сайд Өмнөд далайгаас эхтэй газар хөдлөлтийн асуудлыг илүү дээгүүрт авч үзсэнээр, Монгол зэрэг Төв Азийн улсуудад хийх айчлалаа түр хойшлуулаад байна.
Түүнтэй холбоотойгоор, анзаарахгүй байгаа улс төрийн мэдрэмж хаанаас учиг авах ёстой вэ гэдгийг бодож үзье. Дотоод Азийн орох хаалган дээр байрлах Монголын тал, энэ үйл явдалд сэтгэл гонсгор үлдээгүй гэж үү? Энэ талаар бодож үзэх санаа Кишида ерөнхий сайдад байсан гэж бодогдохгүй л байна. Дээрээс нь, тэрээр 8 дугаар сарын 14-нд хээв нэг 9 дүгээр сард болох Либерал ардчилсан намын тэргүүний сонгуульд оролцохгүй гэдгээ зарлан мэдэгдээд орхилоо.
Нийтлэлийн доорх хэсэгт Оросын байр суурь суларч буйтай зэрэгцээд Хятадын нөлөөлөл тэлж буй нөхцөлд Монгол ямар байдлаар хариу үйлдэл хийвэл зохих талаар бодож эргэцүүлье. Монгол хийгээд Дотоод Азийн тухайд, Хятад, Орос гэсэн хэт их гүрнүүдийн завсар хавчуурганд хийж чадах зүйл байх ёстой гэж бодном. Тэр үйл хэргийн тухайд, Японы үүрэг оролцоог ч бодолцсоны үндсэн дээр нухацтайхан эргэцүүлж үзэхийг хүслээ.
Хятад, Оросын дундах жийрэг улс Монгол
Кишидагийн айлчлалтай холбогдуулан Янь хэмээх багштан, Японы томоохон сонинуудын нэг Санкэй-ийн Сэйрон гэх буланд, “Төв Ази ба Монголд шинэ зам нээх нь” гэсэн гарчигтай нэн чухал онолын санал дэвшүүлжээ (8 сарын 7). Энэ нийтлэлийн агуулга хэдийгээр цаг үеэ олсон санал байсан авч, Кишидагийн айлчлал хойшлогдсоноор үр дүнгүй зүйл болон замхарч орхив.
Ян профессор “Дотоод Ази ба Монгол” гэж гарчигласан нь, эдгээр улсууд Хятад, Оросын дунд орших газарзүйн нөхцөл талыг бодолцож үзсэнийх юм. Тэнд Японы зүгээс “Хамтын хөгжил цэцэглэл”-ийг зорьсон элдэв бодлогыг бодитоор явуулах нь, харьцангуйгаар, Хятадын Бүс ба зам бодлогын “Бүс” хэсэгт нь шинэ хүчин зүйл гаргаж ирэх боломжтой болох юм.
Эрэг хөвөө бүсийн тухайд, дээрээс нь, далайн гүрэн Японоос тухайн улсуудтайх харилцаагаа ойр нягт болгох нь, ямархан утга учиртай үйл хэрэг болох вэ? Үүний хамаг нарийн учир холбогдол нь, Евразийн хоёр их гүрэн Хятад, Оросын дунд жийрэг бүс бий болгоход хувь нэмэр болгохын тухайд оршино. Жийргийн бүсийг зузааруулах нь Украины дайнд асуудалгүй хэвийн байгаа гэж хэлж үл болох Оросын тухайд таатай үр дагаврыг үүсгэнэ.
Монголын гадаад бодлогод “Цөмийн зэвсэггүй бүс” гэдгээ зарлаж, бие даасан байдлаа бэхжүүлсэн томоохон амжилт бий. Монголын хоёр хөрш Хятад, Оросын аль аль нь Америк ба Англи бас Франц зэрэг цөмийн зэвсэгтэй улсуудын эсрэг зогсож чадах цөөхөн тооны цөмийн зэвсэгтэй улсуудын бүлэгт хамрагдана.
1. Монголын талаарх Хятад, Оросын байр суурь
Угсаатныхаа хувьд Монгол нь, өнөөгийн Монгол Улс төдийгөөр хязгаарлагдахгүй. Оросын хил дотор Монгол Улстай хиллэх Тува, Байгал нуурын зүүн эргээрх Буриад, нэлээн алсхан Каспийн тэнгисийн баруун хойдод байрлах Халимагийн БНУ зэрэгт суух монголчууд гээд янз бүрийн ястан омгууд бий. Хятад талд, Ян профессорын уугуул нутаг болох Өвөр Монголын өөртөө засах мужийн монголчууд бий. Хуучин Манж (хятадын зүүн хойд гурван муж) дахь Шин-ань, бас Шинжаан, Хөх нуур гэх зэрэгт тархан суусан буй.
Монгол хүмүүс нь антропологийн хувьд нэгэн цул монгол үндэстэн болох авч, төр улсын тухайд хэд хэд салж тусгаарлагдан суух болжээ. Орчин үеийн Хятад, Оросын улстөр, гадаад бодлого нь монгол үндэстний олон омог ястны талаар янз бүрийн бодлого санаачилга гаргаж үзэж байв. Их гүрнүүд хоорондын ашиг сонирхлын элдэв зохицуулгын үр дүнд монголчуудыг таслан хуваах бодлогыг хэрэгжүүлж ирсэн юм. Энэ бодлогын үнэн, худал, зөв буруугийн талаар энд үл хөнднөм.
Гагцхүү, угсаатных нь хувьд монголчуудыг хэрхэн авч үзэх нь, өнөөгийн таслагдаж хуваагдсаныг нь жирийн бус үзэгдэл гэж үзэх үү, аль эсвэл түүгээрээ байхад болно гэж тооцох уу гэдгээс хамаараад мөн чанарын хувьд нюанс нь өөрчлөгдөж ирнэ. Өнөөгийн байдлыг үүсгэх хүртлээ Хятад, Орос хоёр нь хэд хэдэнтээ гэрээ хэлэлцээр давхцуулан хийж байж, “харилцан буулт хийсээр” хүрч ирсэн билээ. Чингэхдээ, Монголын байр суурийг бодолцож үзсэн нь, мэдээжээр, үгүй.
Дээр дурьдсан Ян профессорын нийтлэлд Путин “Монголд айлчлах үеэрээ тус улсын төрийн дуулал эгшиглэхэд нүднээсээ нулимс дусааж байсан мөч бий” гэснийг уншаад сэтгэлд нэгэн зүйл бодогдов. Хятадын ямар ч улс төр, намын хариуцлагатны зүгээс ийм үйл хөдлөл хэрхэвч гарахгүй биз ээ. Тиймээс, Монголын асуудлаарх Хятад, Оросын далд хэлэлцээрүүдэд хоёр талын санаа зорилго огт өөр хэмжээс чиглэлтэй байж, хэзээ ч үл давхцах зүйл байж ирсэн бөгөөд цаашдаа ч тийм л байх биз ээ гэх бодол төрж байлаа. Тэнд л, Хятад, Оросын аль алинд нь амьдран суух монгол үндэстний олон ястан угсаатны тухай бодохын сацуу, жийрэг улс болохынхоо хувиар Монголын гэсэн өвөрмөц үүрэг үйлс байж болох бус уу.
2. Монголын орчин үеийн ба өнөө цагийн түүхээс авах сургамж
Славян хүмүүс буюу оросууд Уралын нуруу даван дорнош чиглэн шилжин суурьших болсноос хойш, Манжийн Чин гүрний үеийн Монгол нь, Орос-Чингийн сөргөлдөөний хөлд үрэгдэх болжээ. 1911 оны Циньхуан хувьсгалын дараа, Чин улс мөхсөн хойно ч гэсэн, Монголоор оролдох явдал улам ширүүсчээ. Энэ үед Монгол үндэстний дотор тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөж эхэлснээр нөхцөл байдал улам дордох болов.
1917 оны Оросын тооллоорх 10 дугаар сарын хувьсгал гэгч нь Монголд ноцтой нөлөө үзүүлжээ. Японд “Манмо” гэх үг хэллэг гарч байсан нь, монголчуудын тухайд багагүй төвөг учруулсан зүйл байв. Манж, Монгол гэж хамтад нь хэлэлцэх сэдвүүд биш сэн. Энэ байдал, Орос, Хятадын жийрэг бүсийг бүрдүүлэгч хүчин зүйлсийн нэг болсон Монголын талаар япон хүн олигтойхон алсыг харсан бодлогогүй байсантай холбоотой.
Япон 1918 онд Сибирьт цэрэг илгээснийгээ 1922 онд буцаан татсан бөгөөд түүнээс 2 жилийн хойно 1924 оны 11 сард Монголд Зөвлөлтийн удирдлагын дор социалист хэв маягийн засаглал тогтов. Мөнхүү оны 1 сард Хятадад гоминдан намын анхдугаар их хурал болж, Зөвлөлттэй хөл мөр нийлүүлэн явах жанжин шугамыг баталжээ. Тэр хувьсгалын удирдагч нь болох Сонбүн буюу Сүн Ятсен хээв нэг хөндий царайлж байгаад Японы эсрэг бодлого хэрэгжүүлж эхэлсэн билээ.
1932 онд Манж улс буюу Манжгуо байгуулагдав. Зөвлөлтийн засаглал дорх 30-аад оны Сталины их цэвэрлэгээ-хэлмэгдүүлэлт Монголд ч өрнөв. Ойролцоогоор 500 мянга орчим хүн амтай Монголын мэдлэг авьяастай хэдэн түмэн иргэдийг цааш харуулжээ. Ийнхүү бие даах бодлогын үрийг таригчид үгүй болов. Японы империализмтай холбоотой байсан гэх шалтгаар Монгол Улсыг бүтээн босгоход чухал хувь нэмэр оруулах учиртай чадварлаг хүний нөөцийг ил, далд аргаар алж устгажээ.
Хожим 1980-аад оны сүүлээрх Зүүн Европын хувьсгалын нөлөөгөөр 1989-1990 оны эхэн үе хүртэл өрнөсөн Ардчилсан хувьсгалын үр дүнд өнөөгийн Монгол Улс бүрэлдэж буй болов. Тэр цаг үед Бээжинд болсон Тианьаньминий цуст аллагыг дууриан тийм замаар ардчилсан хөдөлгөөнийг дараагүйд нь, тэр үеийн цор ганц улс төрийн нам болох Монгол ардын хувьсгалт нам, нөгөө талаас ардчиллыг нэхэж тэмцсэн монголын ард түмний аль алинд нь байсан монголын уламжлалт ухааныг өндрөөр үнэлэхээс өөр аргагүй.
Дүгнэлт: Хятад, Оросын дундах жийрэг гэдгээ ухварлах нь
Улс төрийн хувьд бие даах нь эдийн засгаар бие даасны дараа боломжтой болно. Монголд хангалттай арвин их газрын баялаг бий. Бараг бүхэлдээ гар хүрээгүй хэвээрээ хадгалагдан буй. Нүүрс, төмрийн хүдэр гэхэд Хятадад нэн чухал хэрэгтэй түүхий эд юм. Хятадад хэт найдвал эцэстээ тэр чигээрээ Хятадаас хамааралтай болж гүйцнэ. Өнөөгийн Орос улсад Монголын аж үйлдвэрийн хөгжилд хувь тус болох боломж хомс ажээ. Энэ бол Монголд хятадын нөлөө ихсэхээс аргагүй байдлыг илтгэж байна.
Японоос тус улсад үзүүлсэн эдийн засгийн хамтын ажиллагааны тусламж гэвэл, зээл ба буцалтгүй тусламжийг нийлүүлээд 360 тэрбум гаруй иен гэх асар том тоо гарах бөгөөд тэрхүү хамтын ажиллагааны талаарх зардал-үр ашгийн тооцоог хийсэн үнэлэлт дүгнэлт олон нийтэд ямархан түвшинд мэдээлэгдсэн бол гэх асуулт зүй ёсоор гарч ирнэ. Хятад Оросын дундах жийрэг бүсийг жинхэнэ утгаар бий болгоход стратегич хандлага сэтгэлгээ зайлшгүй хэрэгтэй гэдгийг ямар түвшинд ойлгож ухаарч байгаа бол? Тэрхүү стратегийн зорилт, буюу концепцийг тодорхойлж гаргах ажлыг төр, хувийн хэвшил, академик хүрээллийн хамтарсан түвшинд хийж эхэлсэн үү?
Украины дайн 2022 оны 2 сард эхэлснээс хойш хэдийнэ 2 жил хагас өнгөрчээ. Төд их сунжралгүй, хэт их гүрнүүд болох Хятад Оросын дундах Дотоод Ази хэмээх талбараа бүрэн утгаар ашиглах жинхэнэ ёсны үйл ажиллагааны талаар, монголын гадаад бодлогын оруулж болох хувь нэмэр, түүний агуулга ямар байж болохыг бодож, эрэл хайгуул хийх ёстой цаг үе тулж иржээ гэж бодогдоно.