ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаатай холбоотойгоор гаднын хэвлэлүүд Олон Улсын Эрүүгийн шүүхийн шийдвэрийг холбон мэдээллүүд гаргасаар байна. “Newsx” сайтад нийтлэгдсэн нийтлэлийг тоймлон хүргэж байна. Украины тал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх долоо хоногт Монгол Улсад айлчлахын өмнө тус улсаас Путиныг баривчлахыг шаардсан бөгөөд энэ нь шүүхээс түүнийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш Олон Улсын Эрүүгийн шүүхийн (ОУЭШ) гишүүн улсад хийх анхны айлчлал болох юм.
Шүүхээс Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн, ялангуяа мөргөлдөөн эхэлснээс хойш хүүхдүүдийг Украинаас Орос руу хууль бусаар албадан гаргасан гэж буруутгаж байна. ОУЭШ-ийн хэвлэлийн төлөөлөгч BBC-д мэдээлснээр Монголын албаны хүмүүс ОУЭШ-ийн дүрмийг дагаж мөрдөх "үүрэгтэй" боловч энэ нь заавал баривчлах ёстой гэсэн үг биш аж.
Маргааш хийхээр төлөвлөж буй айлчлалын талаар Кремль "санаа зовох зүйлгүй" гэж мэдэгдсэн. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хандан “Монголын түншүүдтэй маш сайн харилцаатай бөгөөд Ерөнхийлөгчийн айлчлалыг сайтар бэлтгэсэн” гэж мэдэгджээ.