ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх тов гарсан. Тус айлчлалын үеэр ТЭЦ-III-ыг өргөтгөх зураг төслийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах аж. Уг хэлэлцээрийн асуудлыг өчигдөр Ээлжит бус чуулган завсарлахаас өмнө холбогдох байнгын хороодоор хэлэлцсэн. Уг асуудалд УИХ-ын зарим гишүүн нэлээд шүүмжлэлтэй хандаж, холбогдох салбарын сайд нараас асуулт асууж, хариулт авсан юм.
-УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Аюулгүй байдлын шалгуур гэдэг бол улс орны тусгаар тогтголтой холбоотой асуудал. Аюулгүй байдлын шалгуур гэдэг дээр та салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна. Аль нэг улсын Ерөнхийлөгч Монголд айлчлах болгонд түүнд зориулсан нөхцөл байдлаар их хурлынхаа процессоо зөрчих нь зөв үү буруу юу. Та ямар байр суурьтай байна?
-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн : Аюулгүй байдлын ямар шалгуур байдгийг би мэдэхгүй. Ж.Энхбаяр сайд хариулах байх.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой ямар нэг хууль дүрэм зөрчөөгүй. Гишүүд, Засгийн газар хурдтай ажиллах шаардлагатай байна. Бид ард түмэнд олон зүйл амласан. ОХУ-ын талаас бол Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зуръя гэдэг хүсэлт илэрхийлснийг нь хүлээж авсан.
-ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Миний бие сонгуулийн өмнө Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж Үндсэн хуулийн дараа орох томоохон эрх зүйн бичиг баримт. Түүн дотор Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг бий. Түүний онцгой нэг байр суурь нь эрчим хүчний аюулгүй байдлын асуудал байдаг. Эрчим хүчний аюулгүй байдал Монгол Улсад ноцтой алдагдаж байна. Улс орны эдийн засгийн хөгжил, хүн ам өсөн нэмэгдэж эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний өнөөгийн байдал хүрэлцэхгүй байгааг бид бүгд мэднэ. Нэгд, эрчим хүчний салбарыг яаралтай либералчлах, хоёрт, манай эрчим хүчний систем үндсэндээ хуучнаар ЗХУ-ын үед хөрөнгө оруулалт, техник технологи бүгд тэр үеийн зураг төслөөр тооцогдож, баригдсан. Тэр станцыг өргөтгөх асуудал ярьж байгаа болохоор ОХУ-ын үйлдвэрлэл, тоног төхөөрөмжөөр өргөтгөх нь зүйтэй.
Нөгөө талаас зээлийн таатай нөхцөлтэй. Дэлхийн зах зээлийн эх үүсвэр 10 хувиас доош орохгүй байгаа үед 20 жилийн хугацаатай, 2 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлж байгаа. Энэ бол Монгол Улсад III цахилгаан станцыг өргөтгөхөд онцгой ач холбогдолтой гэж үзэж ОХУ-тай хийх нь зүйтэй. Нөгөө талаас эрчим хүчний салбар дахь хоёр хөршийн хөрөнгө оруулалтын балансыг тэнцвэржүүлэхэд улс орны гол эрх ашиг оршдог. Харамсалтай нь энэ салбар дахь хөрөнгө оруулалтын тэнцвэр алдагдсан. Энэ тэнцвэртэй байдлыг хангахад ОХУ-ын санхүүжилтээр хийгдэх III цахилгаан станцын өргөтгөл онцгой чухал ач холбогдолтой талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яригдаж, тухайн үед бодлогын чиглэл гарч байсан. Улс орны, эрчим хүчний аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын олон зүйл заалтад нийцтэй. ТЭЦ-III-ыг өргөтгөх ажлыг олон жил ярьж байгаа. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурах, зураг төслийн ажлыг эхлэх нь зүйтэй.
-УИХ-ын гишүүн Ө.Шижир: Цахилгаан станц өргөтгөх зураг төслийн гэрээг хоёр талаас хэлэлцсэн гэж ойлгосон. Гэвч энэ гэрээ биш тулган шаардсан бичиг байна. Монгол Улсын хууль тогтоомжид заасан худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр "Монголын талын эрх олгогдсон байгууллага Оросын талын эрх олгосон байгууллагатай зураг төслийн гэрээг байгуулна. Зураг төслийн боловсруулалтай холбоотой бүх баримт бичгийг бэлтгэхэд орос, монгол болон англи хэлийг ашиглах ба орос хэлийг давуу хэл болгон баталгаажуулна. Зураг төсөлтэй холбоотой ОХУ-ын норм, дүрэм, стандартын дагуу зураг төсөл боловсруулсныг баталгаажуулна” гэж заасан байна. Манай талаас ийм тулган шаардсан зүйлийг хүлээн зөвшөөрсөн юм уу. Энэ чинь гэрээ биш тулган шаардсан бичиг байна. Үүнд ажлын хэсэг, салбарын сайд ямар байр суурьтай байна?
-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Өнгөрсөн гурав дахь өдөр Засгийн Газар, УИХ-д бичиг хүрүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд хоёр хоногийн өмнө хүргүүлсэн. Орос хэлийг давуу болгох нөхцөлөөр гэрээ байгуулахаар ярьж байгаа. Олон улсын гэрээ байгуулагдах учраас Монголын тендерийн хууль үйлчлэхгүй.
Норм стандартын тухайд сүүлийн 30 жил ийм хүчин чадалтай станц өргөтгөлд ороогүй, манай стандарт хуучирсан учраас Оросын стандарт, Монголын стандарт хоёр бараг адилхан учраас оросын стандартаар хийе гээд хэлчихсэн юм. Гэхдээ Монголын тусгай шаардлагуудыг заавал тусгана.
-УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх зайлшгүй шаардлагатай. Гэвч яагаад гэнэт оруулж ирэв. Зөвхөн Оростой хэлэлцээр хийсэн үү эсвэл гуравдагч орнуудтай бас хэлэлцээр хийсэн үү. Танилцуулга дээр байгаа үнийн талаар асуудал их байна. Нийт 1.3 тэрбум евро гэсэн байна. Тэгэхээр 1 МВт-ын үнэ 4 сая ам.доллар болж байна. Үүнийг маш өндөр үнэ гэж харж байна. Рублийн зээл гэж дурдагдсан боловч хөрөнгө оруулалт нь еврогоор илэрхийлэгдсэн байна, энэ ямар учиртай юм бэ. Ер нь энэ цаг үед рублийн зээл авах нь хэр зөв бэ. Хэлэлцээрийн гуравдугаар зүйлд Монгол Улсын хууль тогтоомжид заасан худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр, Монголын талын эрх олгогдсон байгууллага оросын талын эрх олгогдсон байгууллагатай зураг төслийн гэрээ байгуулна гэсэн байна. Үүнийг хууль зөрчсөн заалт гэж харж байна?
-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Би 2022 оны наймдугаар сарын 30-нд Эрчим хүчний сайдаар томилогдсон. ТЭЦ-III-ыг өргөтгөх асуудал бол гэнэт оруулж ирсэн асуудал биш. Надаас өмнөх Эрчим хүчний сайд нар эхлүүлээд явж байсан төсөл. ТЭЗҮ-ээ Оросын компаниар хийлгээд ирүүлсэн. 1 тэрбум 326 сая еврогоор цахилгаан 300 МВт, дулаан 400 орчим МВт-ын төслийг хэрэгжүүлнэ гэх саналыг ирүүлдэг. Бид хэт өндөр үнэтэй байна, үнээ буулгах, санхүүжилтийн нөхцөлийг тохиръё гэдэг шаардлагыг сүүлийн хоёр жилийн хугацаанд Оросын талд хэд хэдэн удаа тавьсан. Хариуд нь Оросууд нарийвчилсан зураг төсөлгүй учраас үнийг урьдчилж тохирох боломжгүй. Танай талаас мөнгөө гаргаад нарийвчилсан зургаа гарга, түүний дараа үнэ тохирч болно гэх байр суурийг илэрхийлдэг.
Есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үед гэрээнд гарын үсэг зуръя гэдгийг хоёр улсын Засгийн газар илэрхийлсэн. Энэ зөвхөн зураг төсөл боловсруулах ажилд гарын үсэг зурна. 2026 оны хоёрдугаар улирал хавьцаа зураг төслийн ажил дууссаны дараа барилгын ажлын гэрээг байгуулах талаар ярина.
Зөвхөн ОХУ-тай гэрээ хийх нь зөв үү гэсэн асуултад хариулъя. Бодит байдал дээр нүүрсний төслийг санхүүжүүлдэг барууны улс орнуудын ямар ч санхүүгийн байгууллага байхгүй. Дээр нь нэмээд БНХАУ 2021 онд Нэгдсэн Үндэсний чуулганд Хятадын газар нутгаас гадна нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй талаар мэдээлсэн. ОХУ-тай хамтрах энэ ажлыг 2019 онд тухайн үеийн Засгийн газрынхан эхлүүлсэн юм байна лээ. Бид Засгийн залгамж чанараараа энэ төслийг дэмжээд Оросоос санхүүжилтийн нөхцөл, бусад нөхцөлүүдийг эцэслэж тохирно. Тэр үед дахиад УИХ-аар оруулна.
-УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Энэ хэлэлцээрт манайх өөрсдөө ТЭЗҮ-ээ санхүүжүүлнэ гэж байгаа бол зөвхөн ТЭЗҮ-тэй холбогдолтой зүйлийг нь тусад нь гэрээ болгож болохгүй юу. Заавал үргэлжилсэн хэлэлцээрийн үе шат руу оруулах ямар хэрэг байгаа юм бэ. Бид нэгэнт өөрсдөө ТЭЗҮ-дээ мөнгө гаргах юм чинь өөр гаднын компанитай хийчихээд дараа нь Оростой хэлэлцээр хийж болно шүү дээ?
-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Өөрсдөө мөнгөө босгочихдог, төсвөөсөө хийчихдэг байсан бол бид юу гэж Оросыг гуйж явах вэ. Аргагүй нөхцөлд орчихоод байна. Жилд 260 МВт-аар манай эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа. Гаднын улсууд, хөрөнгө оруулагчид санхүүжүүлье гээд бид нарыг гуйж байгаа зүйл огт алга. Бидний байгаа царай, боломж нь л энэ.