Open iToim app
Спорт | 2 мин уншина

Паралимпын аварга У.Сүрэнжавын аав Д.Уламбаяр: Миний охин хар багаасаа Таеквондотой нөхөрлөсөн

Паралимпын аварга У.Сүрэнжавын аав Д.Уламбаяр: Миний охин хар багаасаа Таеквондотой нөхөрлөсөн
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 30
Францын Парис хотод эхэлсэн зуны паралимпын XVII наадмын таеквондогийн төрлийн K44 ангиллын 52 кг-ны жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер У.Сүрэнжав алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Тэрбээр шигшээ тулаанд Ираны тамирчин Захра Рахимиг 5:2-оор буулган авснаар Паралимпын наадмаас төрсөн Монголын анхны эмэгтэй аварга болсон юм.
undefined
Бид У.Сүрэнжавын аав Д.Уламбаяртай холбогдож охин нь Паралимпын аварга болсон баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. Паралимпын аварга У.Сүрэнжавын аав Д.Уламбаяр өдгөө 55 настай бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн "Голын эхний ам" гэдэг газар мал маллан амьдардаг байна.
Хөл газар хүрэхгүй л баярлаж, охиноороо бахархаж байна. Удахгүй охиноо тосохоор Улаанбаатар явна
undefined
Паралимпын аварга У.Сүрэнжавын аав Д.Уламбаяр: Сэтгэгдэл маш өндөр байна. Би зургаан хүүхэдтэй. У.Сүрэнжав охин минь миний гурав дахь хүүхэд. Миний охин хар багаасаа Таеквондотой нөхөрлөсөн. Бид хөдөө байдаг, сүлжээ муу учраас одоогоор охинтойгоо холбогдоогүй байна.
Миний охин жаахан байхаасаа л биеэ даасан, сэргэлэн цовоо хүүхэд байсан. Нялх байхаасаа л мал дээр өссөн. Ер нь л аливаа юмыг тултал нь хийдэг, нямбай хүүхэд байсан. Охины минь 10 гаруй жил тууштай хөдөлмөрлөсний үр шим нь өнөөдөр гарлаа. Би зургаан хүүхдэдээ "Өөрөө юу хиймээр байна, түүнийгээ л хий" гэж захидаг.
Би дөрөвдүгээр ангиа төгсөөд л мал дээр гарсан. 30 гаруй жил тууштай мал маллаж байна. Мал маллах чинь тэвчээртэй хүний ажил гэж боддог. Хөдөлмөрлөсний эцэст үр дүн ямагт л ирнэ. Мал дагасан хөдөлмөрийнхөө үр шимээр үр хүүхдүүдээ сайн боловсрол эзэмшихэд нь дэмжиж байна.
Охиныхоо олимпын аварга болсон мэдээг сонсоод хөл газар хүрэхгүй л баярлаж бас бахархаж сууна. Тууштай хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн. Багагүй саад бэрхшээл тулгарсан ч миний охин даваад гарч чадлаа. Охиныг минь олимпын аварга болсон гээд сумаас хүмүүс ирчихсэн, хөл хөдөлгөөн ихтэй байна. Удахгүй охиноо тосохоор Улаанбаатар явна гэлээ.
undefined
У.Сүрэнжав Парамлимпод бэртэлтэй оролцжээ
Паралимпын анхны эмэгтэй аварга Уламбаярын Сүрэнжав нь 2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 2018 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургууль, 2021 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг тус тус төгсжээ.
У.Сүрэнжав Монголын паралимпын тав дахь медаль, гурав дахь алтыг авчирлаа. Мөн эмэгтэй тамирчдаас медаль хүртэж буй анхдагч болж буй юм. Түүнээс өмнө пара байт харваагаар Д.Баатаржав алт (2008), поуэрлифтингээр Э.Содномпилжээ алт (2020), хүрэл (2016), пара жүдогийн төрлөөр Б.Ууганхүү хүрэл (2016) медаль хүртэж байв.
Спортын сэтгүүлч С.Шижирбат "У.Сүрэнжав төрөлхийн гарны асуудалтай төрж, удалгүй нэмж асуудал үүсээд дахиж тайруулах шаардлагатай болоод тайруулсан байна. Тэрээр нурууны үе нь дарагдаад хөл рүүгээ шилжээд хөлөө даахгүй явсан үе, одоо хагалгааны заалттай. Допинг илрээд эрхээ хасуулаад эргэж ирээд өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл аваад ингээд паралимпод түрүүллээ, ховорхон замнал" гэж мэдээлжээ.
undefined

Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн