Open iToim app
Спорт | 2 мин уншина

Завханы аваргаас Парисын паралимпын аварга хүртэл....

Завханы аваргаас Парисын паралимпын аварга хүртэл....
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 30
Францын Парис хотод эхэлсэн зуны паралимпын XVII наадмын таеквондогийн төрлийн K44 ангиллын 52 кг-ны жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер У.Сүрэнжав алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр шигшээ тулаанд Ираны тамирчин Захра Рахимиг 5:2-оор буулган авснаар паралимпын наадмаас төрсөн Монголын анхны эмэгтэй аварга болсон билээ.
undefined
Түүний хувьд паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин, тав дахь медалийг эх орондоо авчирч байна. У.Сүрэнжав нь үүнээс гадна 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин юм. Түүний амжилт болон энэхүү спорттой хэрхэн холбогдсоныг товчхон сийрүүлье.
У.Сүрэнжав гэж хэн бэ
undefined
2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн тэрбээр арваннэгдүгээр ангийн сурагч байхдаа таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд анхны багш нь Завхан аймгийн Улиастай сумын Цагдаагийн ахмад, дэлхийн аварга С.Будхүү юм. Өөрөөр хэлбэл, аймагт нь таеквондогийн секц хичээллэж эхэлсэн бөгөөд түүнд уг спортоор хичээллэхийг санал болгосноор хоёр найзынхаа хамт таеквондод хөл тавьж байсан түүхтэй аж.
Тэрбээр өнгөрсөн Токиогийн паралимпын дараа Үндэсний шигшээ багт данстай болсон байдаг. Тэгвэл анхны медалиа Завхан аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэнээр амжилтын эхлэл нь тавигджээ. У.Сүрэнжав Парисыг зорихоос өмнө өгсөн товч ярилцлагадаа 2008 оны олимпыг гэр бүлээрээ цэнхэр дэлгэцээр үзэж суухдаа жүдогийн Н.Түвшинбаяр, буудлагын О.Гүндэгмаа, боксын Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нараар бахархаж, спортоор хичээллэх хүсэлдээ хөтлөгдөж байсан ч тухайн үед гэр бүлийнхэн нь нас бага гэдэг шалтгаанаар спортоор хичээллэхийг нь зөвшөөрөөгүй аж. Харин таеквондогийн спортоор хичээллэж эхэлснээс хойш анхны медалиа аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэний дараа албан ёсоор эцэг, эх нь бэлтгэл хийх зөвшөөрөл олгож, эргэлт буцалтгүй энэ спортын төлөө зүтгэх болсон байна. Түүний үзүүлсэн томоохон амжилтаас дурдвал 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгө, 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, 2018 оны ААШТ-ий хүрэл, 2024 оны Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний алт, паралимпын наадмын алтан медаль хүртжээ. Түүнчлэн 2023, 2024 онд дэлхийн чансааны цуврал болон олон улсын гранпри тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл, нийт долоон медаль хүртсэн байна. 2018 онд олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртсэн У.Сүрэнжавын амжилтын оргил үе 2023 оноос эхлэлтэй бөгөөд өнөөдөр паралимпын наадмаар үргэлжилж байгаа юм. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн