Өнгөрсөн парламентаар баталсан "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа. Иймээс 126 гишүүн бүрдсэн шинэ парламент “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэж баталлаа. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Чанаргүй эм орж ирээд борлуулдгийг бүгдээрээ мэднэ дээ. Бүгдээрээ бие дээрээ туршсан. Энэ тухай ярьдаггүй, шийдэл гаргадаггүй. Яагаад гэвэл эмийн мафи Монголд үүссэн юм билээ. Мөн зайлшгүй хэрэгтэй хүнд өвчний дараа уудаг эмийг оруулж ирэх зөвшөөрөл байдаггүй. Манай эмч нар тэрийг бичиж өгдөг. Нөгөө эмүүд нь нууцаар орж ирээд гараас гар дамждаг. Хүнд хагалгааны дараа эмээ авч чаддаггүй. Үнэтэй, Монголд оруулж ирэх нь зөвшөөрөгдөөгүй учраас гадагшаа явахдаа тулж байна. Өөрт байгаа байшин, байраа барьцаалаад гадагшаа явж байгаа иргэдийн цуваа тасрахгүй байна. Үнэхээр шаардлагатай эмийг импортын эмийн жагсаалтад яагаад оруулж болдоггүй юм бэ. Энэ дээр мафи чинь жинхэнэ утгаараа ажиллаад байгаа юм биш үү. Хуурамч эм бол утгаа алдсан. Түүнчлэн, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаанд мафи сүлжээ орсон. Хэдэн том эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар, эндээс тэтгэвэр авсан эмч нарын компаниуд л оруулж ирдэг. Түүнийг бас бүгдээрээ мэддэг ч дуугардаггүй. Монгол хүн эмч, лам хоёрын өмнөөс дуугардаггүй ийм зан байх шиг байна. Эдгээр зүйлүүд дээр ямар арга хэмжээ авах вэ?
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Шаардлага өвчин намдаах, шинэ технологи дээр тулгуурласан шинэ эмүүд гэсэн бүртгэл байхгүй. Бүртгүүлэх гэж 6-12 сар хүлээдэг. Бүртгүүлчхээд лабораторид шинжлүүлдэг. Эмийн сонсгол хийж байхад энэ бүх процесс зориудаар эмийн зах зээл дээр бусдыг оруулахгүй байх хориг тавьдаг нутагшчихсан технологи. Тэгэхээр бидний батлах гэж тогтоол дээр ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн өндөр хөгжилтэй оронд хэрэглэхийг зөвшөөрсөн эмийг бид хялбаршуулсан аргаар Монгол Улсад шууд оруулах боломжийг бүрдүүлнэ. Нэг ёсондоо дахиж бүртгүүлэхгүй, лабораторид шалгуулахгүй оруулж ирэх боломжтой болгоно.