Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан томуугийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулгантай ярилцлаа.
-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар бодлогыг барьж ажиллаж байна вэ?
-Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Энэ жилийн онцлогийн тухайд томуугийн дархлаажуулалтыг эрт эхэлж байна. Өнгөрсөн жил 10 дугаар сард нийслэлийн хэмжээнд томуугийн дархлаажуулалт эхэлж байсан бол энэ жил вакцины татан авалтыг эрт хийж наймдугаар сарын 26-ний өдрөөс нийслэлийн зорилтот бүлгийн хүн амд улирлын томуугийн дархлаажуулалтыг хийгээд эхэлсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 180 мянган тун вакциныг хийнэ. Үүнээс нэн тэргүүнд томуугийн өвчлөлд өртөх эрсдэлтэй, өвчилсний дараа хүндрэх эрсдэл өндөр бүлгүүдэд дархлаажуулалтын вакциныг үнэ төлбөргүй хийнэ. Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад томуугаар өвчилсөн нийт иргэдийн 50 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд, 20 гаруй хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байсан. Өөрөөр хэлбэл 70 гаруй хувь нь 0-9 хүртэлх насны хүүхдүүд байгаа учраас бага насны хүүхдүүдийг энэ дархлаажуулалтад хамруулна.
-Ямар улсад үйлдвэрлэгдсэн вакциныг Монгол Улсад оруулж ирдэг вэ? Дархлаажуулалтын ач холбогдлын талаар ярихгүй юу?
-Эрүүл мэндийн яамны захиалгаар НҮБ-ын Хүүхдийн сангаас вакцины худалдан авалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Greencross” гэдэг вакциныг хэрэглэж байна. Энэхүү вакциныг өвлийн улиралтай орнуудад түгээмэл хэрэглэдэг. А хүрээний 2 төрлийн вирус, В хүрээний хоёр төрлийн вирусийн эсрэг вакцин юм. Өөрөөр хэлбэл томуугийн үүсгэгчийг таньж хариу урвал үзүүлэх боломжтой вакцин гэж хэлж болно.