Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны наймдугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” Санамж бичиг байгуулна
“Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” Санамж бичгийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцууллаа.
Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх ажлууд нь Сэлэнгэ мөрний ай савтай шууд холбогдох тул санамж бичгийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээний төлөвлөгөөнд Сэлэнгэ мөрний ай савд цэнгэг усны хуримтлал бий болгож нөөц бүрдүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлуудыг түлхүү тусгахаар эхний шатны саналуудыг хүргүүлээд байна. Санамж бичгийн төслийн дөрөвдэх хэсэгт “Эгийн гол УЦС” төслийг онцгой анхаарна гэж тусгажээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.