АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл өнөөдөр Төсвийн тодотгол, тендерийн хууль тогтоомжтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат: 2024 оны сонгуулийн дараа сөрөг хүчингүй, хяналтгүй УИХ бий болсон. Ийм хяналтгүй төрд авлига ноёлдог. УИХ-ын 126 гишүүний 118 нь нэгдэж Засгийн газар байгуулаад өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Нэгэнт хяналтгүй болсон төр цаашдаа авлигын гол хөрс болно. Хяналтгүй төрийн хамгийн эхний шинж тэмдэг илэрлээ. Тухайлбал, төсвийг 3 их наяд төгрөгөөр тодотгож байна. Ард түмэн шүүмжлээд эхлэхээр хоёр их наяд болгож буурууллаа. Гурван том нам нэгдээд Засгийн газар байгуулсантай холбоотой нэн шаардлагатай бус чиглэлээр төсвийн тодотголд зардлаа 2 их наяд төгрөгөөр нэмлээ. Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, батлах гэж байна. Үүнд авлигын шинжтэй маш олон асуудал сөхөгдөж байна. Дөрвөн жилийн хугацаанд Хамтарсан гэх нэрээр ямар ч сөрөг хүчингүй, хяналтгүй төр чинь 120 их наяд төгрөг буюу 40 тэрбум ам.долларын асуудлыг тендерийн хуулиас гадуур хийх талаар ярьж байна. Тендерийн хуулиас гадуур бүтээн байгуулалт нэрээр хулгайг үргэжлүүлж болохгүй.
Дараагийн асуудал бол өрийн босгыг байхгүй болгох талаар ярьж байна. Монол Улс өнөөдөр 32 тэрбум долларын өртэй. Үүнийг 40 тэрбум доллараар нэмэгдүүлээд 72 тэрбум төгрөгийн өрийн босготой болох нь. Энэ бол маш аюултай зүйл. Хяналтгүй төрийг дагаад авлигын асуудал маш хүчтэй гарч ирнэ.