ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ирэх долоо хоногийн эхээр манай улсад айлчлахаар талууд бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. В.В.Путины таван жилийн дараа хийх тус айлчлалын талаар мэдээлэл, хэлэлцэх асуудал одоогоор тодорхой болсон зүйл алга. Айлчилж буй гол зорилго нь Халх голын дайны ялалтын 85 жилийн ойг хүндэтгэх зорилготой гэж Кремль мэдээлжээ.
Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины энэ удаагийн айлчлалаар талууд хэд хэдэн асуудлаар хэлэлцээ хийх, Оросын талаас ч манайд зарим асуудлаар шахалт үзүүлэх магадлалтай гэж зарим ажиглагчид үзэж буй. Үүний нэг нь Францтай хамтран хэрэгжүүлэхээр ярьж буй ураны төслийг зогсоож магадгүй гэсэн хардлага бий болоод байгаа.
2010 онд илрүүлсэн Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Зөөвч-Овоо ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа нь манай хойд хөрш ОХУ дэмжихгүй, ил далд эсэргүүцэж ирсэнтэй холбоотой. Ганц ураны төсөл ч бус оросууд манай улсыг цахилгаан, шатахуун, төмөр замын хувьд өөрөөсөө хараат байлгаж ирсэн. Энэ нь тус улсын геополитикийн бодлого гэж хэлж болно. Тиймээс ч Францтай хамран ураны төсөл хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулахтай зэрэгцээд ОХУ манай улсад нийлүүлдэг шатахууны экспортоо хязгаарласан. Өнгөрсөн өвөл бид улсаараа шатахуунд дугаарлаж, нэг иргэн 30 мянган төгрөгт л шатахуун авдаг болж байв. ОХУ-аас наана шатахууны экспортоо хязгаарласан нь дайнтай холбоотой гэж тайлбарласан ч начир дээрээ манай улс Францтай ураны төсөл хамтран хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн учраас л хойд хөрш боловсон сүрдүүлж байгаа үйлдэл гэдгийг олон улс судлаачид, улстөрчид ил далд ярьж байсан.
Зөөвч-Овоо ураны ордыг 2010 онд онд илрүүлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадалгүй 10 гаруй жилийг үджээ. Тус орд манай улсын эдийн засгийг илт өөд татахгүй ч эдийн засгаа солонгоруулах, шинэ салбарт хүч үзэх, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжих, гэрээ байгуулах зэрэг олон давуу талтай. Гол нь, ОХУ-аас эрчим хүчний хамаарлаа багасгах томоохон боломж олгож буй төсөл. Үе, үе төр засгаас ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хөнддөг ч ажил хэрэг болгож чадалгүй өнөөдрийг хүрээд байгаа. Энэ нь дотоодын гэхээсээ илүү гаднын хүчин зүйлсээс шалтгаалж байгаа нь илт.