Секс дасгалжуулагч Э.Наранцацралтай бэлгийн боловсролын талаар ярилцлаа.
-Бэлгийн боловсролын талаарх олон тодорхойлолт байдаг. Харин таны бэлгийн боловсрол гэж юу вэ?
-Бэлгийн боловсрол гэдэг хүн төрсөн цагаас эхлээд ахмад настай болох хүртэл үе үечлэлээрээ ялгаатай байдаг. Бэлгийн боловсролын талаарх олон чиглэл, урсгал бий. Миний голчилж ажилладаг салбар бол гэр бүл. Би эмэгтэйчүүдтэй түлхүү ажилладаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн бэлгийн боловсрол бэлэг эрхтнээ зөв угаахаас эхэлдэг. Дараа нь ядаж өөрийн биеийн сэрлийн цэгүүдээ мэддэг, сэрлээ хэрхэн хөдөлгөх учраа ойлгодог болох нь бэлгийн харилцааны үндсэн сурах ёстой чадвар.
-Таны ажиллаж буй чиглэлд бэлгийн боловсролтой холбоотой нийтлэг буруу ойлголт юу байдаг вэ?
-Би 25-45 настай эмэгтэйчүүдтэй голчлон ажилладаг. Нийтлэг ажиглагдаж байгаа тал нь биеэ их голдог. Хоёрдугаарт, ерөөсөө энэ тал дээр сурдаггүй. Өөрөөр хэлбэл хөгжүүлдэггүй. Байгалийнхаа өөрт байгаа юмаараа нөхөр эсвэл найз залуу нь оролдох юм бол бол бэлгийн харилцаанд орж байгаа юм шиг ийм түвшинд явж байна. Гэхдээ ажиглахаар 30-аас доош насныхан илүү суръя, мэдье гээд өөр болж байна. Гэвч 35-45 насныхан бүдүүлэг талдаа байгаа. Бүдүүлэг байгаагийн цаад шалтгаан нь нөхрүүд нь ч гэсэн энэ талаарх мэдлэг боловсрол дорой байгаатай холбоотой. Тэр нь над руу чат бичиж байгаа асуултуудаас харагддаг. Жишээлбэл, эхнэр нь болохгүй байна. Өөр хүүхэн рүү явчих уу гэдэг. Эрэгтэй хүний тархи адармаатай зүйлд хутгалдах дургүй учраас хийж болох хамгийн амархан сонголтыг хийх гээд байгаа ажиглагддаг. Эмэгтэйчүүд нь болохоор юу хэрэгтэй вэ. Яах хэрэгтэй вэ гэж асуудлаа шийдье гэдэг.
-Бэлгийн боловсролын талаарх мэдлэг хэр өргөн хүрээнд яригддаг асуудал вэ. Ямар хэмжээнд мэдлэгтэй байж бэлгийн боловсролтой хүн гэж хэлж болох уу?
-Бэлгийн боловсрол гэдэг өөрийгөө танин мэдэх процесс болж хувирдаг. Тухайлбал, миний бие физиологийн хувьд яаж ажилладаг вэ гэдгээс эхлээд анагаах ухаан, сэтгэл зүй, нийгэм гээд байнгын судлах процесс явагддаг. Дан ганц өөрийгөө судлаад зогсохгүй хамтрагчаа, нөхрөө судална. Тэгэхээр энэ бол дуусашгүй арвин ундарга. Хүн өөрийнхөө хутгах хэмжээгээрээ авна. Дуусашгүй сурах юм байгаа. Хүмүүс порно кино ч юм уу, сошиал орчин дахь бэлгийн харилцаатай холбоотой зүйлээр бэлгийн боловсролыг хэмжиж ойлгож болохгүй. Анагаахын болон сэтгэл зүйн талаасаа ч тэр зөндөө сурах зүйл бий. Бэлэг эрхтнээ хэрхэн таалах гэдгээс эхлээд практик дээр жаахан зүйл хийж сурчхаад л болчихлоо гэдэг зүйл биш.
-Бэлгийн харилцааны талаар тоглоом шоглоом байдлаар хаалттай их ярьдаг. Харин нээлттэйгээр ярилцах нь ховор. Энэ тал дээр таны байр суурь?
-Би 2021 оноос энэ чиглэлд ажиллаж эхэлсэн. Сүүлийн жил харьцангуй өөр болж эхэлж харагдаж байгаа. Анх үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд над руу холбогдож байгаа хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй хүн байсан. Эмэгтэйчүүд харьцангуй цөөхөн. Гэтэл миний ажиллахыг хүсэж буй хүмүүс эмэгтэйчүүд. Харин одоо эмэгтэй хүмүүс харьцангуй нээлттэй харьцаж байна. Ерөнхийдөө бол энэ нуугаад байх сэдэв биш юм байна. Ярилцах ёстой юм байна гэдгийг ойлгосон ажиглагдаж байгаа. Энэ бол хөгжиж байгаагийн нэг илрэл байх гэж бодож байна.
-Та 25-35 насны эмэгтэйчүүдэд бэлгийн боловсролын талаар зөвлөгөө өгөхдөө юун дээр түлхүү ажилладаг вэ?
-Хамгийн гол нь нэгдүгээрт өөрт байгаа нөөцөө сайн ашигла гэж заадаг. Сүүлийн үед sex toy гэдэг зүйл моодонд орсон. Бэлэн юм ашиглаад аргалах гэж оролддог болсон. Сэрэл нь хөдлөхгүй бол, шинэ юм туршиж үзье гээд sex toy-ийг өдөр тутмын хэрэглээ юм шиг ойлгоод байгаа. Байж болно. Гэхдээ sex toy-той байсан ч, байгаагүй ч өөртөө байгаа зүйлээ бүрэн ашиглахыг уриалдаг. Өөрт байгаа нөөцөө бүрэн ашиглаж бэлгийн харилцаанд бүрэн гүйцэт орж сураагүй байж нэмэлт sex toy ашиглана гэдэг учир дутагдалтай. Өөрийнхөө нүдийг, хамрыг, амыг, хэлээ, гараа яаж ашиглаж тэр харилцааг илүү гоё болгож, мэдрэмжээ илүү яаж авах вэ гэдэг талаас нь голчлон ажиллаж байгаа.
-Тэгвэл таны ажиллаж буй насныхны эрэгтэй хүмүүсийн бэлгийн боловсрол ямар байна гэж харж байгаа вэ?
-Монгол эрэгтэйчүүдэд сурах гэдэг процесс муу байгаа нь нийтлэг харагддаг. Ганц секс гэлтгүй бүх салбарт л анзаарагдаж байна. Эмэгтэйчүүдэд ямар нэгэн байдлаар суръя гэдэг сэтгэхүй байгаад байна. Гэтэл эрчүүд нь яаж янаглаж байгаа бэлэн бичлэг авъя. Эсвэл өөрөө над дээр заах уу гэх мэтээр суралцъя гэдэг хандлага бага. Нэг бол манай эхнэр чадахгүй байгаа юм чинь би өөр эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орчихъё гэх мэтчилэн нийтлэг хандлагатай байна. Иймээс эрэгтэйчүүд сурах тал дээрээ илүү анхаармаар харагдаж байгаа.
-Хүмүүст бэлгийн боловсролоо нэмэгдүүлэх тал дээр зөвлөгөө өгвөл?
-Бэлгийн боловсрол гэдэг дотор өөрийнхөө дуртай юмыг хийх ч багтана. Мөн эмэгтэй хүн эмэгтэйлэг ааш, ааль гэдэг зүйлээ хадгалж авч үлдэх, түүнийгээ галаа өрдөх гэдэгтэй адилхан тордож байж секс хийхэд илүү амархан сэрэл нь хөдөлдөг. Тэнцвэрээ алдтал хэтэрхий их ажил хэрэгч эсвэл хэтэрхий гэртээ байгаад үр хүүхдийнхээ төлөө яваад өөрийгөө орхисон байж болохгүй. Эмэгтэй хүн бүх зүйлээ тэнцвэртэй авч явахын тулд гурван сар, хагас жилдээ нэг удаа амьдралынхаа гол талбарууд дээр тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Өөрийнхөө ажил, амьдралыг тэнцвэртэй авч явж чадаж байгаа эмэгтэй хүн бэлгийн харилцаанд орох болгондоо таашаал авах боломж бүрддэг. Сексээс таашаал авна гэдэг нь хүний бүх анхаарал тухайн мөч дээр явж байх ёстой. Гэтэл анхаарал нь мөнгө ч юм уу өөр нэг зүйл дээр явж байгаа хүн сексээс таашаал авч чадахгүй. Тухайлбал, эрүүл мэндийн асуудалтай болоход сексээс бас таашаал авч чадахгүй. Жишээлбэл, чихэрлэг болон гурилан бүтээгдэхүүн их иддэг бол бэлгийн дааврын ялгаралтад нөлөөлдөг. Далд бамбайн дутагдалд орсон, өөрсдөө мэддэггүй, уур ихтэй, таргалалттай, нойр муутай эмэгтэйчүүд сүүлийн үед олширч байгаа. Энэ нь хотжилт, амьдралын хэв маягтай холбоотой. Гэтэл энэ нь эм бэлгийн даавар буюу эмэгтэй хүний дур хүслийн даавар багасахад нөлөөлдөг. Тэгэхээр 1000 sex toy байгаад ч дур хүсэл нь төрөхгүй. Иймээс бэлгийн боловсрол олон зүйлтэй холбогддог.
-Бэлгийн боловсролын талаар сурахад оройтно гэж байхгүй биз дээ?
-Байхгүй. Гэхдээ байгалиасаа дур хүсэл ихтэй, багатай хүн гэж байдаг. Тэр бол хүн хүний биеийн онцлог. Байгалиасаа дур хүсэл багатай эмэгтэй өдөр, шөнөгүй бэлгийн харилцаанд ороод дуртай болгоно гэж байхгүй. Тэрнээс биш нас хамаагүй. Жишээ нь 40 настай, гурван хүүхэдтэй. Гэхдээ дур тавьж үзээгүй. Энэ бол нийтлэг тохиолддог. Гэхдээ энэ бол хэвийн үзэгдэл. Оройтно гэж байхгүй. Дээрээс нь Монголчуудын хувьд цэвэршээд л бэлгийн харилцаа зогсдог гэж ойлгодог. Гэхдээ зогсдоггүй.
-Та сүүлийн үед ямар сэдвийг дагнан судалж байгаа вэ?
-Би сүүлийн нэг жил гаруй хооллолт бэлгийн дур хүсэл, таашаалтай хэрхэн холбогддог талаар судлаад явж байгаа. Хүнсний мэдрэгшил гэж асуудал байна. Орчин үеийн хүмүүс хотжилттой холбогдолтой маш олон төрлийн зүйлд хордож байна. Дээрээс нь манай Монголчууд архи, өөх тосны хэрэглээ өндөртэй. Энэ болгоныг элэг шүүж байна. Элэг байнгын зогсоо зайгүй шүүгээд байгаа учраас их ачаалалтай ажиллаж байна. Элэгний үйл ажиллагаа доройтсоноор цус нь тунгалагшина. Цус асуудалтай болчихоор судас асуудалтай болно. Судас асуудалтай болчихоор эргээд эрэгтэйчүүдийн бэлэг эрхтний хөвчрөх хугацаа нь богиносно. Эрдэс, амин дэм хүний бэлгийн дааврын эх сурвалж нь болдог. Үүнтэй холбоотой дааврын дутмагшил гэдэг зүйлд их ороод байна. Энэ нь урт хугацаандаа эрүүл харагддаг ч бэлгийн даавар багатай хүмүүс олшрохын нэр. Тухайлбал, манай эхнэр бэлгийн дур хүсэл багатай, хүйтэн. Ер нь юу ч чаддаггүй дээшээ хараад хэвтэж байдаг гэж ярьдаг нөхрүүд олон байгаа. Гэтэл үүний цаана дааврын дутмагшлын асуудал байх өндөр магадлал байна. Энэ нь миний харж байгаагаар хосуудын бэлгийн харилцааны хамгийн том аюул болох эрсдэлтэй. Түүнчлэн, үргүйдэлд хүргэх аюултай. Тэгэхээр бүр улс орны тусгаар тогтнолтой холбоотой асуудал ч болох эрсдэлтэй. Тиймээс хүнсний ямар нэгэн мэдрэгшил байна уу гэдгээ тогтоож, сэргийлэх хэрэгтэй.