ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихээр бизнесээ эрхлэн явуулахад дутагдаж буй ур чадвар, санхүүгийн болон санхүүгийн бус хэрэгцээ шаардлагуудыг судлан тодорхойлж, түүнд үндэслэн “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан 2020 оноос хэрэгжүүлж буй билээ.
Уг хөтөлбөрөөр дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийг хувь хүн талаас нь хөгжүүлэх, манлайлах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнесийн цар хүрээг нь тэлж, зах зээл эзлэлтээ өсгөх, үр ашгаа өндөр байлгахад нь бодитоор дэмжин ажиллаж, өнөөг хүртэл 1370 эмэгтэй бизнес эрхлэгчийг чадавхжуулаад байна.
Бизнесийн салбар дахь эмэгтэй манлайлагчдыг төрүүлэх зорилготой “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-т 2024 онд нэмэлтээр 350 эмэгтэй захирал, удирдлагуудыг хамруулах бөгөөд 2024.09.05-2024.09.26-ны хооронд ЖДБ-ийн академи, “OBSERVE Consulting Mongolia” болон бусад зөвлөх үйлчилгээний байгууллагын мэргэшсэн багш нар сургалтыг удирдан явуулна.
Хувь хүний хөгжил болоод бизнесийн удирдлага гэсэн үндсэн хоёр агуулгын хүрээнд сургалт явагдах тул тасралтгүй хөгжиж, бизнесээ өргөжүүлэх сонирхолтой эмэгтэй бизнес эрхлэгчдийг 2024 оны 9-р сарын 3-ны өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг урьж байна.