ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Мөнхгэрэлээс гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн талаар тодрууллаа. Тэрээр “Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 оны эхний долоон сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1014 бүртгэгдсэн. Мөн өмнөх оны үеэс 64 хэргээр буюу 6.7 хувиар өссөн. Түүнчлэн, бүх хэрэгт эзлэх хувийн жин 4.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.2 нэгжээр буурсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 912 буюу 89.9 хувийг хөнгөн, 102 буюу 10.1 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж байна. Тодруулбал, өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөнгөн гэмт хэрэг 5.2 хувиар, хүнд гэмт хэрэг 22.9 хувиар өссөн байна. Энэ төрлийн гэмт хэргийн 46.3 хувь нь Улаанбаатар хотод, 53.7 хувь нь орон нутагт тус тус бүртгэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлдэг. Ихэвчлэн бие махбодын хүчирхийлэл, давтан үйлдэгдсэн үед цагдаагийн байгууллагад хандаж байна. Хэрвээ та болон таны эргэн тойрны хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хандаарай” гэв.