Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Өнгөрсөн жил автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж байсан.
Тэгвэл энэ жил хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс түгжрэлийг бууруулах арга хэмжээний жагсаалтад иргэдээс санал авч тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг оруулсан хэдий ч цуцалжээ.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрийн А/988 дугаар захирамж гарч Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд наймдугаар сарын 19-нөөс есдүгээр сарын 14-ийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Мөн есдүгээр сарын 1-ээс орон нутгийн улсын дугаартай автомашинууд нийслэлд 48 цагаас илүү явбал хоног тутамд 5000 төгрөг төлүүлэхээр зохицуулж байгаа аж.