Төсвийн байнгын хорооны хурлын үеэр гишүүд Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн банкуудад байршуулж байгаа чөлөөт эх үүсвэрийн талаар мэдээллийг холбогдох байгууллагуудаас тодруулж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Төсвийн гүйцэтгэлийг яаралтай горимоор биш хугацаа тавьж байгаад хэлэлцдэг, хардаг баймаар байна. Нэгд Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой асуулт байна. Эрүүл мэндийн даатгалаас хэдэн хувь эрүүл мэндэд, амралт сувилалд зарцуулагдсан. Үүнийг тоогоор хэлээд өгөх боломж байна уу. Төсөл, хөтөлбөрт хэрэгжүүлсэн сангийн зарцуулалт хэд байсан бэ гэдгийг асуумаар байна. Яагаад асуугаад байна гэхээр ЭМД-ын сангаас санхүүжилт гарахаа больсон байна. Бид хүмүүсээ эрүүл мэндэд нь биш амралт сувилалд илүү мөнгө зарцуулаад байдаг. Өмнөх сангийн зарцуулалттай холбоотой үүнийг асуугаад байна. Хоёрт, ЭМД, НД-ын сан гээд нийт 100 гаруй тэрбум төгрөг Чингис хаан банканд байршуулсан байна. Үүнийг яаж олж авах вэ. Хэн үүний хариуцлагыг хүлээх вэ. Найдваргүй зээл болгоод бүртгэсэн. Хойноос нь явдаг хүн байна уу. Гурав, Боловсролын зээлийн сангийн зарцуулалт хуулийн дагуу явж байна уу. Хэчнээн хүн БЗС-гаас одоо хүртэл мөнгө авсан байна. Найдваргүй авлага хэд вэ. Өмнөх 2023 оны төсөвтэй холбоотой Тендергүй зарцуулалт гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр яваад байна. Аль, аль яам дээр хэдэн төгрөгийн төсөв тендергүй зарцуулагдсан байна вэ."Бэрэн" группт нийт 239 тэрбум төгрөг олгосон байх юм. Үүнийг эргэн төлөх асуудал ямар шатанд явж байгаа вэ? Төрийн өмчийн компаниудад олгосон олон жилийн насжилттай зээлүүд их байна. Төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг. Ингээд төсвөөс мөнгө зээл болгож авдаг. Түүнийгээ эргэж төлдөггүй. Энэ бол нэлээд газар авсан. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ гэдгийг хариулаад өгөөрэй.
Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах: 2023 онд ЭМД-ын сангаас 111 улсын эмнэлэгт 860.7 тэрбум төгрөг, 231 хувийн эмнэлэгт 217.2 тэрбум төгрөг, 328 сумын эрүүл мэндийн төвд 175.8 тэрбум төгрөг, 216 өрхийн эмнэлэгт 171.8 тэрбум төгрөг, 1565 эмийн санд 89.9 тэрбум төгрөг, 50 лабораторид эрт илрүүлгийн 36.8 төгрөгийн санхүүжилт олгосон байна.