Өвөл хаяанд ирлээ. Нийслэлчүүдийн хувьд цахилгаан, дулааны найдвартай эх үүсвэрийн дутагдалтай хүнд өвөл болно гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блокийн 150 МВт-ын цахилгааны эх үүсвэрийг өвлөөс өмнө ашиглалтад оруулбал гал алдах эрсдэлээс сэргийлж чадна гэж буй. Гэвч эл бүтээн байгуулалтын эхний хэсгийг өвлөөс өмнө ашиглалтад оруулж, шаардлагатай тохируулгыг хийж амжихгүй байх магадлалтай учраас өөр хувилбартай байхыг мэргэжилтнүүд сануулсан.
Цахилгаан, дулаанаас гадна гэр хороололд амьдарч буй 280 мянган өрх энэ жил ямар түлш хэрэглэх нь мөн эргэлзээтэй, бараг л хариуцах эзэнгүй болжээ. Хэл ам дагуулдаг сайжруулсан шахмал түлшний хоёр ч томоохон үйлдвэрийг байгуулсан. Олон тэрбумаар байгуулсан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ихэнх тоног төхөөрөмж нь эвдэрч, ажиллах боломжгүй нөхцөлд ороод байгаа аж. Шахмал түлшний үйлдвэрт Эрдэнэс Тавантолгой ХК-аас 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, мөн үйл ажиллагааны шаардлагатай санхүүжилтийг цаг тухай бүрд нь хийж ирсэн ч энэ хөрөнгө үр ашиггүй хөрөнгө оруулалт болсон талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна. Олон тэрбумын алдагдал хүлээж байгаа учраас сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг цааш хэн хариуцаж явах нь бүрхэг болжээ. Ирэх өвлийн түлшийг хэрхэн үйлдвэрлэх, хэн хариуцах, шаардлагатай санхүү хөрөнгө байгаа эсэх талаар өнөөдрийн байдлаар Нийслэл болон эрчим хүчний яам яаманд мэдээлэл байхгүйг хэлж байна.
Нийсэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Сайжруулсан түлшний үйлдвэртэй холбоотой мэдээлэл надад огт байхгүй. Сая л УИХ-ын тогтоолоор сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн өмчлөлийн асуудлыг Нийслэл рүү шилжүүлэх асуудал яригдсан.
2024-2025 оны өвлийн улиралд 400 мянган тонн мидлингийг сайжруулсан түлшний үйлдвэрт гэрээ хийж авахаар болсон.
Эрчим хүчний ТНБД Н.Тавинбэх: Эрчим хүчний яам Тавантолгой түлш ХХК-ийн 39 хувийг эзэмшдэг. Тавантолгой түлшийн хөрөнгө оруулалтын ажил Эрдэнэс Тавантолгойгоос хөрөнгө оруулалтын зээл авч санхүүждэг. Хөрөнгө оруулалттай бүх ажил Эрдэнэс Тавантолгой болон Тавантолгой түлш дээр шийдэгдэж байгаа. Энэ төслийн талаар Эрчим хүчний яаманд тодорхой мэдээлэл алга.
Намрын сүүлийн сараас цаг агаар хүйтэрч, гэр хорооллын өрхүүдийн галлагаа ид эхэлдэг. Гэтэл намрын эхэн дуусч, өвлийн сар эхлэхэд хоёрхон сарын хугацаа үлдсэн байхад сайжруулсан түлшээ үйлдвэрлэх үү, үгүй юү, нөөцөө ч бэлдэж эхлээгүй байна. Сайд дарга нар ажилтайгаа ч бүрэн танилцаагүй, өвлийн бэлтгэх хангах ажил удаашралтай байгаа бололтой.