Төсвийн тодотгол тойрсон асуудлаар өнгөрсөн долоо хоногт Банкны холбоо, Сангийн яам, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хэлэлцүүлэг хийсэн юм. Тус хэлэлцүүлэгт оролцсон хөндлөнгийн шинжээч, эдийн засагчдын байр суурийг хүргэе.
-Чиглүүлэгч: Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг харахад, төсвийн зардлыг гурван их наядаар нэмэгдүүлэх нь хэр оновчтой вэ. Яагаад заавал энэ хэмжээгээр тэлэх ёстой вэ?
Төсвийн тодотголд эргэлзээтэй зүйл их байна
Эдийн засагч Г.Бумчимэг: Төсвийг нэлээд өндөр хувиар тэлсэн байна. Ойролцоогоор 10 гаруй хувиар өссөн. Жилийн эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэл өндөр байгаатай холбоотойгоор нэмсэн болов уу гэж харж байна. Гэвч төлөвлөгдөөгүй зардлууд ихээр орж ирж байгаа нь ирэх онуудад эдийн засагт эрсдэл хуримтлуулах эрсдэлтэй. Хөрөнгө оруулалтын зардал 1.7 их наядаар, урсгал зардал 1.2 их наядаар нэмэгдэхээр байсан. Тэгэхээр томоохон төслүүдээс гадна урсгал зардлууд нэмэгдэх юм байна гэж ойлголоо. Урсгал зардлыг нэмэх нь одоогийн нөхцөлд зөв үү. Засгийн газар төсвийн тодотголтойгоо зэрэгцээд ирэх дөрвөн жилийнхээ үйл ажиллагааны хөтөлбөрийг оруулж ирсэн. Хөтөлбөртөө 120 их наядын 149 төсөл хэрэгжүүлнэ гэж оруулсан байсан. Өнгөрсөн Засгийн газрын хөтөлбөрт ойролцоогоор 90 их наяд байсан. Жил болгон үйл ажиллагааны хөтөлбөрт мөнгөө нэмдэг. Гэтэл яг аль нь хэрэгжиж, аль нь хэрэгжихгүй үлдэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Эдийн засгийн салбарын хүний хувьд шинжилгээ хийх гээд, ямар зүйлд хэдэн төгрөг тавигдсан талаар интернэтээс хайгаад олсонгүй. 65 их наядыг улсын төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэл, зээл тусламжаар, 55 их наяд нь хаанаас санхүүжигдэх нь тодорхойгүй байна. Өрийг таазанд нь хүргэнэ гэвэл 20 их наяд, 35 их наяд нь зөвхөн хувийн хэвшлээс дангаараа гарах юм болов уу гэж төсөөлөгдсөн. Хувийн хэвшлээс 35 их наяд төгрөг гарна гэдэг бол маш өндөр дүн. Мөрийн хөтөлбөр оруулж ирэхдээ их тоотой оруулж ирдэг. Гэтэл бүх хөтөлбөр нь хэрэгжих боломжтой эсэх нь эргэлзээтэй байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг харахад бүх чиглэлийг маш чухал ач холбогдолтой гэж үзжээ. Хэрвээ санхүүжилт нь хүрэхгүй бол хамгийн түрүүнд алийг нь хийх нь ойлгомжгүй байна. Хууль эрх зүйн шинэчлэл нэлээд хийгдэхээр, төсөл хөтөлбөрүүд явагдахаар байсан. Төсөл хөтөлбөрүүдэд тавигдах шалгуурын талаар тодорхой заасан баримт бичиг байгаа болов уу, ерөнхий байдлаар нь баталчихаар цаашдаа үйл ажиллагаа нь хэрхэн явах билээ зэрэг эргэлзээтэй зүйл их байна.
Чиглүүлэгч: Зардлаа нэмээд оруулаад ирэхээр энэ 3 их наядыг хаанаас төвлөрүүлэх вэ. Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ. Зээл тусламжаас санхүүжүүлэх бол Монгол Улсын өрийн тааз хаана явааг тодруулж өгөөч?
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонор: Өрийн тааз буюу төсвийн тусгай шаардлагад өрийг өнөөгийн үнэ цэнээр 60 хувиар тооцож байгаа. Нэгдүгээрт, өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцох нь бага орлоготой орнуудын хэрэглэдэг арга. Дэлхийн банкны аргачлалаар манай улс хөгжиж буй орон гэж тооцогдож эхэлсэн учраас гадаад өрийг нэрлэсэн үнээр тооцдог болно. Ингэснээр Засгийн газрын авах өрийн хэмжээ буурна. Өрийн таазыг огт тэлээгүй. Гадаад зээлийн төлбөрт энэ жилдээ 1 их наядыг ирэх жил 1,5 их наядыг төлөх хуваарьтай байгаа. Мөн гаднаас бонд босгох ямар нэгэн төлөвлөгөө энэ жилийн төсөвт байхгүй.
Урсгал зардал гээд байгаа 1 их наядыг задалбал:
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөв
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
10 аймгийн дулааны цахилгаан станц гэх мэт
Энэтхэгийн Засгийн газар, Европын сэргээн босголт, Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкнаас эх үүсвэр нь суучихсан зээлүүд байгаа юм.
Парламентын гишүүд эхлээд хөгжлийн бодлого, эрчим хүчний сэргэлт гэж юу болохыг мэдэх хэрэгтэй
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр: Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хараат бусаар дүгнэлт гаргадаг. Өргөн барьсан тодотголтой холбоотой маш олон асуудал байна. Төсөв бол дангаараа хөгжлийн бодлого биш. Хөгжлийн бодлогын тухай тусдаа хуультай. Төсөв ярихдаа хөгжлийн бодлогын асуудлыг гэнэт оруулж ирээд ярьж байна. 14 төсөл бол хөгжлийн бодлогын асуудал. Үүнийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх вэ гэдэг нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулиар таван жилийн үндсэн чиглэлд орох ёстой. Түүний дараа Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт орно. Эх үүсвэрээр нь задлаад шаардагдах мөнгөн дүнг нь тавина. Эхлээд дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдах ёстой. Цахилгаан станцыг нэг жилд багтаж барихгүй. Эрчим хүч, цахилгаан станц барих асуудал бол дунд хугацааны хөгжлийн бодлогын асуудал. Өмнө нь ярьсан хөгжлийн бодлогоо өөрчлөх гэж байгаа бол түүнийгээ эхлээд ярих хэрэгтэй. Төсвийн тодотгол, хөгжлийн бодлогоо бүрэн ойлгоогүй байна. Өргөн барьж байгаа төсөв нь ямар нэг институтийн төсөв биш Монгол Улсын Засгийн газрын төсөв. Хэлэлцэн батлах эрх нь УИХ-д байна, Хөгжлийн бодлогыг парламент тодорхойлно. Тэгэхээр нэлээд олон зүйл зөрчигдөж байна. Үүний нэг нь төсвийн тухай хуульд төсвийг өргөн барихдаа олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна гэж заасан байдаг. Хэрвээ төсвийн тухай хуулийг ердийн горимоор хэлэлцсэн бол хэлэлцүүлгийг зохион байгуулах ёстой. Парламентад өргөн барьсны дараа биш өмнө нь зохион байгуулах ёстой. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бүх тоон мэдээлэл бүхий гурван боть номыг өргөн барьсных нь дараа авч байна. 14 хоногийн дотор гурван боть номыг УИХ-ын гишүүд уншиж ойлгоод, санал дүгнэлт өгөх боломжгүй. Шинээр сонгогдсон парламентын гишүүд байтугай мэргэжлийн хүмүүс хөгжлийн бодлого, зорилт нь зөв чиглэгдэж байгаа юу үгүй юү, арга зам нь зөв эсэхийг ойлгохын тулд хугацаа хэрэгтэй. Парламентын гишүүд хэлэлцүүлэгт оролцож Хөгжлийн бодлого, дунд хугацааны хөгжлийн бодлого, эрчим хүчний сэргэлт гэж юу болох талаар ойлгосныхоо дараа төсвийн тухай ярих хэрэгтэй. Бид яарсан, сандарсан, гал унтраасан арга замаар явах гээд байна.
-Чиглүүлэгч: Төсвийн нөөц боломжийг хэр дайчлахыг зорьж ажилласан бэ. ААН-үүд нийгмийн даатгал болон орлогын албан татвар зэрэг маш их дарамттай байгаа. Төсвийн тодотголтой холбоотойгоор ААН-ын татварт өөрчлөлт хийж байгаа юу?
-Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо: Төсвийн тодотголд ямар нэгэн байдлаар татварын хувь хэмжээг нэмээгүй. Гэхдээ ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Төсвийн тодотголыг дагалддаг. Хуулийн өөрчлөлтөд ААН-үүд сүүлийг үед нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон бүтээн байгуулалтуудыг өөрийн хөрөнгөөр хийх хандлага байна. ААН-үүд тодорхой бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа тохиолдолд тухайн жилийн борлуулалтын орлогын нэг хувиас хэтрэхгүй дүнгээр татвараас чөлөөлөх байдлаар хуулийн өөрчлөлтийг УИХ хэлэлцэж байна. Үүнд, байгаль орчныг хамгаалах, сэргээх, соёлын өвийг хамгаалах, спортын барилга байгууламж, төрийн өмчийн сургууль цэцэрэлэг барих, эмнэлэгт хөрөнгө оруулах зэрэг багтана.
-Чиглүүлэгч: Анх удаа 126 гишүүнтэй парламент бий болоод, хамтарсан Засгийн газар байгуулагдлаа. Үүнтэй холбогдуулаад төсвийн тодотгол яригдаж байгаа нь эдийн засгийн гэхээс илүүтэй улс төрийн шинж чанартай юм шиг харагдах, нөгөө талдаа манайд бүтээн байгуулалтын улирал дуусах цаг үед барилга, замтай холбоотой асуудал тусгагдсан нь хэр оновчтой юм бол. ТЭЗҮ, төсөл хөтөлбөрүүд нь тодорхой болсон зүйл байна уу?
-Н.Энхбаяр: Улирлын чанартай бүтээн байгуулалтын ажлуудын хугацаа нь богино байдаг. Өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийг харахад хугацаа нь төлөвлөснөөсөө удааширдаг. Тэгэхээр саяны орж байгаа бүх өөрчлөлтүүд зөвхөн улсын төсвийн асуудал биш. Хөгжлийн бодлогын асуудал хамт орж ирээд байна. Аливаа асуудалд хандахад онолын суурь мэдлэг хэрэгтэй. Хөгжлийн бодлого төсвийн бодлого, мөнгөний, зээл санхүүгийн бодлого, ажиллах хүч, эрчим хүч гээд бүх зүйлээ бодож байж хөгжлийн бодлого гардаг. Монгол Улсын эдийн засаг мөчлөгтэй, тэнцвэрийн динамикт гадаад хүчин зүйл маш хүчтэй нөлөөлж байна гэдэгтэй судлаачид бүгд санал нийлдэг. Төсвийн үзүүлэлтийг харвал үүнийгээ үндсэндээ тогтвортой гээд тооцчихоод байгаа юм. Эдийн засгийн өсөлтөө тооцох юм бол 8, 6 хувь. Гэтэл үүн дээр судлаачид өөр байр суурьтай байгаа. Зургаан хувиар авах уу, найман хувийг авах уу гэдгийг бид шийдэж чадахгүй. Манай эдийн засаг шийдэх бололцоогүй. Сүүлийн 20 жилийн хугацаанд бид гурван удаа уналтад орсон. Эдийн засаг, бизнесийн мөчлөгөө харвал дараагийн уналтын мөчлөг ойрхон ирээд байна. Гэтэл бид тогтвортой гээд тооцоод сууж байна. Эдийн засгийн суурь судалгаанд үндэслэж аливаа ажлыг хийх нь чухал. Богино хугацаанд хийхээр сөрөг үр дагавар их гарна.
Том бүтээн байгуулалтыг дагаад гардаг нэг сөрөг үр дагавар бол импортын хурдтай өсөлт. Энэ оны эхний долоон сарын байдлаар импорт 26 хувийн өсөлттэй явж байна. Бүтээн байгуулалт өсвөл 26 биш 30, 40 хувиар өсөх болно. Энэ онд гадаад худалдааны төлбөрийн урсгал тэнцэл алдагдалтай байна. Оны эцэст гадаад худалдаа бага зэрэг нэмэгдэх байх. Бүтээн байгуулалтын дараа импорт нь маш хурдтай өсөөд, орлогын өсөлт түүнийг нь гүйцэхгүй бол 2026 он гэхэд хасах тэнцэлтэй болно. Эдгээр байдлаа бодож байж улс орны хөгжлийн бодлогоо бүтэн дүр зургаар нь харж байж ярилцах ёстой.
Валютаа гадагшаа гаргахгүйн тулд бүтээн байгуулалтуудаа зоригтой хийе
Судлаач, доктор В.Данаасүрэн: Энэ жилийн төсвийн тодотголын харахад сангууд руу оруулах мөнгөө багасгасан байна. Миний харж байгаагаар нэг бодлын орлогоо хадгалах нь зөв. Гэхдээ бид хадгалахаас гадна ирээдүйд гарах тэр их зардлыг хэмнэхийн тулд өөрсдөө бүтээн байгуулалт хийгээд, зарим талаар эдийн засгийн хараат байдлаа багасгах нь зөв. Бид хэдий болтол бусдаас хараат байх юм бэ. Жишээлбэл, жил болгон бид 400 тэрбум төгрөгөөр гаднын орноос эрчим хүч импортоор авч байна. Тэгвэл энэ 400 тэрбум төгрөгийг жил болгон төлж байснаас 2, 3 жил чардайгаад, Эрдэнэбүрэнгийн болон бусад цахилгаан станцыг барих боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Магадгүй орлого гайгүй жилдээ эрэмбийн хувьд тэргүүлэх ач төслүүддээ зоригтой хийгээд, цаашид гарах их хэмжээний зардлаас өөрсдийгөө хамгаалъя. Барилга барилаа гэхэд дандаа импортын бүтээгдэхүүнүүд авч ашиглаж байна. Энэ болгонд валют гадагшлаад байна. Валютаа аль болох гадагшаа гаргахгүй байхын тулд бид бүтээн байгуулалтуудаа зоригтой хийе гэж байгаа нь энэ Засгийн газар сайшаалтай. Хамгийн гол нь зориглож байгаа бүтээн байгуулалтууд нь үр дүнд хүргэхийн бүх талаасаа хамтарч ажиллах хэрэгтэй. Хамтын хяналт, оролцоо их чухал юм байна. Энэ жилийн төсвийн тодотголд нэлээд дэд бүтэц, эрчим хүчний ТЭЗҮ-үүд байсан. ТЭЗҮ маш чухал. Яагаад гэхээр техник, эдийн засгийн үндэслэл тооцоогүй тохиолдолд тэдгээр бүтээн байгуулалтууд явагдахгүй. Чанартай ТЭЗҮ хийгдвэл ирээдүйд гарах эрсдэлүүд багасна.