ИЗЗН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-УИХ-ын гишүүн, ИЗЗН-ын дарга Б.Батбаатар: УИХ дахь ИЗНН-ын Иргэний зориг зөвлөл байгуулагдсан. Зөвлөлийн анхдугаар хуралдаагаар хэд хэд асуудлыг санаачилж, хэрэгжүүлэхээр шийдвэр гаргасан. Үүнд өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол, түүнийг дагалдаж буй хуулийн өөрчлөлтийн төслүүдэд ямар байр суурьтай оролцох талаар байр сууриа нэгтгэсэн.
Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бол УИХ 126 гишүүнтэй болсон. 126 гишүүнээс хэт олонх буюу 118 нь Засгийн газраа байгуулсан. Засгийн газар байгуулахтай ямар хэлбэр, хууль дүрмийн хүрээнд ажиллах талаарх гэрээгээ “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэрийн дор гэрээгээ байгуулсан. Байнгын хорооны хуралдаан болон бусад хуралдаанд Засгийн газар байгуулсан гэрээгээ УИХ-д байгаа гишүүддээ ирүүлнэ үү гэсэн ч одоогоор ирүүлээгүй, бидэнд гэрээний мэдээллээ өгөөгүй байна. Засгийн газар хуулийн хүрээнд улс төрийн намуудын зөвшилцөл, гэрээний хүрээнд байгуулагдахдаа түүнийгээ олон нийтээс нуух, халхлах ёсгүй гэж үзэж байна. Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн дагуу Засгийн газрыг бүрдүүлж байгаа субъектүүд хамтран бүлэг байгуулах ёстой. МАН олонх, АН цөөнх гэсэн байдлаар оролцож байна. УИХ бол бага ард түмэн буюу ард түмний төлөөлөл болохоос Засгийн газрын төлөөлөл биш.
УИХ-ын 11 байнгын хорооны даргыг АН, МАН хуваарилж авсан. Засгийн газарт бид ямар нэг байдлаар хамтарч оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ УИХ ард түмний төлөөлөл учраас УИХ-д байгаа бүх нам эвсэл, гишүүдийг оролцоотой байх тал дээр анхаарах ёстой. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл УИХ-ын хэлэлцэх асуудлууд болон төлөвлөгөөг гаргадаг. Одоо чуулган хаахад намрын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргах гэж байна. Үүнд Үндэсний эвсэл, ИЗНН-ын гишүүд мэдээлэлтэй болж чадахгүй байгаа. Тодорхой хэмжээгээр бидний мэдэх эрх, иргэдээ төлөөлөх эрх алдагдаж байна. Тийм учраас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд Парламентад суудалтай намын төлөөллийг оруулах хэрэгтэй. 118-уулаа асуудлыг шийдээд байж болохгүй. Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг хөнөөсөн хэрэг олны анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ хэргийн буруутныг илрүүлэх, үнэнийг тогтоох нь Засгийн газар, хууль, шүүхийн байгууллагын үүрэг. ИЗНН үзэл санааг нь тээгчийнхээ хувьд УИХ-ын түр хороо байгуулах саналыг гаргана. Бид өнөөдөр УИХ-ын даргад намын шийдвэрүүдээ уламжилна. Сонгууль болгоны өмнө АН, МАН-ын улстөрждөг, ашиг сонирхол хайдаг хэрэг байж болохгүй.