Open iToim app
Парламент | 2 мин уншина

Монголын парламентын бүлгэмийг байгуулж, Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар Х.Булгантуяаг сонголоо

Монголын парламентын бүлгэмийг байгуулж, Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар Х.Булгантуяаг сонголоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 26
Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хурлыг өнөөдрийн (2024.08.26) чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хийлээ. Анхдугаар хурлаар Улсын Их Хурлын гишүүдийг Монголын парламентын бүлгэмийн гишүүдээр батлан, бүлгэмийг шинэчлэн байгуулсан тогтоолыг гаргах, Бүлгэмийн дүрмийг батлах, Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдийг сонгох болон Гүйцэтгэх хороог байгуулж тогтоол гаргах зэрэг асуудлыг хэлэлцэв. Хурлын эхэнд, 2024 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хуралд Монголын парламентын бүлгэмийг шинээр байгуулах тухай тогтоолын төслийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцуулсан юм. 
Олон Улсын Парламентын Холбооны үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын зүгээс харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэн ажиллах зорилго бүхий тус бүлгэм нь гишүүдийн сайн дурын, олон нийтийн байгууллага бөгөөд 126 гишүүнтэй уялдуулан шинэчилсэн парламентын бүлгэмийн дүрмийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж баталлаа Үргэлжүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, уг дүрмийн 6.1-д Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хороог 13 гишүүнтэй байхаар, 6.2 болон 6.3-т  Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд Улсын Их Хурал дахь намын бүлгүүд болон, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслүүдээс нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг бичгээр ирүүлнэ гэж заасны дагуу ирүүлсэн нэр дэвшигчдийн нэрсийг уншиж танилцууллаа. Гүйцэтгэх хорооны даргаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Гүйцэтгэх хорооны дэд даргаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Гүйцэтгэх хорооны гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, Э.Болормаа, С.Зулпхар, Ц.Идэрбат, М.Мандхай, Б.Жаргалан, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, А.Ундраа, Б.Батбаатар нарын гишүүдийг дэвшүүлжээ. 
undefined
Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, бүрэлдэхүүнийг баталсан тогтоолын төслийг хуралдаан даргалагч уншиж танилцуулав. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан бүлгэмийн нийт гишүүд, шинээр сонгогдсон Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, бусад гишүүдэд амжилт хүссэнээр хурлыг үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Х.Булгантуяа удирдсан юм. Тэрбээр, бүлгэмийн дүрэмд Улсын Их Хурлын гишүүн хоёр талын парламентын бүлэг байгуулж, даргаар ажиллах болон парламентын бүлэгт дэд дарга, гишүүнээр элсэж ажиллах хүсэлтээ бичгээр ирүүлнэ гэж заасныг тодотгов. 
Түүнчлэн парламент хоорондын бүлэг байгуулах, элсэн ажиллахдаа тухайн улстай холбогдох ажил мэргэжлийн туршлага болон хамтын ажиллагааны зорилтот санаачилга зэргийг харгалзан үзэх нь зүйтэйг дурдлаа. Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хоёр талын парламентын бүлгүүд байгуулагдсан тухай Гүйцэтгэх хорооны даргын захирамж гарснаар өдөр тутмын үйл ажиллагааг нь олон талт хэлбэрээр эрчимжүүлэхэд Улсын Их Тамгын газар дэмжин ажиллана гэдгийг хуралдааны төгсгөлд тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн