Open iToim app
Парламент | 4 мин уншина

МАН-ын бүлэг: Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗГ-т буцаана

МАН-ын бүлэг: Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗГ-т буцаана
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 26
-УИХ дахь МАН-ын бүлэг дахин нэг хоногийн завсарлага авлаа-
Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 11.50 цагт эхэллээ. Хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх хуваарьтай. УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан баасан гаригт завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа даваа гаригт дууссан. Хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар завсарлагын хугацааг дахин нэг хоног сунгах санал гаргасныг УИХ хүлээн авлаа.
УИХ дахь МАН-ын бүлэг үндсэн гурван асуудлаар завсарлага авсан бөгөөд хоёр асуудал дээр нь нэгдсэн байр суурьд хүрсэн бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр үргэлжлүүлэн ярилцах асуудлууд байна гэж үзжээ. Тиймээс завсарлагын хугацааг сунгахыг хүссэн юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар: Завсарлага авсан гурван хуулийн асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцлээ.
Нэгд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Уг хууль нь төсвийн хариуцлага, хяналт зэрэг эдийн засгийн олон асуудлыг хөндсөн томоохон өөрчлөлт хийгдэхээр орж ирсэн. Уг асуудлаар бүлэг байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага байгаа. Энэ агуулгаар завсарлагаа сунган, бүлэг үргэлжлүүлэн хэлэлцэж байр сууриа нэгтгэх хэрэгтэй гэж үзэж байна.
Хоёрт, уг хуультай дагалдуулан оруулж ирсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа. Төсвийг өргөн барихтай холбоотой асуудлыг зохицуулсан харилцаа орж ирсэн. Улсын төсвийг тухайн жилийнхээ есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлэхээр одоо хүчин төгөлдөр хуульд заасан. Тэгвэл өөрчлөлтөөр төсвийн төслийг тухайн жилийн аравдугаар сарын 1-нд өргөн барихаар тусгасан. Үүнийг бүлэг дэмжээгүй бөгөөд хуучнаараа есдүгээр сарын 1-нд өргөн барих ёстой гэж үзлээ. Учир нь, аудитын дүгнэлт болон ард иргэдэд хэлэлцүүлэх цаг олгох ёстой гэж үзээд өөрчлөлтийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж бүлэг үзлээ.
Гуравт, төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай тендерийн хууль юм. Энэ хууль дээр хуульд нийцээгүй олон асуудал байна. Тэр дундаа хууль батлах онцгой бүрэн УИХ-д бий. Энэ бүрэн эрхэт халдсан байж болзошгүй асуудал байгаа учраас энэ асуудлыг эргэн харах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, "чадавхад суурилсан хэлцлийн аргаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад багтсан төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно" гэж заасан байна. Энэ нь төсөв батлах онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй байна. Нөгөөтэйгүүр, хэрвээ энүүгээр яваад тендер шалгаруулалт нь эхэлчих юм бол түүний өртөг санхүүжилтийг УИХ батлахаас аргагүйд хүрнэ. Үүнээс гадна хууль зүйн нэр томьёог жигдлэх, зөвлөх үйлчилгээ болон түлхүүр гардуулах нөхцөл гэсэн томьёонуудыг зайлшгүй тодорхой болгох шаардлагууд байна. Ер нь тодорхой төсөлд зориулан Тендерийн хуулийг өөрчлөх биш, уг хуульд томоохон төсөл хөтөлбөрүүдийг түргэн шуурхай явуулахад боломжийг нь хуулийн хүрээнд, хуульд нийцүүлж, олон улсын болон сонгон шалгаруулалт явуулдаг механизмыг судалж оруулж ирье. Ер нь Тендертэй холбоотой заалтууд дээр бүрэн шинэчилсэн найруулга хийх шаардлагатай байна. Олон нийтийн оролцоотой, ил тод нээлттэй болгож, хүний оролцоогүй хиймэл оюун ухаанд суурилж зохион байгуулах шаардлагуудад нийцүүлэн шинэчилж найруулах нь зүйтэй гэж үзээд Тендерийн хуулийг хууль санаачлагчид /Засгийн газар/ буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн энэ хуулийг дагалдуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төсөл мөн тодорхой хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна. 2023 онд Концессын тухай хууль хүчингүй болсон. Хүчингүй болсон хуулийг ашиглан төсөл сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй концессын дагалдах гэрээ байгуулахаар оруулж ирсэн нь хууль журам зөрчиж байгаа учраас уг төслийг мөн хууль санаачлагчдад буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ гэлээ.
undefined
Эргэн сануулахад, Тендерийн тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна, том төслүүдийг тендергүй явуулбал хулгай гаарна гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр удаа дараа анхааруулж, мөн нэр бүхий гишүүдийн хамт уг төслүүдийг хууль санаачлагчид буцаах горимын саналыг гаргаад байсан юм. Тэгвэл Б.Энхбаяр гишүүний саналыг бүлэг нь дэмжиж, хуулийн төслүүдийг буцаах шийдвэрт санал нэгджээ. Уг саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн