Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Судалгаа: Дунд насныхан дунд цус харвах тохиолдол нэмэгджээ

Судалгаа: Дунд  насныхан дунд цус харвах тохиолдол нэмэгджээ
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 23
Сүүлийн жилүүдэд 45-64 насныхан харвалтын улмаас нас барж буй талаар  Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) гаргасан шинэ тайланд дурджээ.
Тархины цус харвалт нь тархины цусны урсгал хаагдах эсвэл тархинд гэнэт цус алдах үед үүсдэг. Түргэн эмчлэхгүй бол тархинд гэмтэл учруулах, удаан хугацаагаар тахир дутуу болох эсвэл үхэлд хүргэдэг. Дунд насныхны цус харвалтын нас баралтын түвшин 2012-2019 оны хооронд долоон хувиар, 2021 он хүртэл 12 хувиар нэмэгдсэн байна. Тархины цус харвалтын нас баралтын түвшин 2022 он хүртэл эрэгтэйчүүдийн хувьд бага зэрэг буурч, эмэгтэйчүүдийн хувьд өөрчлөгдөөгүй  байна. CDC-ийн тайланд цус харвалтын нас баралтын өсөлтийн боломжит шалтгааныг бүрэн судлаагүй байна. Гэсэн хэдий ч шинжээчид хэд хэдэн шалтгааныг нэрлэжээ.
Шалтгаан 1: Цус харвалтын эрсдэлт хүчин зүйлсийн өсөлт, ялангуяа цусны даралт ихсэх дунд насны хүмүүсийн дунд чихрийн шижин, таргалалт, гиперлипидеми (холестерин өндөр) зэрэг суурь өвчлөл нэмэгдэж, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг амьдралын хэв маягийн буруу зуршил ихсэж байгаа нь цус харвах эрсдэлт хүчин зүйл болдог гэж мэргэжилтнүүд үзэж байна.
"Эдгээр эрсдэлт хүчин зүйлүүд нь цаг хугацааны явцад атеросклероз үүсгэдэг бөгөөд энэ нь өндөр настай өвчтөнүүдэд харвалтын нийтлэг шалтгаан болдог. Гэсэн хэдий ч манай залуу өвчтөнүүдийн дунд цус харвах эрсдэлт хүчин зүйлүүд нэмэгдэж байна" гэж АНУ-ын Тархины цус харвалтын цогц төвийн эмнэлгийн захирал доктор Фан Каприо “Yahoo Life”-д ярьжээ.
"Цус харвалтын эрсдэлт хүчин зүйл болох цусны даралт ихсэх өвчлөл дунд насны хүмүүсийн дунд ихэссэн" гэж CDC-ийн Зүрхний өвчин, цус харвалтаас урьдчилан сэргийлэх хэлтсийн тархвар судлаач Адам Воган “Yahoo Life”-д ярьжээ. Жонс Хопкинс Анагаах ухааны хүрээлэнгийн Тархины тасгийн захирал, доктор Мона Бахоут хэлэхдээ, цусны даралт ихсэх нь шинж тэмдэг багатай ч  маш аюултай байдаг гэв.
Шалтгаан 2: Цар тахлын эхний жилүүдэд цус харвах нас баралтын түвшин 12 хувиар өссөн нь эрсдэлт хүчин зүйлсийн заримыг тодорхойлсон эмчийн үзлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй хүмүүс олон байсантай холбоотой байж магадгүй байна.
Шалтгаан 3: Цус харвалтын шинж тэмдгэг, тархины цус харвалтыг таньж ялгахгүй байх тохиолдол олон байдаг аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бүх насны хүмүүс цус харвалтын үндсэн шинж тэмдгүүдийг таних нь чухал бөгөөд үүнд:
  • Гэнэт  бие сулрах эсвэл толгой эргэх
  • Гэнэт мэдээ алдах, ялангуяа биеийн нэг тал
  • Ярих эсвэл ойлгоход хэцүү болох
  • Гэнэт хүчтэй толгой өвдөх
Хэрэв та эдгээр шинж тэмдгийг анзаарсан бол нэн даруй  яаралтай тусламж руу залгах хэрэгтэй гэнэ.
Эх сурвалж: Yahoo life style
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн