Улаанбурхан өвчний дэгдэлт эрчимжиж, сүүлийн 24 цагт Баян-Өлгий аймагт зөөвөрлөгдсөн найман тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд албаны эх сурвалжаас хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, ахмад настан, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй иргэдийг вакциндаа эрчимтэй хамрагдаж, үүсч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг уриаллаа.
"Улаанбурхан өвчний дэгдэлтээр 2015 онд 150 гаруй хүн нас барсан"
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Сүүлийн 24 цагт Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн найман тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдвар ихсэж байна. Улаанбурхан өвчний өмнөх дөрвөн тохиолдолтой нийлээд нийт 12 тохиолдол бүртгэгдлээ.
ЭМЯ-наас улаанбурхан өвчнийг ялган оношлох сургалтуудыг аймаг, дүүрэг, сумын анхан шатны эмнэлгийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа. Анхан шатны эмнэлэгт вакцинжуулалт хийж байна.
Баян-Өлгий аймаг руу хоёр дахь ээлжийн зөвлөн туслах багийг явуулж, ажиллуулж байна. Тус аймагт голомтлон гарч байгаа тохиолдлуудыг илрүүлэх, тохиолдлуудыг вакцинд хамруулах ажил 86 хувьтай байна. Улаанбурхан өвчний товлолын вакцинаа хийлгээгүй 1500 хүүхэд, жирэмсэн эхчүүд, 0-9 сартай хүүхдийн судалгааг гаргаж, 3300 хүнийг энэ долоо хоногт вакцинжуулж дуусгана.