Японы эрх баригч нам наймдугаар сарын 20-нд шинэ удирдагчаа, харин есдүгээр сарын 27-нд дараагийн Ерөнхий сайдаа сонгох ажээ. Одоогийн Ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн долоо хоногт огцрох шийдвэр гаргаснаа зарласны дараа түүний тэргүүлдэг Засгийн газрын үнэлгээ огцом буурсан.
Либерал ардчилсан намын дараагийн тэргүүнийг сонгох сонгуулийн кампанит ажил есдүгээр сарын 12-нд санал хураалтаар эхэлнэ гэж намын албаны хүн Франс Пресс агентлагт ярьжээ.
2021 оны аравдугаар сараас хойш албан тушаал хашиж байгаа 67 настай Кишидагийн болон намын рейтинг нь үнийн өсөлт болон хэд хэдэн дуулиант асуудалтай холбоотойгоор буурсан.
Гэвч Фүмио Кишида Засгийн эрх барьж байх хугацаандаа хилийн чанадад нэр хүндтэй болж, Орос түрэмгийллийн эсрэг, Украины талд тууштай зогсож, АНУ-ын дэмжлэгээр Японы батлан хамгаалах бодлогыг Хятадтай тэмцэх хэмжээний илүү хүчирхэг болгоход ач холбогдол өгсөн.
Түүний халааг хэн авах нь олны анхаарлын төвд байна. Намын ахмад зүтгэлтнүүдээс эхлээд өсөж яваа залуу улстөрч, гурван эмэгтэй хүртэл нам дотроо дэмжлэг авахыг эрмэлзэж буй тухай мэдээлэл байна. Тэдний дотор Батлан хамгаалахын сайд асан Шигерo Ишиба, Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санае Такайчи нар өндөр магадлалтайд тооцогдож байна.