Open iToim app
Зочин | 20 мин уншина

З.Туяа: Хотын дарга Х.Нямбаатарын асуудлыг шийдэх процедур нь хүний эрх зөрчиж байна

З.Туяа: Хотын дарга Х.Нямбаатарын асуудлыг шийдэх процедур нь хүний эрх зөрчиж байна
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 21
“Нью урбанизм” ХХК-ийн захирал, хот төлөвлөгч З.Туяатай хот төлөвлөлтийн талаар ярилцлаа.
-Хотыг 100 жилээр төлөвлөдөг гэдэг. Та Улаанбаатар хотын төлөвлөлтийн асуудлыг юу гэж бодож байна вэ?
- Хотын хөгжлийн алсын харааг 20 гаруй жилээр таамаглал дэвшүүлж  хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж төлөвлөдөг. Уг нь бид бүгдээрээ дундын орон зайгаа зөв зохион байгуулж, эрүүл орчинд ажиллаж амьдрахын төлөө төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл хот гэдэг бол бид хамтдаа аж төрж байгаа орон зай учраас үүссэн дундын асуудлуудаа хэрхэн шийдэж, хамтдаа хөгжих замын зургаа тодорхойлоод байгаа юм. Хүн бүр өдөр тутамдаа ямар нэг зүйлийг төлөвлөөд түүнийгээ хэрэгжүүлдэг. Хар яриагаар бол “ажил хөөцөлдөөд” явдагтай л адилхан. Хот төлөвлөлт гэхээр өөр төлөвлөгөө байх ёстой юм шиг бодоод байна. Уг нь агаар нэг зүйл юм. Олон асуудлыг урьдчилан зүй тогтлоор нь тодорхойлдог шинжлэх ухаан юм. Бид бөөндөө хот гэдэг орон зайд байгаа учир хүний хүч, боломж, асуудал, эрсдэлийг төвлөрүүлж байна гэсэн үг. Тиймээс энэ их хүчийг хэрхэн ашиглаад, мөч бүрд үүсэж буй асуудлын шалтгааныг багасгаж, ирээдүйд үүсэх эрсдэлийг бууруулахын тулд төлөвлөдөг. Энэ бол баримт бичиг. Өнөөдрийн сургамжаас алсын ирээдүй рүү хүрэх луужингийн үүргийг гүйцэтгэдэг бичиг баримт юм. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөгөөг богино хугацаанд тодотгох шаардлага үүсэж магадгүй. Харин нөгөө талдаа 100 жилээр үндсэн зарчмаа баримтлаад явж байгаа хотууд ч байдаг. Жишээлбэл, Чикаго хот 1900 онд тодорхойлсон хотын гол зарчмаа баримталсаар л байна. Хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй л бол цаас шүүгээнд л хэвтэнэ шүү дээ. Улаанбаатар хотын төлөвлөлтийн хувьд иймэрхүү л юм болоод байна. Өдөр тутмын амьдралыг зохицуулах төлөвлөлтийн болон алс хэтийн төлөвлөлтийн зааг ялгааг гаргалгүй өдийг хүрсэн. Хотын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явцыг зохион байгуулж чадахгүй алдаад байгаа юм.   
-Хотын дарга солигдох болгонд “Төлөвлөгөөнд алдаа байна” гээд шинэ бодлого төлөвлөөд байгаа. Энэ нь зөв үү?
-Төлөвлөлтийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, дүрэм зохицуулалт дутагдаж байгаа. Түүнийгээ сайжруулж, өнөөгийн нөхцөлд нийцүүлж чадахгүй суугаад байвал хөгжил байхгүй. Хэчнээн сайн төлөвлөсөн ч хүрэх арга зам, үйл ажиллагаанд алдаа гарна. Хэрэгжүүлэх явцын алдаа, түүнийг сайжруулах тухай ярихгүй хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг алдаатай байсан гэж ярьсаар л байна. Хотыг хөгжүүлэх үйл ажиллагааны иргэдэд ойлгомжтой төлөвлөгөө байхгүй байна. Ямар хэм хэмжээтэй, соёлтой хот болох гээд байгаа тухай яригдаагүй л байна.
Дөрвөн жилд нэг дарга гарч ирээд шинэ зүйл ярина, өмнөхөө үгүйсгэдэг нь зарчим, хэм хэмжээ, соёл нь байхгүйтэй холбоотой. Бид дундын нөөцтэй, хүчтэй, бүтээж байгуулсан хөрөнгийн баазтай, газар нутагтай. Түүнийгээ удирдаж сурмаар байна. Урт хугацаанд үр дүнгээ өгөх ажил эхлүүлээд дуусгалгүй хаяж байвал цаг хугацаа, хөрөнгийн алдагдал хүлээж байна гэсэн үг. Сонгуулиас сонгуулийн хооронд ингэж явсаар хүний болон хөрөнгийн нөөцөө үргүй зарцуулсаар байна. Эхлүүлсэн үйл явцыг сайжруулаад үргэлжлүүлээд явахад алдаатай гарсан ч тэр нь бидэнд хожил болно. Ядаж сургамжаасаа суралцах болно. Гэтэл тийм “хожил” ч ярьж чадахгүй байгаа. Тэр нь хамгийн харамсалтай. Эцсийн дүндээ хотын иргэд тэр чигтээ хохирч байна. Алдаа бол маш үнэтэй сургамж. Энэ сургамжийг маш их цаг зараад олж авсан мэдлэг шүү дээ. Хотыг байгуулах энэ үйл явц, их цаг хугацаа шаардаж олж авсан сургамж, мэдлэг нь бүх нийтийнх болсон цагт л хотын соёл, үнэт зүйл төлөвшинө. Гэтэл одоо хуулийн өөрчлөлтөөр бүр цоо шинэ орчин үүсгэх гээд байна.
-Хотын асуудалд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын авч буй бодлого, зохицуулалт зөв явж байна уу, буруу явж байна уу?
-Бидний өнгөрсөн хугацаанд гаргасан алдаанаас үүссэн өнөөдөр зайлшгүй шийдэх ёстой асуудлыг шийдэх гээд явж байна л даа. Гэхдээ процедурын алдаа байгаад байна. Асуудлыг шийдэж байгаа арга зам нь цаашдаа маш том нөлөө үзүүлнэ. Өнөөдөр хотын асуудлыг шийдэхэд авч байгаа арга хэмжээндээ зарчимтай байх нь хэзээ хэзээнээс чухал болоод байна. Яагаад гэвэл энэ нь цаашдын нийгмийн хэм хэмжээ болно. Хүний өмч хөрөнгө рүү шууд халдах процесс явагдаад байна. Хотод авч байгаа арга хэмжээ хэн нэгэнд хандаад байгаа юм биш шүү дээ. Ижил нөхцөл үүсвэл ийм аргаар л шийдэх болно. Өөрөөр хэлбэл тэр нь нэг хүний асуудал биш түүнтэй ижил асуудалтай маш олон хүнд хамаатай. Гал унтраах, тухайн нөхцөл байдалдаа тохируулаад орж байгаа гэж байгаа нь алдаа гэж хараад байгаа юм. Хотын иргэдийн нийтлэг хэм хэмжээ тогтвол нийгмийн тогтвортой байдлын суурь гэж үздэг. Тиймээс ямар нэг асуудлыг шийдэхэд тэрний цаана хот хүний эрхийг зөрчихгүй процесс нь гарсан байх ёстой. Тэр эрх зүйн орчноо бүрдүүлэх ажил нь одоог хүртэл сураггүй байна. Сонгож авч байгаа арга хэлбэр, баримталж байгаа зарчмын хооронд том доголдлыг засахгүй бол дахиад л нэг даргын асуудал болоод өнгөрөх нь.
-Сүүлийн жилүүдэд гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эрчимтэй явагдаж байна. Үүний үйл явц хэрхэн явж байна гэж та харж байгаа вэ?
-1990-ээд оны шилжилтийн үед хотын иргэд ядуу, төр ч ядуу байсан. Тиймээс бизнес эрхэлж, хөрөнгө оруулж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого явсан гэж хардаг. Харин одоо байгаа өмчийг худалдаж аваад, нураагаад, шинээр байшин барих хэмжээнд бид хөрөнгө эргэлдүүлдэг болсон байна. Гэхдээ энэ хөрөнгийг зөв залаагүйгээс маш өндөр зардалтай хот болгосон. Өөрөөр хэлбэл, маш өндөр нягтралтай хорооллууд үүсгэсэн. Үүнээс болоод түгжрэл үүсэж, бүтээмжгүй хот болж хувирсан. Тэгэхээр гэр хороолол бол түгжрэлийг, хотын тулгамдсан олон алдааг засаж болох ганц талбар. Хамгийн бага нягтралтай энэ бүсийг зөв зохион байгуулж чадвал бидний хожил болох юм. Гэхдээ үүнийг хийхдээ өмчийн эрхийг зөрчөөд байгаа харагдаад байна. Газрын эзэд хотыг шинэчлэх үйл явцад оролцох оролцоог нь тэлж дэмжихгүй байгаа.
Газрын эздийг чадалгүй хүмүүс гэж хараад байна. Тэгсэн хэр нь газрыг үнэд оруулна гэж яриад байдаг. Энэ цаг үеийн хотыг захирч байгаа захиргааны чадал нь энд л хүрч байна. Сүүлийн 10-иад жил гэр хорооллыг хөгжүүлэх үйл явцыг зохион байгуулахдаа баримтлах зарчим, стратеги тактикгүй байснаас үр дүнгүй явж бүгд ядарсан. Төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, харилцаа холбоонд ч стратеги хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, арга хэрэгслүүд байх ёстой. Тэдгээрийг ерөөсөө ашиглаж чадахгүй байна. Гэр хорооллын хөгжил дөрвөн жилийн дотор үр дүн гаргадаг ажил биш шүү дээ. Энэ арга хэмжээг маш олон талын үр ашигтай урт хугацааны ажил болгохын тулд стратеги, төлөвлөгөө хэрэгтэй. Гэвч ийм чиглэлтэй төлөвлөгчид ховор байна. Хотын захиргаанд, зураг төсөл боловсруулж буй хүмүүст иргэдтэй харилцах харилцаанд ч стратеги дутагдаж байна. Уг нь хотын аль ч хэсэгт амьдардаг байсан иргэдийг тав тухтай амьдах нөхцөлийг тэдэнтэйгээ хамт байгуулмаар байна. Гэтэл хотын манлай болсон хэдэн толгой төсөлтэй. Түүн рүүгээ хамаг цагаа бараад, бусад газарт нь ямар ч хараа хяналт тавьдаггүй. Ирээдүй үеийнхэн хяналтгүй хөгжиж байгаа газрын асуудлыг засах гэж маш их хүч зарах болох нь. Өнөөдөр хот хэт хяналттай, огт хяналтгүй гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна. Асуудлаа хэрхэн зохицуулахаа хоорондоо ярилцах шаардлагатай цаг ирлээ. Тэгэхэд дөрвөн жилийн дотор бүгдийг шийднэ гэдэг хандлага нь байсаар байна. Шийдэх гэж буй асуудал нь дөрвөн жилээр хязгаарлагдахгүй гэдгийг хаа хаанаа ойлгомоор байна. Тэгвэл юуг яаж хийх гээд байгаад нь хяналт тавьж сурна.
-Хяналттай, хяналтгүй гээд хуваагдсан байхад бид метротой болоход бэлэн үү?
-Бид метротой болоод ширэлдсэн үс шиг олон асуудлуудыг шийдэгдчих юм шиг иргэдэд ойлгуулаад байна. Метроны шугам нь хэд билээ, Энхтайвны өргөн чөлөөнд хүрэхийн тулд гэр хорооллын хамгийн алсын цэгээс явсаар байтал цаг болчхоод байна. Энэ цаг хугацаа тэр хүмүүст хамаагүй юм уу. “Энхтайвны өргөн чөлөөнд овоорсон байгаа ачааллыг хэрхэн бууруулах вэ” гэж яриад байгаа. Олон зэрэгцээ арга хэмжээ авч байж л шийдэгдэнэ. Гэтэл хамгийн үнэтэй, өндөр зардалтай хэсгийг нь хэрэгжүүлэх гээд байх юм.  Уг нь аль олон хүнд ашигтай байх хувилбарыг  сонгож авмаар юм гэж боддог. Метро зээлээр санхүүжнэ. Тэр зээлийг төлөх хөрөнгийг төвлөрүүлэх иргэд, ААН-ийн аж амьдрал нөлөөлбөл бид давхар алдагдал үүрнэ.  Газар доор үнэтэй орчин үүсгэнэ гэж ярьж байсан. Газар дээр жижиг худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж яах билээ. Дахиад л өндөр зардал хаа хаанаа гаргах зүйл яриад байна. Уг нь наана нь хотын замын сүлжээг сайжруулбал хаягжилт тодорхой болоод, хотын логистикийн асуудлыг шийдвэл их хэрэгтэй байна. Үйлдвэрийн бүсийн газрын зохион байгуулалтыг сайжруулахад арга хэмжээ авах хэрэгтэй байдаг. Энэ талууд таг л байна. Орон сууц болох ажлын байрыг хооронд нь хэрхэн холбоосыг сайжруулах вэ гээд ярих юм наана нь их байна. Жижиг юмнуудаа ярихгүй байгаа. Зэрэг, зэрэг арга хэмжээ авч байж жаахан ч гэсэн ачаалал задарна шүү дээ. Саармагжуулахдаа хаанаас эхлэх вэ гэдэг зүйлээ бодох хэрэгтэй. Дагуул хот гээд ярьж байгаа. Багануур, Налайх, Дархан Эрдэнэт хотуудтай хурдан галт тэргээр холбогдвол орон сууцны хэрэгцээ өөр газруудад үүсэж, хот задрах нөхцөл үүсэх байх.
-Улаанбаатар хот газаргүй болоод байгаа учраас түүхэн дурсгалт газруудын орон зайг нь үгүй болгоод байна. Үүнийг хэрхэн зохицуулах хэрэгтэй вэ?
-Хотын маш олон түүхэн биет өв барилга байгууламжууд гэр хорооллын бүсэд байна. Жишээ нь, Дамбадаржаа хийд маш бага нягтралтай гэр хорооллуудын дунд байдаг. Одоо нягтрал өндөртэй орон сууцны хорооллын дунд оруулах гэж байгаа ч энэ хийдийг сэргээх асуудал нь яригдаагүй  байна.  Гэр хорооллыг хөгжүүлнэ гэдэгт зөвхөн дэд бүтэцгүй, орон сууцгүй хүмүүсийн асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг хандахаас илүүтэй  тухайн бүсийн эдийн засгийн фактор болох соёлын өвүүдийг түшиглэн хөгжүүлбэл давхар, давхар хожоо гарна гэж боддог. Тухайн газар, орон зайн соёлын өвүүдийг эдийн засгийг хөгжүүлэх хүчин зүйл болгосноор эдийн засгийн хэсгүүд үүсгэчих юм бол цөөн хэдэн цэгүүд рүү хөдлөөд байгаа хөдөлгөөн задрах болно. Амралт зугаалга гэхээр тогтсон хэдхэн газар руу очих биш хотын тал тал руу явах хөдөлгөөн үүсгэнэ. Ийм нөхцөлд хүмүүс амьдарч байгаа орчиндоо бизнесээ эрхэлж, харилцаа холбоог бий болгоно. Жишээлбэл би Баянхошуунд судалгаа хийхэд гутал, бэлэг дурсгалын зүйл оёдог хүмүүс их байсан. Гэтэл Сэлбэд ихэвчлэн дээл оёдог хүмүүс байсан. Ийм ялгаа байдаг. Гандан гэдэг тэр чигээрээ соёлын өв. Хот чинь өөрөө динамик, сэдэвчилсэн газруудтай байж имижээ бүрдүүлнэ. Иймд Улаанбаатар хот чинь ийм түүхтэй, Монгол Улсын сүүлийн 100 жилийн түүх энд хэрхэн өрнөсөн гэдэг  мэдрэмжийг нь байлгамаар байвал соёлын биет өвүүдийг авч үлдэн,арчлан тордох хэрэгтэй. Үүнийг ойлгох нь байтугай одоо байгаа барилга байгууламжийн ашиглалтын ач холбогдлыг ойлгохгүй байгаа захиргаа энэ үнэт зүйлийн үнэ цэнийг ерөөсөө ойлгохгүй байх нь аргагүй ч юм болов уу. Хотын өнцөг булан бүрд байгаа томоохон цогцолбор болох байгууламжууд байдаг. Тэдгээрийг түшиглэн хотын бүсүүд хоорондоо зорчих сэдэвтэй, сэдэлтэй болбол хотын бүс бүрд өөрийн үнэ цэнтэй орчин үүсэх болно. Хувьсгалын өмнөх өвүүд ч байна, социализмын барилга байгууламжууд ч өнөөдөр өвд тооцогдох насыг элээсэн байна.  Эдгээрээс алийг нь авч үлдэх хэрэгтэй гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Улаанбаатар хот хэд хэдэн босоо ам, голуудтай. Үүнээс Улиастай ам унаган төрхөө хадгалж өдийг хүрсэн ч тэнд газар олголоо. Уг нь 1.4 сая хүн амтай их хотын иргэдэд амрах том байгалийн парк хэрэгтэй байсан ч үүнийгээ алдлаа. Түүнийг ашиглаад хотын томоохон бизнесийг хөгжүүлэх боломж байсан гэж боддог. Бид төвлөрүүлэхгүй задалъя гэж бодож байгаа бол харилцан уялдаатай бодсон бодлого л хэрэгтэй байна. Хүмүүст гаргаж байгаа шийдлийн үндэслэлийг тайлбарлавал ойлгоно гэж боддог. Даанч тэрийг хэлэхгүй байна.
-Хотын нягтрал ихсэж байгаа нь юутай холбоотой гэж харж байна вэ?
- Хотын нягтралыг хянах арга хэрэгсэл хэрэгтэй байна. Олон талт хөрөнгө оруулалтын үед үүнийг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг талаар бодож, тулгарч байгаа асуудлыг шийдэх гэж  оролдохгүй байна л даа. Уг нь төр төсөл хэрэгжүүлэхээс гадна удирдлага зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй юм. Энэ орчныг сайжруулж байж бодлогоор хувийн хөрөнгө оруулалтуудыг зохицуулж, байгаа дүрмийг өөрсдөө мөрдөж, бусдыг мөрдүүлж эхлэхгүй бол болохгүй байна. Хотын захиргаа нийтийн өмчийг хүртээмжтэй ашиглуулах, хүний өмчийн үнэ цэнийг алдуулахгүй байх үүрэгтэй. Энэ зохицуулалт нь хотын газар орон зайн зохион байгуулалт, түүнийг мөрдүүлэх удирдлага юм. Газрыг хөгжүүлэх эрхийг нь өгөх гэж байгаа бол зөрүүлээд хотод яг юу хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг хувийн секторуудад ойлгуулах хэрэгцээ үүссэн байна. Хөрөнгө оруулалтыг чиглүүлж, удирдах хэрэгтэй гээд зааж зааварлах гэсэн үг биш. Эсрэгээрээ бизнес эрхлэгчидтэй, иргэдтэй нэг дүрмээр ижил тэгш харилцах боломжийг хэлж байгаа юм. Одоо энэ чиглэлээ алдчихаад байна. Тийм ч учраас өнөөдөр дархан цаазат газрыг хөгжүүлж байна. Туул голын сав газрыг барилгажуулж байна. Зарим хүмүүст хэт давуу эрх өгч байна гэсэн үг шүү дээ. Хамгийн аймшигтай нь хуулиа зөрчөөд байхад арга хэмжээ авахгүй байна. Хаа нэг удаа хууль зөрчсөн бол яаж бүгдэд ижил тэгш харилцаж байна гэж хэлэх юм бол. Үүнийг байж болдог гээд ойлгочихвол бид балчигтаа живээд л байх юм байна.
-Дагуул хотуудыг бий болгох төлөвлөгөө яригдаад эхэллээ. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд дэд төвүүдийг байгуулах, дагуул хотуудыг хөгжүүлэх гэсэн хоёр үндсэн арга замыг тодорхойлсон төлөвлөгөө юм. Дэд төвүүдийг байгуулж, олон төвтэй болохыг эхэлж хэрэгжүүлсэн. Энэ маш их хөрөнгө, хугацаа, зохицуулалт шаардсан хөтөлбөр болж байгааг бид харж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийж байгаа бол тэнд ажлын байр нэмэгдэж, эрэлт үүсэн төвлөрөх болно. Эсрэгээрээ бид тухайн үедээ Шувуугаа, Налайхаа, Биогоо бэхжүүлээд томруулаад, хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дэд бүтэц, тээврийн асуудлыг шийдэж, татвар хураамжийн хөнгөлөлтийн бодлогоор дэмжсэн бол арай өөр байсан байх. Одоо дагуул хотуудын асуудлыг ярьж эхэлмэгцээ Улаанбаатар хотыг хувааж 14 хот болгоно гээд яриад эхэллээ. Өмнө нь аймгуудад өөрсдийн аймгийн төвийн хүн амыг 10 хувиар нэмэгдүүл гэсэн. Энэ арга хэмжээнд дэмжлэгүүд амласан ч дорвитой үр дүн гараагүй болоод л тоо баримт тайлагнахгүй байна гэж харж байгаа.  
Баахан шинэ хот ярьж эхэлсэн. Шинэ хотыг байгуулах эрх зүйн үндсээ тавьж чадахгүй өдийг хүрээд өнөөдөр хуулийн өөрчлөлтөөрөө бүр улсын зэрэглэлтэй хотуудыг байгуулна гэж зарлаж байна.
Иргэдийн суурьшсан амьдралаас шилжүүлэх гэж бодлого тодорхойлж байгаа бол эхний ээлжид хэнээс илүү их зардал гарах гээд байгааг тооцож, хүмүүс юун дээр үндэслэж шийдвэр гаргах гээд байгааг дэнслээд үзэх хэрэгтэй. Тогтсон амьдралтай хүмүүс нүүх гээд байна уу. Эсвэл ажил амьдралын гараагаа эхэлж байгаа залуус шилжих гээд байна уу. Тэгээд дээрээс нь бид хэчнээн ажиллах насны хүн амтай билээ. Тэдгээрийгээ л тараан байршуулах асуудал шүү дээ. Энэ олон хот суурин юунд хэрэгтэй вэ. Тийм их хөрөнгөтэй юү. Өнөө л ашигт малтмал уу. Ингээд бодохоор манай улс байгаагаа сайтар тооцохгүй хөөсөрсөн бодлого зарлаад байх шиг. Одоог хүртэл байгуулсан хотуудыг дэмжээд өгөх юм бол хүч нь байна. Яагаад гэвэл хүн төвлөрсөн, хөрөнгө үүссэн бас дэд бүтцийн нөөцтэй, газартай. “Өнөөдөр баялаг бүтээж байгаа хүмүүс яагаад сайхан амьдарч болдоггүй юм бэ. Яагаад энэ иргэддээ хандсан бодлого тодорхойлж хэрэгжүүлдэггүй юм бэ” гэж асуумаар байдаг. Шинэ юм л яривал супер харагдах гээд ойлгочихсон юу шиг аашлах юм. Дэд бүтцийн нөөц байгаа ч ашиглагдаагүй газрууд олон байна.Налайх, Багануур төмөр замтай, Дархан Эрдэнэт рүү дэд бүтэцтэй байхад очоогүй хүмүүс Хархорин руу, Шинэ Зуунмод руу хурдан нүүж очно гэж яаж итгээд байгаа юм бүү мэд. Эрдэнэт, Дарханыг дэмжээд 300 мянган хүн амтай болгож чадаагүй л байна. Шинэ хотыг байгуулж, бэхжүүлэх нь маш урт хугацааны ажил. Аймгийн төвүүдээ хар л даа. Хөгжсөн хэдэн сая хүн амтай хот, шинэ бүс байгуулах гээд 40 50 жилийн дараа л эрчимжиж байна гэж яригдаж байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдийн үйл явцад харилцан ойлголцол сайн байгаагүйгээс төр захиргаа, иргэд аж ахуй нэгжүүд аль аль нь залхаад итгэлцэл байхгүй болж байна гэж харж байгаа. Энэ хэтдээ их уршигтай байх болно доо .
-Саяхан "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль" 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэхээр батлагдлаа. Уг хуулийг хот төлөвлөгч хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Салбарын үйл ажиллагаанд хамаатай маш олон хуульд өөрчлөлт орж зарим нь бүр засаг захиргааны үйл ажиллагаанд нөлөөлж, төсөвт дарамт үүсгэх, төрийн байгууллагууд олширч, шат шатны байгууллагуудын хариуцлагын тогтолцоонд ойлгомжгүй цоо "шинэ" нөхцөл үүсэхээр өөрчлөлтүүд орсон. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хэрхэн хангах талаар одоо хүртэл яриагүй байна. Эрх зүйн сайт дээрээ ч тавигдаагүй байгаа “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-д ойлгомжгүй, зарчмын том асуудлууд байна. “Нийслэл Улаанбаатар хот нь дотроо 14 хоттой болно” гээд заасан байна. Улаанбаатар хотын Сэлбэ хот гэж ярихгүй байж таарна тэгэхээр Улаанбаатар гэдэг үг гээгдэх нь. Хот засаг захиргааны нэгж биш. Гэхдээ Улаанбаатар хот есөн дүүрэгтэй. Төвийн дүүргүүд хотод хуваагдана. Хотуудын хил дүүрэг дамнаж байж болно гэж байдаг. Сонгуулиар өөр, өөр намууд дүүрэгт яллаа гэвэл тэр хотын дарга ялсан намын удирдлагуудтай ойлголцох гэж үйлээ үзэх нь. Бас иргэд нь хохирох байдал харагдаж байна. Дүүрэг ямар үүрэгтэй байх юм. Засаг захиргааны хамгийн бага нэгж нь хороо гэж байгаа. Хуульд “14 хотуудыг хороодод хуваагдана” гэсэн байсан. Хороод хамгийн тогтвортой нэгж байна гэж харагдаж байгаа ч дүүрэг болон хот гэсэн хоёр эзний нэг зарц шиг л байдал үүсэхээр байна гэж харсан. Хот өөрөө засаг захиргааны нэгж биш. Одоогийн ИТХ-н хэмжээнд ажиллах зөвлөлийг байгуулна гэж байна. Нийслэл өөрөө ИТХ-тай, дүүргүүд өөрсдөө ИТХ-тай. Тэр ИТХ-ууд нь өөрийнхөө эрхийг хотуудын зөвлөлүүд рүү шилжүүлнэ гээд байдаг. Хуульдаа тэр зөвлөлийг холбогдох сонгуулийн хуулиар сонгоно гэж заасан ч хэрхэн сонгох зохицуулалт нь орхигдчихсон юм шиг. Би уншаад яг юу шийдэхийг хүссэн хууль вэ гэдгийг ойлгоогүй.  Сонгуулийн тухай хууль байхгүй. Ийм “Бантан” хуулийг яаж хэрэгжүүлэх гэж байгааг ойлгохгүй байгаа. Нэг зүйл ойлгомжтой байгаа нь хотын талаар бидэнд ямар ч ойлголт алга.  Хот өөрөө өмчтэй байж, татвар хураамж, үйлчилгээний төлбөрөөс төсөв бүрдүүлнэ. Гэтэл хотыг ингэж олон хуваачхаад одоо хурааж, төвлөрүүлж байгаа жаахан мөнгөө нийслэлийн, дүүргийн, хотын төсвүүдэд яаж хуваарилах гээд байгаа юм бүү мэд. Бүгдээрээ л адилхан татвараас төсвөө бүрдүүлнэ гэсэн байсан. Хууль баталсан хүмүүсийн тайлбарлаж байгаагаар нийтлэг үйлчилгээг хүргэх асуудлыг яриад байгаа. Орон сууцны контор, Нийтлэг үйлчилгээний газрын үүрэг функцийг заавал хотын зөвлөл, засаг даргатай болж байж шийдэх юм байх даа. Энэ хуулиар бол холбогдох хуулийнхаа дагуу татварынхаа хэмжээг тодорхойлно. Хэрвээ татвараа бүрдүүлэх гэж байгаа юм бол байшин хороололтой хотууд илүү их татвар бүрдүүлж, гэр хорооллын хэсэгт байгуулах хот юу ч бүрдүүлж чадахгүй юм байна. Яагаад гэвэл тэнд найман нэрийн дэлгүүрээс өөр дорвитой бүртгэгдсэн бизнес байхгүй. Найман нэрийн дэлгүүр нь ч аж ахуйгаар бүртгэгдэж байгаа боловч газрын хувьд хувь хүний газар дээр байгаа. Үүнийг одоо хүртэл зохицуулаагүй байна. Америкийн “Өлсгөлөн тоглоом” зохиол шиг ядуу хороолол, хотууд болон баян хорооллууд үүсчих гээд байгаа ч юм шиг. Хотууд хил хязгаартай гэхдээ газар зүйн байрлалаараа бүгд нэг нэгнээсээ хамааралтай шүү дээ. Яагаад ийм зардалтай бутаргасан схемийг ярьж байгааг ойлгоогүй. Дарга болох хүсэлтэй олон хүн байх шиг байна. Тэдэндээ ажил бэлдэж байгаа юм болов уу.
-Хот гэдэг статусыг тогтоосон нь хэр оновчтой шийдвэр гэж харж байна вэ?
-Оновчгүй гэж харж байгаа. Хот суурин газрыг хүн ам, эдийн засгийн цар хүрээгээр нь биш эсрэгээрээ төлөвлөж буй хэмжээгээр нь статус олгохоор хуульчилсан байсан. Тийм учраас хотыг юу гэж ойлгоод байгаа юм бол доо гэж асуугаад байгаа учир нь бас энд байгаа юм. Хот гэдэг чинь байршил, дэд бүтэц, иргэд, аж ахуйн нэгжийн хүчин чармайлт гээд хотын нөөцийг хэрхэн ашигласан байдлаас тодорхойлогдоно. Мөн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, бодлого шийдвэр гээд олон зүйлээс хамаарч томорно, жижгэрнэ, бүр устаж алга болж ч болно. Томроод ирэхээр эрэлт нэмэгдэж асуудал гарна. Асуудал гарахаар түүнийг шийдэх хөрөнгө хэрэгтэй болно. Тэрийг иргэд нь уналтын эрсдэлд бэлэн байж дундаасаа хөрөнгө нөөцөө төвлөрүүлж чадсан байвал хожно, хот тэлнэ. Гэтэл үүнийг бид механикаар Шинэ Зуун мод, Хархорин гэж төлөвлөөд тэр хүн амын таамаглал нь 100-гаас дээш мянган хүн амтай төлөвлөгдсөн бол Улсын зэрэглэлтэй хот байна гэж үзэж байна. Газар дээр байхгүй байсан ч шууд улсын чанартай хот болох нь. Энэ бол улсын зэрэглэлтэй хот гээд улсын хөрөнгийг тийш чиглүүлж, одоо байгаа хотуудын хуучирсан дэд бүтцийг сэргээхээс эхлүүлээд иргэдийн өмнө тулгарах олон асуудал хөрөнгийг чиглүүлэхгүй, юу ч наахгүй нь.  Шинэ хотыг хэдэн сая хүнтэй хотын дэргэд байгуулах төсөл 40 50 жилийн дараа л эрчимжиж байна гэж улсын хот төлөвлөгч ярьж байна. Гэтэл бид ийм юм хийгээд сууж байна. Уг нь шинэ бизнесийн орчныг дагаад аандаа үүсэх асуудлыг тэлэлтийн удирдлагыг оновчтой зохион байгуулж, түүндээ бэлэн байдалтай байвал болох юм. Улсын хөрөнгө юу ч биш юм байна. Иргэдийн бүрдүүлсэн хөрөнгийг үрэн таран хийх бэлтгэл ажил байна гэж харж байгаа. Уг нь хотын хүн амын таамаглалд маш болгоомжтой хандах ёстой юм. Шууд төсөвт нөлөөлнө. Хүн амын хэрэгцээнээс хэтэрсэн сургууль цэцэрлэг баригдаад байна гэж яриад л байгаа.
-Улаанбааатар хотод тулгамдаад буй асуудлыг хамгийн зөв гарц гаргалгаа нь юу вэ?
-Юун түрүүнд маш хурдтай хөгжиж буй хотуудын төсөв хөрөнгийн суурь, түүнийг бүрдүүлэх дэд бүтцийг ойлгох хэрэгтэй байна. Хот өөрөө юугаараа санхүүгээ удирдаад, эрх үүрэг, орон зайгаа  хэрхэн зөв зохион байгуулаад байдаг юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хот болгон дүрэмтэй байна гэж хуульд заасан боловч тэр дүрмийг хэн баталж хийх юм гэдэг хуульд суугаагүй байна. Хуулийн өөрчлөлтийг хийсэн хүмүүс хот гэдэг зүйлийг ойлгоогоогүй, чин сэтгэлээсээ өөрчлөлтийг авчиръя гэж бодоогүй юм шиг байна гэж бодсон. Орон зай зөв зохион байгуулагдаж байж хэмнэлт орж ирнэ. Хэрвээ орон зайг буруу зохион байгуулах юм бол тэр хэмжээний алдагдалтай байна. Орон зайг зохион байгуулах, удирдах арга барилыг олоогүй цагт хэчнээн их юм хийсэн ч бидний амьдарч буй орчин сайжрахгүй. Хотын иргэд хоорондоо амьд харилцаатай байсан цагт л тогтвортой хот бий болно. Гэтэл энэ орон зай алга. Үүнийг үүсгэх талаар бодохгүй байна. Хог, түгжрэл, дэд бүтцийн алдагдлыг хэрхэн бууруулах талаар яригдахгүй байна. Дэд бүтцийн болон барилга байгууламж гээд материаллаг орчныг сэргээх, сэлбэх, шинэчлэн сайжруулах шаардлага үнэхээр тулсан. Тэрийг сайжруулахад хөрөнгө хэрэгтэй. Түүнийгээ бүрдүүлэх эрх зүйн орчин, зарчим, соёлоо бий болгохгүй бол улс төрчдийн тоглоомд тээгэлдээд л асуудал шийдэгдэхгүй байсаар байна. Мөн дэлхийгээс хоцрохгүй шинэ технологи, ойлголтуудыг хамтад авч явах хэрэгтэй байдаг. Үүнийг одоо тулгарч байгаа асуудлуудтай хоршуулах  гээд олон зүйлийг зэрэгцүүлж бодох, стратегиа тодорхойлох хэрэгтэй байна. Хүн хүч хэдүүлээ билээ. Үүнийг маш оновчтой зохион байгуулахгүй бол нэг зүйл рүү нь хуйлруулаад байвал алдана. Бүх хүмүүсийн оролцоог бий болгож хүмүүсийн ойлголтыг нэгтгэж, далайцтай урт хугацаанд тогтвортой бодлоготой явахгүй бол нэгийг нь дарамталж, эрхийг нь зөрчөөд, нөгөөд нь хил хязгааргүй боломж өгөөд байвал эрүүл нийгмийн орчин хэзээ ч үүсэхгүй. Бид энэ маягаараа дахиад хэдэн арваныг үднэ. Хэн хийх бол гээд хүлээгээд, хараад суудаг байдлаасаа салахгүй. Улс төрчид,төрийн албаны хэдэн хүн гүйгээд юу хийх юм бэ. Тэр хүмүүс бид нартай адилхан тодорхой цагт унтаж, ажиллаж байгаа хүмүүс шүү дээ.
-Хотын төлөвлөгөө ер нь хаалттай талдаа байдаг даа?
-Төлөвлөөгөөгөө боловсруулах үйл явцаас эхлээд нээлттэй баймаар байдаг. Үр дүнтэй уулзалт хийж, ойлголцлоо нэгтгээд, яригдсан асуудалдаа хариуцлагатай ханддаг болчихвол хотыг хөгжүүлэх үйл ажиллагааны ихээхэн асуудлыг урьдчилан шийдлээ гэж ойлгож болно. Ингэж чадаагүйгээсээ одоо хүмүүсээсээ залхсан хэдэн дарга нар, дарга нараасаа залхсан хүмүүс “байлдаад” байна. Гадаадын туслалцаатай хэрэгжиж байгаа төслүүдэд оролцуулах гээд цаг орон зай гаргасан ч оролцож өгдөггүй. Иргэд байтугай төрийн албаныхан нь хүртэл зугтдаг байдал байсаар л байгаа. Шийдчихсэн зүйлээ танилцуулах гэж л цуглавал үр дүнгүй цаг барсан асуудал болно. Тиймээс төлөвлөгөө боловсруулах үйл явцад хийж байгаа хурал цуглаанд аль аль талаасаа идэвхтэй оролцож, санаагаа хэлж бодит нөхцөл байдлыг ойлгуулбал мэргэжилтнүүдийн шийдэл илүү оновчтой болох боломжтой юм.  Мөн уулзалт, хэлэлцүүлгийн гол үр дүн нь өөрсдийн хэрэгжүүлэх гэж буй төлөвлөгөөг боловсруулахад оролцож байж хэрэгжихүйц бодит төлөвлөгөө боловсруулна. Түүнчлэн, тухайн хотын иргэдийн оролцоо, хяналтаас хамаарна гэдгийг ойлгуулж өгөх нь чухал юм. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалт бол үл гүйцэгдэх хэмжээтэй байдаг. Тиймээс төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ юуг чадахаар байна түүнээсээ эхлэх, юуг нь жанжин шугамаа болгох вэ гэдгийг тодорхойлж харж чадах явдал юм. Бидний төлөвлөлтийг хэрэгжүүлэх үйл явц нь одоо хүртэл социалист шинж чанартай яваад байгаа. Тэр нь том асуудал болоод байна. Хотын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь газрын удирдлагаас шууд хамаатай. Хотын газраас хэдий хэмжээний төсөв бүрдүүлээд байна вэ гэсэн зүйл одоогоор байхгүй. Тэр механизм одоохондоо бүрдээгүй байгаа учраас аль газрыг нь илүү анхаарах, аль газарт нь илүү боломж байгаа юм бэ гэдгийг анализ хийж чадахгүй байна. Тийм хэрэгцээ уг нь үүсчихсэн. Ерөнхий төлөвлөгөөг өөрчлөх биш удирдах арга хэмжээг сайн тавьж өгөх ёстой.
-Бид цаашдаа яах хэрэгтэй вэ?
-Хот төлөвлөлтийг шинжлэх ухаан бөгөөд бие даасан салбар гэж хүлээн зөвшөөрч төлөвлөлтийн үйл явцыг удирдаж суралцмаар байна. Өөрөөр хэлбэл хотыг байгуулах үйл ажиллагааны удирдлагыг сайжруулмаар байна. Асуудал байгуулах үйл явцад гарч байна. Байгуулах үйл явцад гарсан алдаа дутагдлаа харж үйл явцыг оновчтой удирдаж, арга зүйгээ сайжруулбал төлөвлөлтийн хэрэгцээ нь өөр болж хувирна. Дундаа ойлголцсон дүрмийг зөрчихгүй болсон нөхцөлд иргэд өөрсдийн хоттой болно. Тэр болтол хөгжиж байгаа хот. Хотын амьдралыг төлөвшүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгээ метроноос гадна бодох хэрэгтэй. Бид хотжих үйл явцыг удирдаж чадаагүйн горыг, нөлөөг биеэрээ мэдэрцгээлээ. Гэхдээ агаарыг цэвэршүүлэх тал дээр одоо хүртэл арга хэмжээ авч чадаагүй байна. Бүгд түгжрээд цагаа алдаад байгаа боловч арга хэмжээ авч чадаагүй байна. Скүүтер, дугуй гээд хүссэн үйлчилгээ нь хүрээд ирэхэд орон зай нь бэлэн биш, дүрэм нь байхгүй хөдөлгөөний маш аюултай хот болсон. Энэ мэтчилэн бид яг юун дээр алдаад байгааг харуулаад байна. Шийдэх арга хэмжээ нь тэнгэрийн хол сонсогддог. Тэгээд тулаад хана мөргөөд хойшоо унаад л байна. Сургамжаа аваад байгаа мөртлөө шийдэх гаргалгаандаа унаад “муу” дүн аваад л байгаа. Хэзээ онц авах юм бол доо. Асуудлын гол нь хотод дүрэм хэрэгтэй. Манай салбарын хууль, дүрэм, стандарт бол газрын эзэд, хөрөнгө оруулагчдад их ойлгомжгүй. Тиймээс бүгд ойлгох дүрэм хэрэгтэй. Өөр нэг асуудал нь хотын төсвийн бүрдүүлэлтэд бүх нийтээр оролцож чадвал эргээд хариуцлага нэхэж чадах байх. Энэ асуудал улсын төсөвт ч хамаатай. Иргэд бүгд эрх тэгш үүрэг хүлээж чадахгүй байгаа. Үүргээ биелүүлдэг иргэд эрхээ эдлээд, хариуцлагаа ч нэхэж чаддаг болно гэж боддог. Мөн дундын өмчийн удирдлага бий болж байж нийгмийн хэм хэмжээ, соёл бий болох нөхцөл бүрэлдэхэд нөлөөлөх байх.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн