Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ
Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эх үүсвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр салбарт үйлчилж байгаа Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Засгийн газрын тэргүүлэх бодлогын чиглэлд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, эрчим хүчний томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх, үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлж зардлаа бүрэн нөхөх түвшинд хүргэж, цаашид индексжүүлэлтийг хийх, төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат болгох зэрэг реформын шинжтэй ажлууд туссан бөгөөд эдгээр ажлуудыг хариуцан ажиллах Дэд хороог УИХ-ын гишүүд, эрчим хүчний салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулан ажиллаж эхлээд байгаа юм.
Засгийн газар их өгөгдөлд суурилж шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлнэ
Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард, e-Cabinet2.0 шинэчлэлийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Дэлхийн улс орнууд их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, ажиллах хүчний нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
Монгол Улсын хувьд төрийн байгууллагууд хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд салбарын хэмжээнд анхдагч мэдээллийг бүрдүүлэх, бүртгэл мэдээлэл хөтлөх чиглэлээр мэдээллийн сан үүсгэж цахим үйлчилгээ, хяналт, тайлан мэдээ, судалгаа шинжилгээний гэсэн нийтлэг зорилгоор өгөгдлийн сангийн 69 хувь нь статистик мэдээлэл нэгтгэн гаргахад, 72 хувь нь боловсруулалт, дүн шинжилгээ хийхэд, 39 хувь нь шийдвэр гаргах буюу бодлогын түвшинд ашигладаг.
Санхүүгийн мэдээллийн технологийн төв, И-Монголиа хамтран төрөлжсөн мэдээллийн сангуудаас цаг хугацааны хувьд хоцрогдолгүй, мэдээллийг нэгтгэн харах боломж бүхий нэгдсэн хяналтын самбар /дашбоард/-ыг хөгжүүлж, нийт 24 бүлэг, 254 үзүүлэлт бүхий тоон мэдээллийг нэгтгэх төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар найман төрлийн 59 өгөгдлийн багцыг е-Cabinet системд харуулахад бэлэн болоод байна. Үүнд: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, татвар төлөлт, халамжийн төрөл, иргэдийн худалдан авах чадавх, экспортын хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, төрийн цахим үйлчилгээ зэрэг мэдээллээр газрын зураг дээр аймаг, сум, багийн түвшинд жил, улирал, сар, өдрөөр нэгтгэн харж дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахад ашиглах боломжийг бүрдүүлж байна.
Цаашид их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих нэгдсэн хяналтын самбарт 2024 онд 17 бүлэг, 105 үзүүлэлт бүхий мэдээллийг, 2025 онд найман бүлэг 89 үзүүлэлт бүхий мэдээллийг нэгтгэж, ашигласнаар Засгийн газрийн гишүүд өгөгдөл мэдээлэлд түшиглэн шийдвэр гаргахад дэмжлэг болно.Мөн Засгийн газрын үйл ажиллааны биелэлт, үр дүнг цахим хэлбэрт шилжүүлэн тоон үзүүлэлтэд суурилан дүгнэх тогтолцоо руу шилжих нөхцөлийг бүрдүүлнэ.
Танилцуулгатай холбогдуулан хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулах мэдээллийн технологийн шийдэл нэвтрүүлэх, бусад төрөлжсөн мэдээллийн сангаас хугацааны хоцрогдолгүй мэдээлэл дамжуулж, боловсруулалт хийх, дашбоардыг “Засгийн газрын хуралдааны цахим систем /e-Cabinet/”-д холбож, Засгийн газрын гишүүд танилцах боломжоор хангах, хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд бүрдүүлсэн, төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээллийг тогтмол нийлүүлж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл ирэх сарын 05-наас эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаар Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлын мэдээллийг сонсоод хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүйбайх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг сайтар хангаж, олон нийт, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна. Эхний шатны бүртгэлийг энэ сарын 1-нээс эхлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан И-Монголиа системээр бүртгэж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу боловсролын салбарын мэдээллийн систем/ESIS/-ээр хуваарилалт хийлээ. Үүнд 103.999 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээж, хариуг энэ сарын 20-21-нд эцэг, эх, асран хамгаалагчдад мессежээр хүргүүллээ. Хоёрдугаар шатны цахим бүртгэл ирэх сарын 05-наас эхэлнэ.
Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд ачаалал өндөртэй дүүрэг, хороодын мэдээллийг гаргаж, энэ хичээлийн жилд нийт 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээсэлж, 11.768 хүүхдийг сургана. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөөд байна.
Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23.188 хүүхэд гурван ээлжээр хичээллэх судалгаа гарсан. Асуудлыг шийдвэрлэхийн тулд ерөнхий боловсролын 29 сургууль нэмэлтээр сургалтын зориулалттай байр түрээсэлнэ. Өнөөдрийн байдлаар 22 сургуулийн түрээсийн байрыг судалж, шийдвэрлээд байна.
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг цэцэрлэгийн адил И-Монголиа системээр бүртгэж байна. Бүртгэл энэ сарын 12-25-нд үргэлжилнэ.
“Боловсролын яамнаас багшийн сул орон тоог шийдвэрлэх, богино хугацаанд нөхөх чиглэлээр багш бус мэргэжилтэй их, дээд сургуулийг амжилттай төгссөн иргэдэд богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна. Энэ хугацаанд хөрвөх сургалтаар багш мэргэжил эзэмшиж үндсэн багшаар ажиллах боломжтой болно. Хичээлийн жилийн нэгдүгээр улиралд дадлагажигч багш нарыг цалинтай ажиллуулах, тэтгэвэр тогтоолгосон багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, шинээр төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах ажилтнуудад сургалтын цаг олгох зэргээр арга хэмжээ авч байна” гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ.
Мөн хичээлийн жилийн нээлтийг багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй уян хатан байдлаар зохион байгуулахаар ажиллаж байна гэлээ.
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудлыг нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, Тавантолгойн нүүрсний ордын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлуудтай хамтад нь шийдвэрлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээг эрчимжүүлж, үр дүн, цаашид авах арга хэмжээний саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа.·