Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдах 30 МВт дулааны цахилгаан станцаас Алтай-Улиастай болон Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулжээ. Энэхүү "Эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээнд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням, “Тосон Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Түвшинбат нар гарын үсэг зурлаа.
“ДҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням “Эрчим хүч худалдах, худалдан авах олон гэрээ байгуулдаг. Гэхдээ бодитоор станцаа ашиглалтад оруулсан нь харьцангуй цөөн. Тосонцэнгэлийн ДЦС төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж сүлжээнд эрчим хүч нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Тосонцэнгэлийн ДЦС-ын нүүрсний эх үүсвэрийг Могойн голын нүүрсний уурхайгаас хангах юм. ДЦС байгуулах төслийн ажил 2022 онд эхэлсэн. Энэ оны аравдугаар сард 22 МВт хүчин чадалтай ДЦС болон Тосонцэнгэл-Тэлмэний 110 кВ-ын 61 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалт оруулах ажил 80 хувьтай явагдаж байна. Төслийг Жем группийн эзэмшлийн “Тосон Энержи” ХХК 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй бөгөөд цаашдын үйл ажиллагааг мөн хариуцан ажиллах аж.
Тосонцэнгэлийн ДЦС ашиглалтад орсноор эхний ээлжид Завхан, Говь-Алтай аймаг болон Хөвсгөл аймгийн зарим сумдыг цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангана. Мөн Тосонцэнгэл сумын төвийг дулааны эх үүсвэрээр хангах төдийгүй тухайн бүс нутагт үйлдвэрлэл хөгжих суурь болох юм.
Станцын үйл ажиллагааны хүрээнд 100 гаруй ажлын байр бий болох тооцоо хийжээ. ДЦС-ын барилга угсралтын ажилд гадаад, дотоодын 300 гаруй хүн ажиллаж байна.