Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Өнгөрсөн хугацаанд экспортын бүтэц бол худалдан авагчид өөрсдөө өртгийн сүлжээний эхэнд хүрээд ирдэг, урьдчилж мөнгө төлдөг, аман дээрээс нь авдаг, мах бэлтгэл дээр нь оролцдог байдлаар явж ирсэн. Өөрөөр хэлбэл, бид үнэ цэн бүтээх биш, баялаг бүтээх биш гаднын худалдан авагчдын нэг хэсэг болж явдаг. Энэ тал дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр дорвитой бодлого харагдаагүй. Тэгэхээр экспортын нэг цонхны бодлогын талаар юуг тусгаж байгаа вэ?
Мөн төрийн өмчтэй холбоотой асуулт байна. Төрийн өмчит компаниудын удирдлагуудыг нь мэргэжлийн багаар гүйцэтгүүлнэ гэж байгаа боловч өмч хувьчлалтай холбоотой, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх, төрийн компаниудыг хувьчлахтай холбоотой асуудал, шинээр хувийн хэвшилтэй өрсөлдөх компани байгуулахгүй байх талаар тодорхой заалт хараагүй. Цаашид шинээр төрийн компаниуд бий болоод байдаг. Судалгаа хийж байгаад л нэлээд том хөрөнгө оруулалттай төслөөр төрийн компани байгуулчихдаг. Энэ чиглэлээр хориглосон, төр юунд орох, орохгүй вэ гэдэг бодлого гаргана гэж парламент Засгийн газартай ярьж байсан. Гэхдээ мөрийн хөтөлбөрт тодорхой юм харагдсангүй.
Тэргүүн шадар сайд Лу.Гантөмөр: Хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүйгээр төрийн оролцоог хязгаарлана гээд заачихсан байгаа. Төр, хувийн хэвшил хаана үзэлцээд байна вэ гэдгийг богино хугацаанд тодорхойлмоор байна. Тодорхойлолт нь яг бүрэн гарахгүй байна. Д.Энхтүвшин гишүүнээ, та хэд ч гэсэн үүн дээр тусалмаар байна. Үнэхээр яг хаана нь үрэлцээд, хувийн хэвшлээ дарангуйлаад байгаа юм бэ гэдгийг гаргаж өгмөөр байна. Бид хоёр, гурван газар судалгаа захиалчихсан. Харин уулзаад нэг нэгээр нь ярихаар өөр өөр юм яриад байна. Хуулиа харахаар мөн өөр байна. Хууль хэрэгжихгүй байна уу, эсхүл хувь хүний харилцааны асуудал байна уу. Эсхүл төрийн албаны төрийн албаны ёс зүйн асуудал байна уу.
Одоо та бүхэн саналаа өгмөөр байгаа юм. Жишээлбэл, татварын шалгалтыг таван жилд нэг удаа хийнэ гэдэг ч юм уу. Хүссэн үедээ татварын шалгалт орохгүй. Шүүхээр шийдэгдээгүй бол данс хаахыг хориглоно гэдэг шиг хувийн хэвшилд төрийн зүгээс ирж байгаа дарамтуудыг арилгая. Үүнд УИХ Засгийн газартайгаа хамтарч ажиллах хэрэгтэй. УИХ-ын гишүүд зүгээр нэг гаднаас шүүмжлээд байгаа юм шиг битгий байгаасай.