Та өглөөг хамгийн дуртай аягандаа шинэхэн чанасан кофе ууж эхлүүлдэг үү. Эсвэл бүлээхэн усанд болгосон зөөлөн ногоон цай ууж эхлүүлдэг үү. Аль нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг вэ?
Энэхүү асуултын хариултыг эрдэмтэд олон судалгаа, туршилт хийсний үр дүнд цай болон кофе уух нь хүний бие махбодод олон ач тустай болохыг тогтоосон. Гэхдээ цай, кофены хооронд багагүй ялгаанууд бий. Энэ талаарх судалгаа, дүгнэлттэй хамтдаа танилцацгаая.
Нэг аяга өглөөний кофенд хэр их хэмжээний эслэг агуулагддгыг та мэдэх үү?
“National Library of Medicene”-ээс гаргасан судалгаагаар нэг аяга кофенд дунджаар 1.1-1.8 грамм эслэг агуулагддаг болохыг тогтоожээ.
Өдөрт авах ёстой хамгийн бага эслэгийн хэмжээг авахын тулд бид хүнсний ногоо, жимсийг их хэмжээгээр идэх ёстой болдог бол өдөрт гурван аяга кофе уух нь эслэгээ нөхөхөд тань тусалж чадах юм. Харин ногоон цайны хувьд гурван аягийг уусан ч таны өдөрт авах ёстой эслэгийг нөхөж чадахгүй юм.
Та ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна уу эсвэл том шалгалтад бэлдэх гэж байна уу?
Тэгвэл кофе болон ногоон цайнд агуулагддаг кафеин танд хамгийн сайн туслагч болж чадна. Судалгаанаас харахад кафеин нь анхаарал, сэрэмж болон хариу үйлдэл үзүүлэх хугацааг сайжруулдаг. Харин хэт их кафеин хэрэглэх нь таныг цочролд оруулах зэрэг сөрөг үр дагавартай байдаг. Нэг аяга ногоон цайнд дунджаар 20-50 мг кафеин агуулагддаг бөгөөд энэ тийм ч өндөрт тооцогддоггүй. Түүнчлэн цайны төрөл (ихэвчлэн матча цай) болон найруулж буй аргаас шалтгаалан 84 мг хүртэл кафеин агуулах тохиолдол ч бий. Харин кофены хувьд ногоон цайны адил кафеины хэмжээ нь кофены төрөл, сорт болон хууралтын хэмжээнээс шалтгаалаад дунджаар нэг аяга кофенд 70-140 мг кафеин агуулагддаг байна. Мөн нэгэн судалгаагаар кофе болон цайг өдрийн турш уухад төстэй үр дагавар гарсан хэдий ч кофе арай илүү болохыг тогтоожээ. Харин цайны хувьд нойронд ямар ч хэлбэлзэл үзүүлдэггүй гэдгээрээ давуу тал болсон юм.
Гэдэсний бичил биетийн ашиг тус
Кофе, цай нь полифенолын сайн эх үүсвэр бөгөөд эрүүл мэндэд олон ашиг тустай ургамлуудын нэгдэл юм. Полифенол нь архаг өвчин тусах эрсдэлийг бууруулж, гэдэсний микробомыг бүрдүүдлэг ашигтай бактерийн нэгдэл хэмээн Лондонгийн “Кингс” коллежийн багш Тим Спектор хэлжээ. Кофе нь ногоон цайг бодвол илүү их полифенол агуулдаг бол ногоон цай нь хар цайнаас илүү полифенолыг агуулдаг байна. Мөн Спектор болон түүний хамтрагчид “Хэн нэгний ялгадсыг шинжээд кофе уудаг үгүйг нь харж болдог. Кофе уудаг хүний биед олон сайн бичил биетүүд байдаг” хэмээн нэмж хэлжээ.
Зүрхний өвчин тусах эрсдэлийн хувьд
Олон тооны хүн оролцуулсан судалгаагаар кофе болон цай нь зүрхэнд сайнаар нөлөөлж, зүрхний өвчин, цус харвах эрсдэлийг буруулдаг болохыг тогтоожээ.
Ногоон цайг өдөр тутамдаа тогтмол хэрэглэх нь цусны даралт болон холестеринд сайнаар нөлөөлдөг нь эмнэл зүйн туршилтаар батлагдсан. Харин өдөрт хоёроос дөрвөн аяга кафеингүй кофе уух нь зүрхний өвчнийг бууруулдаг байна.
Олон жилийн турш хийсэн судалгаагаар кофе уудаг хүмүүс хорт хавдар тусах магадлал бага байдгийг нотолж чадсан. Түүнчлэн, кофе уудаг хүмүүсийг огт уудаггүй хүнтэй харьцуулахад хорт хавдар тусах магадлал 13 хувиар бага байдаг байна.
Хорт хавдрын эрсдэлийг бууруулахтай холбоотой кофены хэрэглээ
“Харвардын Анагаах Ухааны Сургууль”-ийн Анагаах Ухааны Профессор Санжив Чопра "Хорт хавдар, таргалалт, зүрхний өвчин аль нь ч бай үрэвсэл бол дайсан. Үүнийг намжаах нэг арга бол кофе уух явдал юм" хэмээн “Кофе, ид шидийн үрэл” номондоо дурдаж байсан удаатай. Харин ногоон цайны хувьд 113 удаагийн судалгааны мета шинжилгээнд цай уух нь хорт хавдрын эрсдэлийг бууруулахтай холбоотой маш бага нотолгоо байна гэж үзжээ.
Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин
Нэг сая гаруй хүнийг хамруулсан судалгааны мета шинжилгээнд өдөрт дөрөв хүртэл аяга кофе уудаг хүмүүс кофе бага уудаг эсвэл огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл 25 хувиар бага байгааг тогтоожээ. Харин цайнд хлороген хүчил агуулаагүй ч цусан дахь сахрын хэмжээг хянахад тустай бусад ургамлын нэгдлүүд байдаг. Гэхдээ цайны хэрэглээ болон чихрийн шижингийн эрсдэлийн хоорондын хамаарлыг судалсан судалгаагаар зөрчилтэй дүгнэлт гарсан байна. Эцсийн эцэст шинжээчдийн үзэж байгаагаар кофе нь чихрийн шижин өвчнөөс бага зэрэг хамгаалдаг гэсэн нотолгоо нь цайнаас илүү хүчтэй байдаг гэж үзжээ.
“Хэрэв та стрессээ тайлж чадах гөлгөр, зөөлөн ундаа хүсэж байвал цайг сонго” хэмээн алдарт зохиолч П.Л.Траверси хэлжээ. Хүмүүс стресст орсон үед ногоон эсвэл хар цай уух нь тайвширч, стрессийн гормон болох кортизолын түвшинг буруулахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоосон. Судалгаанаас үзэхэд цайнд агуулагддаг L-theanine(амин хүчил)-ийн нэгдэл ногоон, хар цайнд байдаг бөгөөд энэ нь тайвшруулах үйлчилгээтэй. Харин кофе нь кортизолын түвшинг нэмэгдүүлэх хандлагатай байдаг байна. Ингэснээр бухимдал, түгшүүр, нойргүйдэл үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг.
Хэрэв та амрахыг хүсэж байгаа бол цай хамгийн сайн туслах тань болж чадна.
Кофе, цайнд дурлагсад анхаараарай. Кофе, цай хэрэглэдэг хүмүүс ундаа уудаг хүмүүсээс илүү урт насалдаг байна. Цай уудаг хүмүүсийн хувьд ногоон, хар цай хоёулаа урт наслалтад нөлөөлдөг. Саяхны нэгэн судалгаагаар эрдэмтэд 14 жилийн хугацаанд хагас сая хүнийг ажиглаж, өдөрт дор хаяж хоёр аяга цай уудаг хүмүүс цай уудаггүй хүмүүстэй харьцуулахад нас барах эрсдэл есөөс 13 хувиар бага байгааг тогтоожээ. Кофены тухайд, энэ оны долоодугаар сард хийсэн судалгаагаар бараг 172,000 хүнийг ажиглаж, өдөрт 2.5-4.5 аяга кофе уудаг хүмүүс кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад долоон жилийн хугацаанд нас барах магадлал 30 хувиар бага байгааг тогтоожээ.
Эрүүл мэндийн ашиг тусын төлөөх тэмцэлд кофе хамгийн түрүүнд ялагч болдог. Кофе хэрэглэгчид эслэгийг тэнцвэржүүлж, бичил биетний эрүүл мэндийг сайжруулж, хорт хавдар, чихрийн шижин өвчний эрсдэлээс ангид байж чаддаг. Гэхдээ цай хэрэглэгчид санаа зоволтгүй. Цай нь цусны даралт, холестерин, стрессийн түвшин, сэтгэцийн эрүүл мэнд, бүтээмж зэрэг олон зүйлд сайнаар нөлөөлдөг нь мэдээж юм.
“Харвардын Анагаах Ухааны Сургууль”-ийн багш Чопра хэлэхдээ “Кофе нь цайнаас илүү эрүүл мэндэд тустай байдаг гэсэн дүгнэлтэд кофе илүү олон судалгааны сэдэв болсонтой холбоотой юм. Би цай уудаг найзууддаа зориулж цай нь нэмэлт ашиг тустай гэдгийг ирэх жилүүдэд илүү их судлах болно гэж хэлье" хэмээн хэлжээ.
Хэрэв та кофе ч биш, цай ч уудаггүй бол энэ дадлаа өөрчлөх гэж оролдсоны хэрэггүй. Америкчуудад зориулсан хоолны дэглэмийн зөвлөмжинд кофе , цай уудаггүй хүмүүсийг эхлэхийг зөвлөдөггүй гэж заасан байдаг. Энгийн эсвэл амттай ус, сүү нь эрүүл мэндэд тустай сайн сонголтуудын нэг юм.