БНСУ-д өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулиас 30 метрийн зайд тамхи татахыг хориглосон тухай тус улсын Засгийн газар мэдэгджээ.
Өмнө нь өдөр өнжүүлэх төв, цэцэрлэгээс 10 метрийн зайд тамхи татахыг хориглодог байсан аж. Харин Эрүүл мэндийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу уг зайг 30 метр болгон өргөтгөж, бага, дунд боловсролын тухай хуулийн дагуу сургуулиудын ойр орчмын 30 метрийг шинээр тогтоосон байна.
Зөрчил гаргасан хүмүүст 100,000 вон (73 доллар) хүртэл торгууль ногдуулна гэж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас мэдэгджээ. Уг арга хэмжээний хүрээнд дүүрэг тус бүр цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулийн ойр орчмын 30 метрийн тамхи татахыг хориглох бүсийн хилийн заагийг тэмдэглэх юм байна.
Эрүүл мэндийн яам, Солонгосын Эрүүл мэндийг дэмжих хөгжлийн хүрээлэн хамтран зурагт хуудас, баннер зэрэг сурталчилгааны материалыг үйлдвэрлэн орон нутгийн засаг захиргаанд тарааж, олон нийтэд сурталчлахаар төлөвлөж байгаа аж.
Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн бодлогын газрын дарга Баек Сон Тэк хэлэхдээ "Боловсролын байгууллагуудын эргэн тойронд тамхи татахгүй байх газрыг өргөтгөх нь дам тамхидалтад өртөмтгий хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай. Бид нийгэмд тамхигүй орчин бүрдүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно" гэжээ.