Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд наймдугаар сарын 9-22-ны хооронд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдний их авшиг номыг айлдаж байна.
Бурхны шашны тарины номлол дотор хамгийн дээд нь Дүйнхорын ном юм. Тус номыг олон түмэнд заах, дэлгэрүүлэхэд хамгийн эхэнд авшиг хүртээдэг. Далай лам 34 удаа Дүйнхорын авшгийг хайрласан байдаг. Түүний 22 дахь удаагийн Дүйнхорын их авшиг 1995 онд Гандантэгчэнлин хийдэд болж байжээ. Тиймээс энэ удаа болж буй Даян дэлхийн амар амгалангийн төлөө уриат Дүйнхорын вангийн номын айлдвар Монгол Улсад 30-иад жилийн дараа болж байгаа гэдгээрээ онцлог, ховор үйл явдал юм.
Энэхүү номын үйл ажиллагаанд гадаадын зочид төлөөлөгчид, олон сүсэгтэн манай улсад иржээ. Мөн орос, англи, хятад, япон, солонгос, монгол гэсэн зургаан орны хэлээр Дүйнхорын авшгийг орчуулж, сүсэгтэн олонд хүргэж байгаа бөгөөд гадаадын 15 орноос 600 гаруй сүсэгтэн ирж, номын дуу сонсож байгаа аж.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал "Наймдугаар сарын 9-22-ны хооронд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдэд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдний авшиг хүртээх номын үйл ажиллагаа болж байна. Энэхүү номыг дээрхийн гэгээнтэн 14 дүгээр далай лам 1995 онд Монголд Гандантэгчилэн хийдэд айлчилж байснаас хойш ахиж түүнээс хойш айлдаагүй байж байгаад өнөө жил айлдаж, 1600 орчим лам оролцож байна. Даян дэлхийн амар амгалангийн төлөөх Цагийн хүрдний Их авшиг-2024 номын айлдварыг Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Намжал, Жүд-дод дацангуудын Хансүр, Монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи гэгээнтэн айлдаж байна.