УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр, "Мэдээж хамтраад явах нь давуу талтай. Мөн саар ч тал байна. Давуу тал нь юу вэ гэхээр аливаа нэг хийрхэл бүхий улс төрөөс ангид хамтраад явна. Саар тал нь хяналтын тогтолцоо алдагддаг байдал. Хяналтын тогтолцооны үүргийг УИХ-ын дахь Үндэсний эвсэл гүйцэтгэнэ.
Үйл ажиллагааны хөтөлбөрийн хувьд хэд хэдэн асуудал байна. Нэгд, гурван улс төрийн, нийгэм, эдийн засгийн үзэл баримтлалтай намуудын хамтарсан Засгийн газар. Үзэл баримтлал яагаад чухал вэ гэхээр улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг ямар суурь зарчим дээр барих гээд байгаа юм. Хувийн хэвшил илүү хүчтэй байх эдийн засаг, нийгмийн тогтолцоо барих гээд байгаа юм уу. Эсхүл төрийн оролцоо илүү давамгай байх эдийн засаг, нийгмийн тогтолцоог барих гээд байгаа юм уу. Энэ ерөөсөө ойлгомжгүй байна.
Үүнийгээ үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-аар батлагдсаны дараа Засгийн газрын төлөвлөгөөгөөрөө тодорхойлно гэж тайлбарлаад байна. Тийм юм хэзээ ч байдаггүй юм. ЗГХЭГ-ын дарга үүнд маш буруу хариулж байна лээ. Дээрээс нь хөгжлийн бодлого зайлшгүй төсөвтэйгөө уялдана. Төсөвт ямар асуудал байна гэхээр Засгийн газрын гаргасан бонд, гадаадаас авсан өр зээл тодорхой хэмжээнд огт тооцогдохгүй байх хуулийн зохицуулалттай оруулж ирж байгаа. Төсвийн тогтвортой байдал бол гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд онцгой анхаардаг зүйл байдаг. Энэ бүгдийг алдагдуулж Төсвийн тухай хуулийг өргөн барина гэдэг их хэцүү.
Мөн хяналт тавих үүрэгтэй улс төрийн хүчний бодит тоон харьцаа газар, тэнгэр шиг ялгаатай байна. Тэгэхээр бид өөрсдийн мэргэжлийн үнэлэлт дүгнэлтийг удирдлага болгоно. Дээрээс нь хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийт дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулна. Хэд хэдэн ноцтой асуудал бий. Ялангуяа Төсвийн тухай хууль өнгөрсөн чуулганы сүүлийн саруудад батлагдсан. Гэтэл одоо хамтарсан Засгийн газар гарч ирээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг орвонгоор нь өөрчлөөд, урьд байснаас нь илүү дордуулж байгаа нь болохгүй зүйл. Тиймээс Төсвийн байнгын хорооны гишүүн биш ч гэсэн орох гээд явж байна.
-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн харж амжсан уу?
-Үүнийг маш олон талаас судлах хэрэгтэй. Өөр хоорондоо зөрчил нь юу байна. Яг эдийн засгийнхаа хувьд зөв оновчтой шийдэл байна уу, үгүй юү. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 34 орчим хүн байх шиг байна. Юу хийдэг, ямар албан тушаал эрхэлдэг гэдгийг нь харахаар дандаа дарга нар байна. Том аж үйлдвэр битгий хэл жижиг дунд үйлдвэр ч барьж үзээгүй хүмүүсээс ажлын хэсэг бүрдсэн байна. Хувийн хэвшлийн жаргал зовлонг энэ нөхдүүд огт мэдэхгүй. Аливаа бизнесийн үйл ажиллагаа үйлдвэрлэл, үйл ажиллагаанд учирдаг зовлонг мэдэхгүй. Дарга гэдэг сэтэр зүүснээрээ бүгдийг мэддэг юм биш.
Сонгуулийн өмнө хувийн хэвшлээ сонсож байна, асуудлыг шийдэхийн төлөө байна гэдэг уриа лоозон барьдаг. Гэтэл яг Засгийн газрын мөрийн хөтөлбөр УИХ-д оруулж ирэхдээ хувийн хэвшлийн төлөөлөл байхгүй байна. Уг нь хамгийн зөв зарчим нь жижиг дунд үйлдвэрлэгчид, томоохон аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төлөөлөл энэ ажлын хэсэгт орж, УИХ-ын чуулганд бодлогоо хамгаалж суух ёстой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд буюу 34 жил 8-9 том бодлого орж ирсэн. Хамгийн том алдаа нь бодлогыг бодит ажил хийдэг хүмүүс боловсруулаагүй.
-120 их наяд гэдэг хэр их мөнгө юм бэ?
-Мөнгөний тоонд асуудал байхгүй. Би өнгөрсөн чуулганд Узбекистан улсын жишээг авч ярьсан. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээ гэхээс илүү засаглалын тогтолцоо, хууль эрхзүйн орчин нь гадаад болон дотоодын ААН, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа нөхдүүдийг хэр хамгаалдаг, дэмждэг юм. Эцсийн дүндээ хэр итгэлийг олж авч чадаж байгаа юм. Манай улсын тухайд эдийн засгийн аюулгүй байдлаа ч бодсон, бодитой хөгжил хүлээсэн иргэдийн хүлээлтээ ч бодсон асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Ажилгүйдэл, ядуурал, төгрөгийн худалдан авах чадамж, гадаадын өр зээл зэрэг асуудал дээр мөнгө ярихаас илүүтэй хөрөнгө оруулалт татах таатай нөхцөлийг яаж бүрдүүлэх вэ. Жишээлбэл, 2011, 2012 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувь хүрч байсан. Тухайн үед Монголд гадаадын 2000 гаруй гадаадын хөрөнгө оруулагч байсан. Харин одоо 20 ч хүрэхгүй байна. Ийм уналтад орсон нь Монголын төрд гадны хөрөнгө оруулагчид итгэхгүй байна. Гаднын хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн хөрөнгө, мөнгөний хэмжээ биш. Энэ бол гадаад аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, техник технологитой шууд холбоотой. Аливаа аж үйлдвэрийн томоохон төслүүд, хөрөнгө оруулалт дээр эрсдэлээ хамтдаа хуваалцах, гадаад зах зээл руу тэлэлт хайх гээд маш олон ач холбогдол, давуу талтай.
Гэтэл өнөөдөр Монголд хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа гаднынхан хаана байгаа юм. Байхгүй байгаа биз дээ. Тэгэхээр бидэнд итгэхгүй байна. Монголын төр дэндүү арчаагүй байна. Дэндүү зальжин, шулуухан хэлэхэд гадныхан Монголын төрийг хулхи гэж ярьдаг" гэлээ.