УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.Тэрээр, "Мэдээж хамтраад явах нь давуу талтай. Мөн саар ч тал байна. Давуу тал нь юу вэ гэхээр аливаа нэг хийрхэл бүхий улс төрөөс ангид хамтраад явна. Саар тал нь хяналтын тогтолцоо алдагддаг байдал. Хяналтын тогтолцооны үүргийг УИХ-ын дахь Үндэсний эвсэл гүйцэтгэнэ.Үйл ажиллагааны хөтөлбөрийн хувьд хэд хэдэн асуудал байна. Нэгд, гурван улс төрийн, нийгэм, эдийн засгийн үзэл баримтлалтай намуудын хамтарсан Засгийн газар. Үзэл баримтлал яагаад чухал вэ гэхээр улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг ямар суурь зарчим дээр барих гээд байгаа юм. Хувийн хэвшил илүү хүчтэй байх эдийн засаг, нийгмийн тогтолцоо барих гээд байгаа юм уу. Эсхүл төрийн оролцоо илүү давамгай байх эдийн засаг, нийгмийн тогтолцоог барих гээд байгаа юм уу. Энэ ерөөсөө ойлгомжгүй байна.Үүнийгээ үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-аар батлагдсаны дараа Засгийн газрын төлөвлөгөөгөөрөө тодорхойлно гэж тайлбарлаад байна. Тийм юм хэзээ ч байдаггүй юм. ЗГХЭГ-ын дарга үүнд маш буруу хариулж байна лээ. Дээрээс нь хөгжлийн бодлого зайлшгүй төсөвтэйгөө уялдана. Төсөвт ямар асуудал байна гэхээр Засгийн газрын гаргасан бонд, гадаадаас авсан өр зээл тодорхой хэмжээнд огт тооцогдохгүй байх хуулийн зохицуулалттай оруулж ирж байгаа. Төсвийн тогтвортой байдал бол гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд онцгой анхаардаг зүйл байдаг. Энэ бүгдийг алдагдуулж Төсвийн тухай хуулийг өргөн барина гэдэг их хэцүү.