“Эмэгтэй хүн өөрөө нөхөртөө даалин урлаж өгвөл таван үеийнхээ хэлхээг бат бөх болгодог. Хадам аавдаа даалин урлаж өгснөөр есөн үеийнхээ холбоо хэлхээг бататгадаг" гэсэн домог яриа байдаг хэмээн ярих энэ хүнийг Ж.Эрдэнэсувд гэдэг. Тэрээр тангараг өргөсөн эмч бөгөөд Хэнтий аймгийн соёлын биет бус өв тээгч. Үйлчин хүн учиг шаглах бүрийд ухаан нь цэгцэрч, угалз хатгах бүрийд ур нь гүйцдэг. Эрээн даавууны эн, эмжээр тааруулах тоолонд, эвийг нь олдог ухаанд суралцдаг гэдэг. Дондогдулам, Гэнэнпил гээд Монголын алдар цуутай их хатад төрсөн Хан Хэнтий нутгийн хүүхнүүд гарын ур, ухааны цараагаар хэнээс ч дутахгүй. Уран хатгамалч Ж.Эрдэнэсувд зүү ороох оёдлоор даалин, хавтага, малгайн залаа, оймсны хараа, дээлийн гоёл чимэглэл, аяганы уут, даллагын уут зэрэг олон төрлийн үндэсний хэв шинжлийг агуулсан бүтээгдэхүүн урлаж шагладаг. Нийтдээ 15 төрлийн 118 эд зүйл урлажээ. Нүүдэлчин фестивалийн үеэр бидэнд цөөн хором ярилцах боломж олдсон юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
-Та анх хэрхэн хатгамал урлаж эхэлсэн бэ?
-Эмээ минь нутаг орондоо ганган, гоё урладаг гэгддэг хүн байсан. Товч зангидах, шилбэ оёх, дээл хавах гээд урлах эрдмийг харж, найман настайгаасаа өөрөө хийж өссөн. Би үндэсний биет бус соёлын өвийн нэг болох зүү ороох оёдлоор урлаж, зоосон ширээгээр даруулж, загасан нуруугаар битүүлж, боржигон эмжээрээр эмжсэн даалин урлалыг судлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хадгалан авч үлдэх чин зорилготой. Эмээгээсээ зүү ороох урлалыг өвлөж авсан. Мөн Монголын уран хатгамалч олон багш нараасаа өнөөдрийг хүртэл суралцсаар явна. Өөрөө суралцахаас гадна Хэнтий аймагтаа “Нандин өв соёл урлан”-гаа нээгээд, хоёр мянга гаруй хүмүүсийг зүү ороох, үндэсний биет бус өвд соёлд суралцуулж, өвлөн уламжлуулсан.
-Эмч хүн маш завгүй, шахуу хуваарийн дагуу ажилладаг шүү дээ. Зүү ороох ч маш их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр хэрхэн энэ бүхнийг орхигдуулахгүй амжуулдаг вэ?
-Би хүний их эмчээр 19 дахь жилдээ ажиллаж байна. Мэдээж маш шахуу хуваарийн дагуу ажилладаг. Шөнийн цагаар дуудагдах тохиолдол ч цөөнгүй. Гэхдээ хүн өөрийн зорьж, тэмүүлж буй зүйлээ хийхэд цаг хугацаа бол хөшүүрэг болж өгдөг гэх юм уу. Цаг хугацааг зөв ашиглаж сурдаг. Мөн зүү ороох гэдэг нэг талаасаа оюуны бясалгал. Тэгэхээр эмчийн ажил бол олон хүмүүсийн зовлон шаналал тэр бүх зовуурийг сонсож, мэдэрч, харж байдаг. Тиймдээ ч ажлын стрессийг тайлах, бясалгах, ухаарах зүйл болж өгдөг. Иймээс хэзээ ч энэ өв соёлыг “Хэцүү юм байна” гэж орхиж байгаагүй. Ер нь завгүй гэдэг залхуу хүний л үг юм уу даа.
-Нэг бүтээл урлахад хэчнээн хугацаа зарцуулдаг вэ. Хамгийн удаан хийж гүйцэтгэсэн бүтээл нь ямар бүтээл вэ?
-Эмч учраас бусад хүмүүсийг бодвол арай удаан хугацаанд бүтээлээ урладаг. Ер нь өөрөө ч удаан хүн. Нэг бүтээл урлахад хамгийн багадаа зургаан сараас жилийн хугацаа зарцуулдаг. Хамгийн удаан хугацаанд Буриад ястны хамган дээлийнхээ татаахан, булуувч, нударган дээр нь зүү ороосон. Энэ дээл оюун санаанд минь таван жил оршиж, хийж бүтээх гэж гурван жилийг зарцуулсан. Би Хэнтий аймгийн Дадал сумын гаралтай хүн. Хэнтий аймагтаа ажиллаж, амьдардаг. Ер нь хүмүүст Хэнтий Дорнод гэхээр “Чи Буриад юм уу гэж их асуудаг. Миний аав Буриад ястан. Буриад ястны хамган дээлийг өөрөөрөө дамжуулж, бусдад сурталчлахаар маш их хөдөлмөр, цаг зав гарсан.
-Эмэгтэй хүн хатгамал хийх ухаанд суралцсанаар ямар ач холбогдолтой байдаг вэ?
-Эрэгтэй хүн ан агнах, ууланд гарч байж хийморь нь сэргэдэг. Харин эмэгтэй хүн үйл урлах, өглөө босоод тахилаа өргөх, уул усандаа залбирахад эрчим нь сэргэдэг. Зүү ороох урлалын бүтээлүүд маш урт хугацааны эдэлгээтэй. Ганцхан зүүний нүхээр ахидаг учраас тухайн хүн маш их тэсвэр тэвчээр, уужуу занг суулгаж өгдөг. Хөх зүү хөндлөн барьдаггүй эмэгтэй хүн гэж юу байдаг юм бэ гэдэг. Энэ хэрээрээ айл гэр төлөв түвшин байдаг. Олон эмэгтэй хүнээс би “Хатгамал хийх ухаанд суралцсанаар илүү уужуу боллоо. Гэр бүлийн харилцаа ч илүү бат бөх боллоо” гэж сонсож байсан. Тухайлбал, гэрийн эзэгтэй нар нөхрөө ирэхийг хүлээгээд, байн байн араас нь утасддаг. Гэтэл зүү ороож сурсан эзэгтэй нарт энэ байдал байхгүй. Бараг эсрэгээрээ нөхөр нь “Чи яагаад залгахгүй байна” гэж асуудаг. Хамгийн хайртай хүндээ сэтгэлээ шингээж, хайраа дэлгэж, олон цагаар урлаж өгдөг. Тухайн даалин авч буй хүн ч хүндэтгэдэг учраас айл гэрийг нандин холбоотой болгож өгдөг юм. Иймдээ ч гэр бүл бат бөх байхыг билэгддэг. Жишээ нь даалингийн тухай ийм домог байдаг. “Өөрөө нөхөртөө даалин урлаж өгвөл таван үеийнхээ хэлхээг бат бөх болгодог. Хадам аавдаа даалин урлаж өгснөөр есөн үеийнхээ холбоо хэлхээг бататгаж байдаг" гэдэг. Тэгэхээр үндэсний соёл маань гайхамшигтай зүйл гэдгийг ахин дахин хэлмээр байна.

-Хатгамалын ур ухаан өвлөгдөн үлдэх ёстой түүх соёлын нэг хэсэг шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Зүү ороох урлалын анх үүссэн түүхээс харвал баясалгалын агуу их ухаан, тэсвэр тэвчээр, эмэгтэй хүний нарийн нандин бүхнийг өвлүүлж уламжлуулж үлдээсэн гэж боддог. Тухайлбал, дээр үед эмэгтэй хүн өөрийнхөө хайр сэтгэлээр биш богтлогдож нөхөрт гардаг байсан. Богтлогдож очсон эмэгтэй хүн тухайн орон нутаг, хань ижил, хадмын гэрийн хүрээлэлд дасах тэр хугацаандаа зүү ороодог байсан гэж түүх домгоос сонсож байсан.
Би агуу түүх, соёл, зан заншилтай хүмүүсийн үр удам гэдгээрээ үргэлж бахархдаг. Энэ соёлыг үр хойчдоо үлдээх ёстой гэдгийг ухааруулж өсгөсөн эмээгийнхээ ачаар хэчнээн ачаалалтай, завгүй байдаг ч гэсэн энэ соёлыг бол алдагдуулж байгаагүй. Надаар дуусах биш үр хүүхдэд минь өвлөгдөж, монгол гэдэг дархлааг авч явч үлдэх учиртай. Даяарчлагдаж буй дэлхий ертөнцөөс ялгарах ондоошил, ёс заншил, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх нь монгол дархлааны салшгүй нэг хэсэг юм.
-Таны хүүхдүүдээс үйл урлаж байгаа хүн бий юү?
-Би хүү, охин хоёртой. Охин 13 настай. Тэр 10 настайгаасаа эхлээд хатгаж, урлаж эхэлсэн. Бага насан дээрээ яваа болохоор удаан хугацаагаар суух тэсвэр тэвчээр одоохондоо байхгүй. Гэхдээ тухайн зүйлийг харж өсөж байгаа учраас ээжийнхээ энэ зүйлээс суралцаж, өвлөж авна гэдэгт итгэлтэй байгаа. Би найман настай байхдаа ч энэ өв соёлыг үргэлжлүүлээд явах юм байна гэдэг ухаан бол байгаагүй. Харин хувь хүн болоод ирэхээрээ “Энэ үндэсний өв соёл надаар дамжаад хойч үед үлдэх ёстой юм байна” гэдгийг эмэгтэй хүнд ухаарах гэх юм уу, мэдрэх цаг хугацаа байдаг. Тэр үед тухайн хүн хаана, хэзээ, хэнийг харж дуурайж өссөн тэр зүйл рүүгээ л татагддаг юм байна гэдгийг би мэдэрсэн. Тиймдээ ч өнөөдөр “Нандин Өв соёл урлан”-гаараа дамжуулаад зүү ороох, уран хатгамлын төрлүүдийг заахаас гадна үндэсний өв уламжлал, ёс заншлуудаас суралцуулахыг зорьдог. Хүмүүс урланд ирээд даалан урлаад суухдаа илүү нүүдэлчин аж, ахуй соёлыг мэдэрч, монгол хүн болж төрснөөрөө бахархаасай гэж хүсдэг. Мөн монгол эмэгтэй хүмүүс илүү үүрэг хариуцлагатай болж, оюун санааны хувьд ч илүү өв тээгч болоосой гэдэг үүднээс урлангаа анх нээж тохижуулсан.