Эдийн засаг 5.6 хувиар өсөв
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний хагаж жилийн байдлаар эдийн засгийн гүйцэтгэлийг танилцууллаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2024 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 (20.8%) их наяд төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 14.4 их наядтөгрөг болж, өмнөх оны мөн үеэс 758.3 (5.6%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
ДНБ, 2024 оны эхний хагас жилд 5.6 хувиар өссөний -3.9 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 1.8 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.8 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 4.4 нэгж хувийг үйлчилгээний салбар, 2.3 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарын бууралт нь эдийн засгийн өсөлтийг хойш татжээ.
Төлбөрийн тэнцэл 309 сая ам.долларын алдагдал гарав
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2023 оны эхний зургаан сард 221.2 сая ам.долларын ашигтай байсан бол 2024 оны эхний зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр 309.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Урсгал данс алдагдалтай гарахад барааны худалдааны импорт нэмэгдэж, барааны худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 539.0 (22.1%) сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Өөрөөр хэлбэл, 2024 оны эхний хагас жилд Монгол Улсад хийгдэж байгаа бараа үйлчилгээ, орж ирсэн орлого, урсгал шилжүүлгийн нийлбэр дүн их наяд гаруй төгрөгийн алдагдалтай гарсан гэсэн үг. 2023 онд Монгол Улсын төлбөрийн тэнцэл сүүлийн 15 жилд анх удаа ашигтай гарч байв. Тэгвэл сонгуулийн жил буюу 2024 оны эхний хагас жилд Монгол Улсын санхүүгийн баланс дахин хасах утга руу оров.
Хэдий 2024 оны эхний хагаст нүүрс, зэсийн экспорт нэмэгдэж, төсвийн орлого 36.5 хувиар өссөн ч нөгөө талд зарлагын хэмжээ 37.8 хувиар өсчээ. Засгийн газраас өргөн барьсан 2024 оны төсөвт зарлагын хэмжээг 1.3 их наяд төгрөгөөр тэлэхээр төлөвлөсөн.