Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийслэлд томоохон ямар төслүүд хэрэгжиж байгаа вэ?
-Нийслэлээс өнгөрсөн зургаадугаар сард анх удаагаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан. Түүгээрээ гурван том асуудлыг шийдсэний нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Бөөрөлжүүт цахилгаан станцыг барих талаар олон жил ярьсан. Дэлхийн улс орнууд эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө гаргахгүй гэдэг шийдвэр гаргасан. Манай урд хөрш гэхэд нүүрсний цахилгаан станцыг дахиж санхүүжүүлэхгүй талаар мэдэгдэж, зогсоосон. Олон улсын зах зээлээс нүүрсний цахилгаан станцад хөрөнгө оруулахгүй байгаа. Ингээд Бөөрөлжүүтийн цахилгаан станц баригдаж эхэлсэн ч хөрөнгөгүй болоод гацчихсан. Дотоод зах зээлээс босгосон 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад дамжуулан зээлдүүлсэн. Ингээд Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барихад дутагдаж байсан хөрөнгийг олгож, ажил нь хэвийн үргэлжилж байна. Аравдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Саяхан хотын дарга Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай нь танилцаад ирсэн. Ажил хэвийн явагдаж байгаа. Заасан хугацаандаа ашиглалтад орно гэдэгт итгэлтэй байна.
Үлдсэн 200 тэрбумын 150 тэрбумыг нь Нийслэлийн замын засварын ажилд зарцуулсан. Улаанбаатар хот нийт 1200 км авто замтай. Үүний 70 хувийг засаж байна. Замуудад 10-20 жил засвар хийгээгүй байсан. Зам засварын ажлыг дорвитой хийж байгаагүй. Өмнө нь хийгдэж байгаагүй том хэмжээний ажил учраас зам засварын компаниуд ачааллаа дийлэхгүй байна. Сүүлийн үед зам засах тендерт оролцдог компани ховордсон байна. Үүнээс болоод зам засварын ажил удааширч байна. Гэсэн ч бид хувийн хэвшлүүдтэй тохиролцоод, аль болох түргэн засахаар ажиллаж байна.
Бондын хөрөнгөөр хийж буй гурав дахь ажил бол 10 гаруй жил гацчихсан байсан Туул коллектор. Үүнд 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, ажлыг нь эхлүүлсэн. Туул коллектор бол Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол шугам барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ. Өнгөрсөн жилүүдийн улсын төсөвт тусгагдсан ч ажил нь гацаад, зогсонги байдалтай олон жил болсон.Цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах нь нэн тэргүүний ажил учир бондын хөрөнгөөс ”Туул коллектор”-ын ажлыг санхүүжүүлсэн. Эдгээр гурван асуудлыг шийдсэн. Том зургаар нь харвал нийслэл хот дотоодын хөрөнгийн зах зээлд харилцаанд орсноор бид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд суурь, хүүгийн түвшин гэдэг зүйлийг бий болгож байгаа юм. Үүнийг бий болгосноороо бас нэг давуу талтай.
-Дулааны шугамын засварын ажил хэзээ дуусах вэ?
-Дулааны шугамын ажил есдүгээр сар дуустал үргэлжилнэ. Нийслэлийн дулааны шугамуудад мөн 30, 40 жил дорвитой засвар хийгээгүй. Өвлөө аргацаах жижиг засварууд хийж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж ирсэн. Энэ жил бид дулааны шугам сүлжээнд томоохон ажлууд хийж байгаа. Түүний нэг нь хонгилын систем. Манай дээр байгаа бүх дулааны шугамууд шугамаа газар булчихсан байдаг. Шугамд ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд манайхан гэмтлээ олох гээд газраа ухдаг. Олсныхоо дараа тухайн хэсгээр гүйдэг халуун усаа хааж байгаад засдаг. Тийм ураас хотод хэсэгчилж халуун ус хаадаг. Хонгилын системтэй болсноор шугамд гарсан гэмтлийг олоход илүү амар, зам хааж шугам засахгүйгээр хонгил дотроо засна. Хонгилын системтэй болбол ойрын 20-30 жил халуун ус тасрахгүй.
Шинэ засгийн газар ирэх жилүүдэд хотын бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулна
-Хэд хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлж, замын ачаалал ихэснэ. Түгжрэлийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой түгжрэлийн эсрэг арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг баталсан. 30, 40 арга хэмжээний төлөвлөгөө гаргасан. Ер нь хотын автомашины тоо багтаамжаа аль хэдийнэ давчихсан. Нийслэлд нийтдээ 740 мянган автомашин бүртгэлтэй, замын хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс гадна орон нутгийн бүртгэлтэй машинууд замын хөдөлгөөнд оролцдог. Улаанбаатар хотын замын ачаалал хэд дахин давсан үзүүлэлттэй. Бид түгжрэлийн эсрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа хэдий ч төсөөлбөл, нэг өрөөнд 5 хүн суух ёстой байтал 20 гаруй хүн суучихвал хэчнээн хөдөлгөөнийг нь зохицуулах гэж хичээсэн ч багтаамжаа дийлэхгүй чихэлдэнэ. Цаашдаа олон нийттэй коммуникациа сайн хийж, зугуухан байдлаар арга хэмжээ авч ажиллана.
Шинээр байгуулагдсан Засгийн газар ирэх жилүүдэд хотын бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулна. Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. Нэлээд хэдэн том төслийг Нийслэл хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Туул голыг дагасан 35 км хурдны замтай болох ажлыг эхлүүлэх тендерийн зарлахаар бэлтгэж байна. Улаанбаатар хот бүтцийн хувьд их сонин. Баруун аймгаас зүүн аймаг руу, зүүн аймгаас баруун аймаг руу явж байгаа тээврийн хэрэгсэл хотын төвөөр дайрч явдаг. Мөн урдаас ирж байгаа ачаа эргэлт бүгд хотын төв рүү орж, логистикийн төвөөсөө задардаг. Энэ бүхэн хотын түгжрэлд их нөлөөлдөг. Туулын хурдны замыг хийснээр орон нутгийн ачаа эргэлтүүдийг шинэ замаар явуулна. Мөн хотын хоёр захад логистикийн центр барьж, ачаа эргэлтийн цэгийг байгуулна. Ингэснээр заавал хотын төв рүү том ачааны машинууд орохгүй байх нөхцөл бүрдэнэ.
Мөн Туулын голын замыг тойрог замтай болгох ажлыг эхлүүлэхээр бэлдэж байна. Нийслэлд бага тойруу, их тойруу гэх хоёрхон тойрог зам бий. Дэлхийн бусад хотууд тойрог замын системээр түгжрэлийн асуудлаа шийддэг. Улаанбаатар хотод гуравдагч тойрог замыг бий болгосноор баруун, зүүн, хойд, урд талаас байгаа хөдөлгөөнүүд тойрог замаар хөдөлгөөнд оролцож, бүгд төв рүүгээ чихэлдэхгүй болно гэсэн үг.
Францын хөнгөлөлттэй зээлээр олон жил яригдаж байгаа Дүүжин тээврийг Яармагаас энх тайвны өргөн чөлөө хүртэл холбоно. Нийслэл хэвтээ зам их байдаг ч, босоо замууд хоорондоо холбогдоогүй байдаг. Үүний шалтгаан нь нэгд, хотын дундуур урсаж байгаа голоо давсан гүүргүй, хоёрт, төмөр замаа давсан нүхэн гарц байхгүй. Хөндлөн хэд хэдэн торгон сүлжээ хийх замын зургууд, хийгдэж ажил нь явж байгаа. Хамгийн эхэнд ашиглалтад орох нь Яармагийн шинэ гүүр. Үерийн усанд автаад ажил нь нэг хэсэг зогсоод байсан ч өнгөрсөн долоо хоногт бүх гүйцэтгэгч компаниудтай ярилцаж, тохиролцсон. Ажил нь есдүгээр сарын 20-доор дуусна.
Нийслэл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль батлагдсантай холбоотой бид зах зээлд өөрөө өөрийгөө нөхөхүйц орлого олох боломжтой төслүүдийг хувийн хэвшилтэй хамтарч хийнэ. Нэг жишээ нь эмээлтийн аж үйлдвэрийн парк. Харгиа орчмын арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэнэ. Энэ ажил мөн л маш олон жил яригдсан. Хэлэлцээрээ хийчихсэн байгаа. Нийслэл хот дэд төвүүдийн зохион байгуулалтад орж хөгжих ёстой.
Нийслэл хотын дулааны шугам дулаанаа явуулахын тулд нэг төвлөрсөн станцаасаа шазар доогуур шугамууд татаад, орон сууцны блокуудтай холбодог системтэй. Дөрөвдүгээр цахилгаан станцаас маш олон шугам татаж дулаан дамжуулдаг. Зарим айлууд, ялангуяа өндөр газар усны шахалт нь хүрэхгүй өвөлдөө хүйтэн, паар нь хөлддөг. Дулааны шугамууд хол явахаар хүчин чадал нь буураад, өндөр газар шахаж чадахгүй байх зэрэг асуудал үүсдэг.
Нийслэл хот бараг сая 700, 800 мянган оршин суугчтай болчихсон тархмал, жижиг дулааны станцууд барина. Энэ мөн л олон жил яригдсан ч хэрэгжихгүй өнөөг хүрчихсэн ажил. Ямар ч байсан төлөвлөгөөгөө гаргасан. Одоо ажлыг нь хийнэ. Хамгийн түрүүнд “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалтаар эхэлнэ. Долоон буудал орчимд дулааны станц барьчихсан. Гэхдээ тэр хавиар гэр хороололтой учраас холбох барилга байгууламж байхгүй. Одоо тэнд бид 158 га газрын төлөвлөгөөг хийсэн. тэнд газрын чөлөөлөлтийг 76 хувьтай газар чөлөөлөлтийн ажлыг нь хийчихсэн байгаа. тэнд орон сууц бариад газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцанд оруулна. Энэ ажил есдүгээр сараас эхэлнэ. Натур орчим баахан орон сууцны блокууд чихчихсэн байдаг шиг маягаар хийхгүй. “20 минутын хот” концевцоор хийнэ. Хүний амьдарч буй орчинд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний цэг гээд бүх зүйл нь байхаар зохион байгуулна. Энэ нь сэтгэлгээний хувьд ч, хот тэлэхэд ч маш том өөрчлөлт болно. Удахгүй намрын бүтээн байгуулалт эхлээд ирэхээр нүдэнд харагдахуйц болно.