Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Судалгаа: Амьдралын хэв маягаа өөрчилснөөр хорт хавдраас 40 хүртэлх хувиар сэргийлнэ

Судалгаа: Амьдралын хэв маягаа өөрчилснөөр хорт хавдраас 40 хүртэлх хувиар сэргийлнэ
Нийтэлсэн 2024 оны 8 сарын 16
Тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх, илүүдэл жингүй  байх нь эрүүл мэндэд тустайг нотолсон олон судалгаа бий. Эдгээр нь насанд хүрэгчдийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх тэргүүлэх шалтгаан болж байгааг шинэ судалгаагаар тогтоожээ.
Энэ долоо хоногт нийтлэгдсэн Америкийн Хавдрын Нийгэмлэгээс гаргасан судалгаагаар 30 болон түүнээс дээш насны хүмүүсийн хорт хавдрын шинэ тохиолдлын 40, хорт хавдрын нас баралтын 44 хувь  нь тамхи татах, архи согтууруулах ундааны хэрэглээ зэрэгтэй холбоотой байна гэжээ. Хорт хавдар тусах эрсдэлийг тамхи татах, дам тамхидалт, архи уух, илүүдэл жинтэй байх зэрэг нь нэмэгдүүлдэг байна. Улаан мах, боловсруулсан махыг хэт их хэрэглэх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, эслэг, кальци багатай хоолны дэглэм нь хорт хавдар тусах магадлалыг мөн л нэмэгдүүлдэг аж.
Судалгаагаар 30 болон түүнээс дээш насны насанд хүрэгчдийн 1.8 сая орчим хорт хавдрын 40 хувь нь сэргийлэх боломжтой эрсдэлт хүчин зүйлстэй холбоотой гэж тооцоолжээ. Судалгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзсэн хорт хавдрыг дараах байдлаар ангилсан байна. 
  • Тамхи татах нь хорт хавдрын тохиолдлын 19.3 хувийг эзэлж байна.
  • Илүүдэл жин нь хорт хавдраар өвдөх эрсдлийг  7.6 хувиар нэмэгдүүлдэг байна.
  • Согтууруулах ундааны хэрэглээ нь хорт хавдраар өвдөх эрсдлийг  5.4 хувиар нэмэгдүүлдэг байна
  • Хэт ягаан туяа нь  хорт хавдрын тохиолдлын 4.6 хувийг үүсгэдэг байна.
 Урьдчилан сэргийлэх боломжтой хамгийн түгээмэл хорт хавдруудын тоонд уушгины болон арьсны меланома, бүдүүн гэдэсний хорт хавдар орсон байна. Америкийн Хавдрын Нийгэмлэгийн хорт хавдрын ялгааг судлах шинжлэх ухааны ахлах захирал Фарад Ислами “Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тамхины хэрэглээ мэдэгдэхүйц буурсан хэдий ч АНУ-д тамхинаас үүдэлтэй уушгины хорт хавдраар нас барсан хүмүүсийн тоо түгшүүр төрүүлж байна” гэжээ. 
Америкийн Хавдрын Нийгэмлэгийн ажилтнууд мөн гепатит В, хүний ​​хөхөнцөр вирус буюу ХПВ-ийн эсрэг вакцины ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Гепатит В нь элэгний хорт хавдар үүсгэдэг ба ХПВ нь умайн хүзүү, шулуун гэдсээр, бэлэг эрхтний хорт хавдар, ам, хоолойн хорт хавдар зэрэг олон төрлийн хорт хавдар үүсгэдэг.
Эх сурвалж: USatoday
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн