Дэлхийн шилдэг шатарчид ирэх сарын 10-нд Унгарын Будапешт хотод чуулах гэж байна. Энэ бол 45 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиад юм. Норвегийн алдарт шатарчин Магнус Карлсен, Хятадын Хоу Ифань, Америкийн Хикару Накамура, Энэтхэгийн Хомпу Конеру, Вишванатан Ананд, Нидерландын Аниш Гири тэргүүтэй цэнхэр гарагийн шилдгүүд оюун ухаанаа уралдуулахад ердөө 25 хоног үлджээ. Энэ удаагийн олимпиадад манай улсаас оролцох бүрэлдэхүүн ч тодорсон байна. Бүрэлдэхүүнийг танилцуулъя.
1. Олон улсын мастер Г.Амартүвшин
4. Олон улсын мастер М.Амилал
5. ФИДЕ мастер Э.Баасансүрэн
1. Их мастер Б.Мөнгөнтуул
2. Их мастер Д.Номин-Эрдэнэ
5. Кандитат мастер Б.Мөнгөнзул нар багтав.
Дээрх тамирчид нь насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эхний таван байрт шалгарсан юм. Баг тамирчдыг олон улсын мастер Д.Янжиндулам болон Д.Төрмөнх нар ахална. Монголын эрэгтэй баг дэлхийн чансаагаар 63, эмэгтэйчүүд 23 дугаарт эрэмбэлэгджээ. 45 дахь удаагийн шатрын олимпиад энэ сарын 10-нд нээлтийн ёслол, багийн ахлагч нарын уулзалтаар эхлэх бол 11-нд нэгдүгээр өргийн тоглолт болно. Харин 22-нд төгсгөлийн 11 дэх өрөг, хаалтын ёслол, шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулснаар өндөрлөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдийн ангилалд 186 баг оролцохоор мэдүүлэг өгчээ.
Монголын баг 2018 оны Дэлхийн шатрын олимпиадын эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг тавд шалгарсан байдаг. Мөн 2014 онд Монголын эмэгтэй баг “B“ категорид багийн дүнгээр тэргүүлж алт, 2018 онд эрэгтэй баг “C” категорид багийн дүнгээр мөнгөн медаль хүртсэн түүхтэй.
Түүнчлэн Дэлхийн шатрын олимпиадад багаараа 25 удаа оролцохдоо ширээний дүнгээр 1960 онд Л.Мягмарсүрэн алт, 1964, 1970 онд Т.Yйтүмэн мөнгө, 2000 онд З.Бямбаа хүрэл, 2002 онд З.Бямбаа мөнгө, 2004 онд Б.Хатанбаатар, Т.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж байжээ.
Түүхийн хуудас сөхвөл Монгол Улс анх удаа 1956 онд 12 дугаар олимпиад ОХУ-ын Москва хотод болоход оролцсон бөгөөд тухайн багийг С.Тойвгоо ахалж, Ц.Жүгдэр, Б.Жамсран, С.Мөөмөө, П.Төмөрбаатар, Д.Цэрэндагва, Н.Намжил нарын баг оролцон 34 багаас 30 дугаар байр эзэлж байжээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 27 дахь удаагаа дэлхийн шатарчдын олимпод оролцох гэж байна. Харин эмэгтэйчүүд 1963 онд Хорватын Сплит хотноо болсон олимпиадад олон улсын шүүгч Н.Намжил ахлагчтай ФИДЕ мастер Ж.Хулганаа, олон улсын мастер С.Хандсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг анх удаагаа оролцон 15 багаас 11 дүгээр байр эзэлсэн байдаг. Тэгвэл эмэгтэй шатарчид 21 дэх удаагаа олимпиадад оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
Манай улсаас их мастер Б.Хатанбаатар, олон улсын мастер Л.Мягмарсүрэн нар хамгийн олон буюу 10 удаа дэлхийн шатрын олимпиадад оролцжээ.
Харин 45 дахь удаагийн олимпиадад оролцох бүрэлдэхүүнээс их мастер Б.Мөнгөнтуул 10, Д.Номин-Эрдэнэ, Т.Мөнхзул нар тус бүр гурав, Кандитат мастер Б.Мөнгөнзул, олон улсын мастер Г.Амартүвшин нар хоёр дахь удаагаа өрсөлдөх гэж байна. Харин үлдсэн таван шатарчин анх удаа дэлхийн шилдгүүд чуулдаг олимпиадад өрсөлдөж, оюун ухаанаа уралдуулна.