Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өнөөдөр УИХ-д танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Монголчууд бид парламентын ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн Улсын Их Хурлын сонгуулийг сонгогчдын саналыг гээхгүй байх зарчимд суурилсан холимог тогтолцоогоор явуулж, хувь тэнцүүлсэн болон бүсчилсэн тойргоос сонгогдсон салбар салбарын дуу хоолой болсон 126 гишүүнтэйгээр анх удаа бүрдүүллээ.
Анх удаа таван намын төлөөлөл парламентад суудалтай болж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25 хувь болж, бүс нутгийн дундаж үзүүлэлтээс давлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид, экспертүүд, хилийн чанадад амьдарч буй иргэдийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад сонгогдсон нь улс төрийн соёлын хувьд шинэ 30 жилийг эхлүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэх шинэ хүлээлт нийгэмд үүсгэснийг судалгааны дүн харуулж байна.
Энэхүү нийгмийн хүлээлтийг хүндэтгэн Ерөнхий сайдын хувьд сонгуулийн холимог тогтолцоог хамтран шийдвэрлэсэн Ардчилсан нам, ХҮН намд Засгийн газрыг хамтарч байгуулах санал тавьж, бусад намын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандахыг эрмэлзлээ.
Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг
· Улсын эрх ашиг нэгдүгээрт,
·Улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт,
·Хувийн эрх ашиг эцэст нь байх тухай хэлсэн үгийг суурь зарчим болгож,
“ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг гурван нам байгуулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
Энэхүү хөтөлбөр бүхэлдээ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, намуудын мөрийн хөтөлбөрт туссан онцлог заалтуудыг нэгтгэж, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, олон жил улс төржин гацсан төслүүдийн зангилааг тайлахад чиглэгдсэн гэж үзэж болно.
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь орчимд хадгалагдах төлөвтэй байна. Харин манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 2023 онд 5.1 хувиар өссөн бол 2024 онд 4.8 хувь болон саарсан байна. Монгол Улсын хувьд эдийн засаг дунджаар 5-8 орчим хувийн өсөлттэй байж чадвал бид энэхүү хөтөлбөрийг хамтын хүчээр бүрэн хэрэгжүүлэх боломжтой.
Олон улсын судлаачид геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй худалдааны дайн, санхүүгийн хориг арга хэмжээ, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл зэрэг дээрх төсөөлөл өөрчлөгдөж болох эрсдэлийг урьдчилан анхааруулсаар байгааг мартаж болохгүй ээ.
Мөн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөр аж үйлдвэрийн тавдугаар хувьсгалын хэмжээнд өрнөж хүн төрөлхтний амьдралын хэв маягийг асар хурдтай өөрчилж буй хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн үетэй давхцаж байгаа нь ихээхэн онцлогтой байна. Нэг үгээр хэлбэл, бидний төсөөллөөс давсан эерэг болон сөрөг нөлөөлөл хэрхэн манай бүс нутаг, улс орны нийгэм эдийн засгийн амьдралд нөлөөлөхийг таамаглах нь томоохон сорилт бас боломж юм.
Уурын хөдөлгүүр үүсэж, хүнд даацын ачаа барааг хурдтай зөөх, гар ажиллагааг орлох механикжсан технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаас, дотоод шаталтын хөдөлгүүр нэвтэрч, авто машин, нисэх онгоц, эрчим хүч хэрэглээнд нэвтэрч, масс үйлдвэрлэл хөгжсөн аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгал хүртэл дунджаар 100 гаруй жилийн хугацаа зарцуулсан бол тооцоолон бодох электрон машин буюу компьютер, тоон технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалаас интернэтийн сүлжээ, ухаалаг технологид шилжсэн дөрөвдүгээр хувьсгал хүртэл ердөө 30 орчим жилийн хугацаа зарцуулсан байдаг.
Шинжлэх ухаан, технологийн хурдтай хөгжил, AI хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн цаг хугацаа үүнээс хэд дахин хурдтай өрнөж, аж үйлдвэрийн тавдугаар, цаашлаад зургаадугаар хувьсгалтай золгуулахад бид бэлэн байх учиртай.
Мөн манай улсын гол экспортын бүтээгдэхүүн болсон нүүрсний ашиглалтын цаг хугацаа дуусахад 10 хүрэхгүй жил үлдэж байгаа тул бид эдийн засгийн төрөлжилтийн зоригтой алхмуудыг амжиж хийх ёстой. Тийм ч учраас хөгжлийг хөөж биш харин угтаж түрүүлэхийн төлөө Засгийн газраас дөрвөн жилд, дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл, дөрвөн зорилготой, нийт 577 багц үйл ажиллагаатай хөтөлбөрийг танилцуулж байна.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардагдана. Улсын төсвийн эх үүсвэрээс энэ дүнгийн дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой. Тийм ч учраас энэ хөтөлбөрийн суурь үзэл санаа нь улсын төсвийн хөрөнгийг үржүүлэхийн хүрд болгон ашиглах, хувийн хэвшлийг урамшуулан идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын эрхзүйн орчноо олон улсын түвшинд хүргэн сайжруулахад чиглэгдэн боловсруулагдсан гэж үзэж болно.
Шинжлэх ухаан, технологи, боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн нийцэл, олон улсын экспертүүдтэй хамтран ажиллах чадавх бүхий хүний нөөцийг цаг алдалгүй бүрдүүлж, их өгөгдөлд тулгуурласан бодлого, төлөвлөлт, хурдтай шийдвэр гаргалт, ногоон технологийн дэвшилтэт шилжилтийг уул уурхай, эрчим хүч, тээвэр логистик, хот байгуулалт, барилгын салбарт хийснээр бид энэхүү хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн реформын цогц асуудлыг тусгалаа. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь 700 га-д төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрөл задарч, нийслэлийн түгжрэлийн суурь зангилаа тайлагдах болно.
Засгийн газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод уялдуулж, нийгмийн бүхий л үйлчилгээг 20 минутын дотор авах хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлтийн цогц шийдэл бүхий “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-г боловсруулж, Улсын Их Хуралд энэ ондоо багтааж өргөн барина.
Олон жил ужгирсан нийслэлийн асуудлыг хурдтай шийдвэрлэхэд зориг хэрэгтэй. Мөн өмнөх 30 жилд нийслэлд зарцуулсан хөрөнгө оруулалтыг ирэх гурван жилд гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Нийслэлийн төвөөс Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал хүртэл 20 минутын дотор очдог байх шаардлагатай. Ингэхийн тулд хотын төвөөс Хүрхрээгийн ам хүртэл “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр барьж, Хүрхрээгийн амнаас нисэх буудал руу шууд очих Хөшигийн хөндийн хос урсгалын туннел байгуулахаар энэхүү хөтөлбөрт тусгалаа. Улаанбаатар хотын замуудыг хооронд нь холбох “Шинэ тойрог авто зам”-ын төслийг хэрэгжүүлнэ.
Энэ бүтээн байгуулалтыг Туул хурдны замаар эхлүүлэх болно. Богдхан уулыг тойрч Тэрэлж, Налайх, Майдар хот, Зуун мод хот, Хөшигийн хөндий, Аргалант-Эмээлт хот, Жаргалант, Рашаант хотыг холбосон “Шинэ их Тойруу” хурдны авто зам эсвэл хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зардлыг төсвийн тодотголд тусгасан болно. Нийслэлээс санаачилсан Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км “Метроны нэгдүгээр шугам”-ыг ашиглатад оруулах төслийг Засгийн газар дэмжин ажиллаж бодит ажил болгох болно.
Нийслэл Улаанбаатар хотыг Төвийн бүс нутагт Хөшигийн хөндийгөөр дамжуулан тэлж, улсын төв цэгт байрлах эртний нийслэл Хархорум хотыг сэргээн босгох ажлыг зохион байгуулах болно.
Үндэсний баялгийн сангаар дамжуулан үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан эрчимжүүлэх болно. Энэхүү шинэ суурьшлын их бүтээн байгуулалтыг манлайлж, хувийн хэвшлийг хөгжүүлэхийн тулд Засгийн газрын байгууллагуудыг бүсчлэн байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулах болно.
Нийслэлийн хэт төвлөрлийн үндсэн шийдэл бол улс орон бүсчлэн хөгжих гэдэг нь ойлгомжтой. Улсын Их Хурлын сонгуулийг анх удаа бүсчилсэн тойргоор зохион байгуулсан нь ч үүнтэй холбоотой. Саяхан Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж энэхүү хөтөлбөрт тусгах санал солилцоход ярьж буй асуудлуудын цар хүрээ өмнөх жилүүдээс үлэмж хэмжээнд томорсон нь ажиглагдсан. Улсын төсвийг орон нутгийн нэгж бүхэнд тэгшитгэн хуваах улс төрийн соёл хаагдаж, бүс нутгууд бие даан хөгжих эдийн засгийн боломжоо бүрдэх сэтгэлгээний хөрс тавигдсанд Ерөнхий сайдын хувьд ихээхэн талархалтай байна.
Засгийн газраас Бүс бүрийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд төрөлжсөн болон дэд тэргүүлэх чиглэлтэй байхаар энэхүү хөтөлбөрт тусгалаа. Ингэж төрөлжүүлэхгүй бол хөрөнгө оруулалт тарамдаж, бодит үр дүн гарахгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа! Тиймээс ч бид мөн л хурдтай хөгжлийн төлөө зориг гаргах учиртай.
·Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс”,
·Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,
·Хойд бүсийг “Байгалийн аялалын жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”,
·Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс”,
·Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”,
·Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болгон хөгжүүлэх нь тохиромжтой гэж үзэж байна.
Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийн дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болно. Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангах, өмнөх ТЭЗҮ-г шинэчлэх, зураг төсөв, судалгааны ажлыг эхлүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг энэхүү тодотголд тусгасан болно. Бид намар, өвөлдөө амжин боловсруулж, ирэх хавар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байхын төлөө цаг хугацаатай уралдан ажиллах учиртай.